УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийв. Тус бүлэг эхлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд уг хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн парламент хэлэлцэх эрхгүй гэж үзжээ. Учир нь нэг намын эрх ашгийг хангасан хэмээн үзэж ийм байр суурьт хүрсэн байна. Мөн Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцээд боловсруулалтын хувьд учир дутагдалтай, яаралтай байдлаар хэлэлцэх нь зохимжгүй гэж үзжээ. Үүний дараад БОАЖЯ-ны Био аюулгүй байдлыг хангах үндэсний хорооны мэдээллийг сонссон байна. Манай улс био аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөргүй байгааг гишүүд буруушаагаад БОАЖЯ, ЭМЯ, ХХААХҮЯ энэ асуудалд анхаарах хэрэгтэй хэмээн үзжээ.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярихдаа: “Ардчилсан нам 60 тэрбум төгрөгийн хуйвалдаанаар гарч ирсэн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрхгүй гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг онцгойлон авч үзэх ёстой. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг намрын чуулганаар багтаан батлахаар оруулж ирж байна. Сүүлийн үед төсвийн зардалтай холбоотой асуудал яригдах боллоо. Нөгөө төсвийн хяналт нь хаана байна. Үүнийг зайлшгүй хянах шаардлагатай боллоо. Тиймээс төсвийн хуулийг сайжруулах шаардлага үүсч байна. Манай бүлэг энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.Засгийн газрын өнөөдөр 100 хоногийн тайлангаа тавилаа. Ард иргэдийн бухимдал их байгаа. Татварын асуудлаар тавьсан манай шаардлагын хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Татвар тогтоосон нь алдаа болж хувирч байна. Засгийн газрын бодлогогүй, болчимгүй шийдвэрийн эцсийн дүнд ард иргэд хохирч байна.Ерөнхий сайд “Эдийн засаг сэхээнээс гарч, энгийн тасагт шилжлээ” гэж байсан. Тэгвэл ард түмэн хэзээ сэхээнээс гарч, энгийн тасагт шилжих вэ? гэдэг асуудлыг Ардчилсан нам үргэлж шаардах болно.Амлалтаас амлалт руу шилжсэн, ард түмэн амлалтад алгадуулсан 100 хоног болж өнгөрлөө. Эдийн засгийн өсөлт нь ард түмэнд бодитой туссан байх ёстой. Гэтэл Засгийн газар бодлогогүй алхам хийж байна” гэв.