Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнхбаатар: Бид багш бэлтгэж буй тогтолцоогоо сайжруулах шаардлагатай

Гэрэл зургийг Г.Базаррагчаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн түүхийн багш Ардын боловсролын тэргүүний ажилтан Д. Мөнхбаатартай уулзаж ярилцлаа.


-Та хэд дэх жилдээ багшилж байгаа вэ?

-Багшаар ажиллаад арваад жил болж байна. Энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд л ажилласан. Одоогоор “Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллагын менежерээр ажиллаж байгаа.

-Түүхийн хичээл Ерөнхий боловсролын сургуульд хангалттай цагаар орж байна уу. Сурагчид хангалттай мэдлэг авч чаддаг болов уу?

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Монголын түүхийн хичээлийг долоо хоногт ердөө нэг цаг үздэг болгосон. Энэ бол эх түүхээ үгүйсгэсэн үйлдэл болж байна л даа. Манайх шиг аугаа түүхтэй оронд байж болохгүй үйлдэл. Гадны хөгжилтэй орнууд өөрсдийн түүхээ улам бүр нарийн, заавал судлах ёстой хичээл гэж үзэн оруулдаг. Гэтэл манайд хасчихлаа. Хүүхдүүд түүхээ мэдэхийг төдийлөн хүсэхгүй болсон энэ үед заавал үзэх хичээлийн жагсаалтаас хасч, ерөнхий сонгож суралцах хичээлийн жагсаалтад оруулахаар улам л судлахгүй болно гэсэн үг. АНУ-д гэхэд түүхийг 300 гаруй хүрээлэн чиглэл чиглэлээр нарийн судалж байна.

-Багшийн цалин хангалтгүй байдгаас шалтгаалж энэ мэргэжлийг сонгон суралцах залуусын тоо цөөрсөн үү?

-Яг ийм асуудал тулгарч байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтад хангалтгүй оноо авсан, хичээлдээ тааруу оюутнууд Монгол Улсын боловсролын Их сургуульд элсэн орох нь олон. Би Боловсролын их сургуулийг сургалт муутай гэж хэлж байгаа юм биш. Хамгийн гол нь сурлага муутай, багш болох чин хүсэл эрмэлзэлгүй оюутан элсэх болж. Энэ нь амьдрал дээр багш мэргэжлийн нэр хүндийг унагаж байна л гэж хэлж байна.Чадвартай, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд энэ мэргэжлийг сонгоход цалин муу учраас хүндрэлтэй байна л даа. Ирээдүй үеийг сурган хүмүүжүүлж буй хүмүүс маань мэргэжлийн чадваргүйгээс шалтгаалж хүүхдүүдэд шаардлагатай боловсрол олгож чадахгүй байна.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад төгсөгчдийн дийлэнх нь хангалтгүй дүн үзүүлж байгаа. Энэ багш нарын заах арга барил, ур чадвартай холбоотой юу?

-Нэг талаараа холбоотой л доо. Сүүлийн үеийн залуу багш нар өөрийн анхааралгүйгээс болоод сул боловсрол эзэмшсэн нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж байна. Бид багш бэлтгэдэг тогтолцоогоо чанаржуулах шаардлагатай байгаа. Ахмад багш нарын туршлагыг залуу багш нарт өвлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байна. Төгсөөд гарахад ажын байр нь бэлэн, цалин өндөртэй байхад сургууль руу шилдэг залуусын давалгаа чиглэнэ шүү дээ.

-Багш мэргэжил цалин хангамж бага учраас зөвхөн зорьсон хүмүүс л сонгоод байна уу даа?

-Тийм ээ. Нэг бол бүр зорьж багш болж байна. Нөгөө хэсэг нь дээд сургууль олдохгүй явж байсан нөхдүүд аргагүй эрхэнд энэ мэргэжлийг сонгон суралцаж байна. Ийм багш нар ажил дээр гараад ур чадвар нь гологддог. Мөн хувийн олон дээд сургуулиуд багш гэсэн мэргэжлээр чанаргүй боловсон хүчин бэлтгэж байгаа. Эд нар маань Элсэлтийн өрөнхий шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн хүүхдүүдийг авчихдаг. Оюутнуудаа хангалттай хэмжээнд боловсруулж ажлын байранд гаргаж чаддаггүй. Энэ ганц Монгол Улсын боловсролын их сургуулийн асуудал бол биш.

-Чанартай багш нар бэлтгэгдэж гарлаа гэхэд ажлын байр хангалттай байдаг уу?

-Хангалттай гэж хэлэхэд хэцүү л дээ. Өнөөдөр салбар бүрт шахуу яригддаг ар өврийн хаалганы асуудал байдаг. Гэхдээ бэлтгэгдэж гарч буй бүх багш нарыг ур чадваргүй гэж хамаатуулж болохгүй. Энэ мэргэжлийн төлөө өөрийн зүрх сэтгэлээ зориулж хичээл зүтгэл гаргаад явж байгаа олон хүн байдаг.

-Багш нарын эрх ашгийг хамгаалах байгууллага ажлаа хийхгүй байна гэж үзэж болох уу?

-Багшийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Боловсролын үйлдвэрчний эвлэл гэдэг газар үүргээ гүйцэтгэж тэдний дуу хоолой болж явсан бол өнөөдөр багш нар цалингаа нэмүүлэхийн төлөө шаардлага хүргүүлнэ гэж тэмцээд явах хэрэг байхгүй шүү дээ. Багшийн ажлын байранд хөдөлмөрийн хууль зөрчигдөж байна уу, нийгмийн асуудлаар яаж дэмжих ёстой вэ гэх мэт асуудлуудыг төрд хүргэж байх ёстой газар л даа. Багш нарын эрх ашгийг дэмжсэн бодлого шийдвэр гаргуулахад шахаж байх ёстой байгууллага маань өнөөдөр Засгийн газрын нэг бүтэц болчихсон юм шиг л ажиллаж байна.

-“Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллага багш нарын эрх ашгийг хамгаалахын төлөө яаж ажиллаж байна.

-Монголын багш нарын нэгдэл төрийн бус байгууллага нь нийт багш нарын эрх ашгийг хамгаалах, цалинг нь нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан байгууллага. Манай төрийн бус байгууллагын дэргэд шинэ цалин нэмэгдүүлх байнгын хороо, ахмад багш нарын эрх ашгийг хамгаалах хороо, үйлдвэрчний эвлэлийг шинэчлэх хороо зэрэг хороод байгуулагдан ажиллаж багшид тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд тэтгэврийн насыг нэмэх шийдвэр гараад явж байна. Үүнийг эсэргүүцэж манай багш нар багшийн тэтгэврийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 байх ёстой гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болж байна. Энэн дээр ахмад багш нарын эрх ашгийг хамгаалж, тэтгэврийн зөрүүг багасгах асуудлыг хүргүүлж байгаа. Өнөөдөр 2010 онд тэтгэвэрт гарсан багш 270 мянган төгрөгийн тэтгэвэр авч байхад 2017 онд тэтгэвэрт гарсан багш 550 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байх жишээтэй. Үүнийг арилгаж инфляци нэг хувиар өсөхөд багшийн тэтгэвэр дагаад 1.5 хувиар өсдөг баймаар байна. Ахмад туршлагатай багш нараар зөвлөх багш хийлгэдэг баймаар байна. Энэ нь залуу багш нарт туршлага суулгах сайн талтай. Дээрээс нь хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх зэрэг байгууллагуудад ахмад багш нарыг ажиллуулмаар байна. Эдгээр газруудад мэргэжлийн бус хүмүүс ажилласнаар нийгэмд зүй бус үзэгдлүүдийг бий болгодог.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *