Өнөөдөр Монголын сагсанбөмбөгийн холбооноос хэвлэлийн хурал хийлээ. Тус хуралд МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба нарын хүмүүс оролцсон юм.
Дээрхи хүмүүс “МСБХ-ны өмнөх ерөнхийлөгч Б.Тамир хуучин нэр, тамга, тэмдгийг одоо хүртэл ашиглаж байгаа бөгөөд үүнээс болж холбоон дотор зөрчил үүссэн хэвээр байгаа” гэдгийг онцоллоо.
Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү 2017 оны нэгдүгээр сарын 18-нд Монголын сагсан бөмбөгийн холбооны Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон А/47 тушаал гаргажээ. Улмаар Монгол Улсын гурван шатны Шүүхээр хэлэлцсэн эцсийн шийдвэрийг Монгол Улсын дээд шүүх тогтоолоо гарган шийдвэрлэж, МСБХ-ны хууль ёсны ерөнхийлөгч нь Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба гэдгийг дахин нотолсныг тэд танилцууллаа.
Энэхүү шийдвэрээр МСБХ-ны хууль ёсны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал гэдгийг нотлосон байна. Тэд “сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залууст МСБХ-ны удирдлагын талаарх буруу ойлголтууд ийнхүү Дээд шүүхийн шийдвэрээ эцэс болж, хууль биелүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас шаардаж байна” гэв.
Энэ үеэр МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал “Шүүхийн маргаан үүссэн учир бид бүрэн үйл ажиллагаа явуулж болохгүй болсон. Тэмцээн уралдаан зохиох гэж ивээн тэтгэгчтэй уулзахаар танай холбооны ерөнхийлөгч Б.Тамир юм биш үү гэх мэт зохистой ажил явуулахад ямар ч боломжгүй байсан. Бид 3-4 жил цагдаа шүүхээр явалгүй тэсч хүлээн эцсийн шийдвэр гартал явсан. Өнөөдөр эцсийн байдлаар энэхүү маргаан төгсгөл болж байна. Өнөөдрийн байдлаар МСБХ гэдэг нэг холбоо байна. Түүний ерөнхийлөгчөөр Ц.Цэвэрбал, Нарийн бичиг нь дарга нь Б.Дамба юм.
Энэ маргаанаас үүдэн Монголын сагсан бөмбөгийн холбооны нэр, хүчингүй болсон хуурамч тамгыг ашиглан өөрийгөө МСБХ-ын ерөнхийлөгч гэж мэдэгдэж буй Б.Тамир гэх хүн хууль бус үйл ажиллагаа явуулсаар дөрвөн жил боллоо. Мөн БТСГ-ын дарга Ц.Шаравжамц Б.Тамиртай нийлж, хууль бус тамга ашиглан, үйл ажиллагаа явуулж байгааг зогсоох хэрэгтэй. Энэ байдлаас үүдэж сагсан бөмбөгийн шигшээ баг нэрийн дор тамирчдыг цалинжуулах, бэлтгэл сургуулилт хийх зардал гаргах, гадны хөрөнгө оруулалтыг хууль бус холбоогоор дамжуулан тараахаас гадна хууль бус холбоонд Спортын төв ордныг ашиглуулж байна. Иймээс МСБХ-ны хууль ёсны удирдлагууд болох Ц.Цэвэрбал, Б.Дамба нар тамирчдын эрх ашгийг хамгаалан Үндэсний дээд лигийн тоглолтыг Спортын төв ордонд тоглуулах, хууль бус этгээдүүдтэй хамтран хийж буй ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд Ц.Цогзолмаа нараас хүсч байна. Сагсан бөмбөгийн спортод үүсээд байгаа хагарал, хуваагдал, хямралыг зогсоохыг бид хүлээж байна” гэв.
Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та бүхэн МСБХ-ны банкыг шалгаж үзсэн үү? Энэ тал дээр ямар нэг асуудал байсан уу?
-Энэ асуудал дээр бид болгоомжтой хандсан. Худалдаа хөгжлийн банкин дээр данс байдаг юм билээ. Тэр дансны үйл ажиллагаа хаалгасан байгаа. Бидэнд банк ямар нэг мэдээлэл өгөхгүй. Тэр дансанд бид нар ямар ч хамааралгүй, халдах эрх байхгүй. Шүүхийн эцсийн шийдвэр гартал бид ямар ч данс нээгээгүй.
-МСБХ нь хэр төсөвтэй байгууллага вэ. Хөндлөнгөөс харахад ямар нэг улс төрийн хүчин зүйл нөлөөлж байна гэсэн хардлага байна?
-Тийм хардлага байсан. Одоо ч байгаа байх. 90-ээд онд ганц сагсанбөмбөг биш Монголын ихэнхи салбар нуран унасан. Тэгээд бид цаг үетэйгээ хөл нийлүүлж лиг гэх тэмцээн хийе гэж шийдсэн. Тэгээд 10 жил үйл ажиллагаа нь тогтмол явсан. Аливаа нэгэн юм элэгддэг хуучирдаг. Цаг үеэсээ хоцордог. Өөрчлөлт шинэчлэл хийх үеээ алдаад 20 орчим жил боллоо. Томоор бодоход Америкт хүртэл иймэрхүү зүйл болсон. Хуваагддаг задрах зүйл бий. Хамгийн гол нь нэгдэх хэрэгтэй.
Б.АМАРТҮВШИН