Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэнгийн хамт. 1979 он. Хонгорын элс
Монголын Зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд”-ийн шагналт зохиолч, яруу найрагч Заяатын Ядмаатай уулзаж хөөрөлдлөө.
-Пүрэвдорж найрагчийн талаар хөөрөх зүйл ихтэй л хүн юм аа, та?
-Би багшийгаа монгол яруу найргийн Их хаадын нэг мөнөөс мөн гэж боддог. 2006 онд байна уу даа, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар багштаны байр орчмын гараашуудыг ачихыг нь ачиж, буулгахыг нь буулгаж эхэлж. Багш даргын өрөөнд заларч номоо бэлэглэх завсраа нэгэн зурвас атгуулсан байгаа юм. Тэр зурваст “Үхсэн хойноо би Алтан-Өлгийгөөс газар гуйхгүй. Амьддаа би алгын чинээ газраа хэнд ч өгөхгүй ээ. Эрлэгийн элч над руу ирж яваа. Эрхэм дарга та хүлцэж хайрла. Зургадугаар хорооны зуурдын иргэн Пүрэвдорж” гэж. Үүнийг уншсан дарга машиных нь гараашийг буулгалгүй үлдээсэн гэдэг сэн. Нэгэнтээ хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын найранд уригдахдаа номоо хадагтай өргөхдөө “Халхын хавтгай дээр
Хаа сайгүй бэлчиж яваа
Хариулга байхгүй
Халзан цагаан хоньдоос нэгийг аваарай” гэхэд найрынхан хөхрөлдөж тэндээс нэг нөхөр “Арвайхээрийн хөгшин хулгайч залуу хулгайчдаа юм зааж өгч байхыг нь хараач” гэж улам хөгжилдсөн гэдэг. Багштаныг мэнд ахуйд “Тэнгэрлиг найрагч” хэмээх томоохон номыг ганцхан сарын дотор бэлдэн хэвлэж Д.Төрбат, Х.Зандраабайдий гурвуул дээжийг нь гэрт нь хүргэж өглөө. Багштан үүнд ёстой нэг гайхах, баярлах хоёр зэрэгцэж билээ.
-Зохиолч С.Дашдооров гуай та хоёр чинь яах аргагүй нэг довны хоёр доо?
-Тэр их аваргын нэрийг сонсох тоолон Дэлгэрхангай хэмээх жижигхэн мөртлөө том хөх хайрхны дүр зураг нүднээ тодорч судаг жалгынх нь цэцэг ногоо үнэртэх мэт болж нутаг минь санагддаг. Дооров Зохиолчдын хороонд ажиллаж байхдаа умгар жижиг өрөөндөө олон зохиолч шавуулчихсан гэргий Итгэлийнхээ Англиас авчирч өгсөн гоёмсог модон гаансанд “Нептун” тамхи нэрсэн шиг инээд наргиа цалгиулж суух нь бас л энгийн бөгөөд их том харагддаг сан. Дооров хүнийг шоолох наргих гэж ёстой нохойтож өгнө.Тэр нь бараг л өөрийнх нь хообий гэхэд хилсдэхгүй.
-За, яаж нохойтохов?
-Өө, тэр чинь хуван шигтгээ гэмээр жижигхэн шар шүд гарган ёжтой нь аргагүй хүд хүд инээн “Инхүүлээд, тэнхүүлээд, юу яагаад” гэсэн сул үгийг бараг үг болгоныхоо завсар чигжээлж ярихдаа их гаажтай. Би түүнтэй нэг нутаг ус гэж бахархахын чацуу зүйдэл таарахгүй ч суудал таарч явсан минь олонтаа. Яруу найрагч П.Бадарч армийн яруу найргийн тэргүүн шагнал сэлмээр шагнуулаад Дооров, Долгорын Нямаа бид гурвыг гэртээ урилаа. Сэлэмний найр ч оройтож тарлаа. Маргааш нь хар өглөөгүүр Дооров утасдаад “Та хоёрын өчигдрийн явдлын тухай цаагуур чинь нэг иймэрхүү юм гарсан байна” гээд
“Нямаа, Ядмаа хоёр
Айлд уригдахаар болжээ
Айлд уригдаж очоод
Архи уухаар болжээ
Нямбай зантай Нямаа
Яанаа гэж сүрджээ
Ня-Бо албатай Ядмаа
Яадгийм гээд дайрчээ
Уусаар байгаад Нямаа
Суудал дээрээ унтжээ
Туусаар байгаад Ядмаа
Сууц өргөөндөө харьжээ” гэсэн байна гээд хэг хэг инээж байгаа юм. Айлд адилхан уригдаж архи уучихаад мөн ч амжуулдаг толгой шүү. Бас нэг удаа нэг зохиолчтой утсаар ярьсан байгаа юм.
-Бас л нохойтож уу?
-Баян-Өлгийгөөс ирсэн тэр байна гэж хасаг аялгуугаар ярихдаа “Таны зохиол манайд казах хэлээр гарлаа. Та Зохиолчдын хороон дээр ирж шагналаа аваарай” гэж ярьсан байгаа юм. Нөгөөх нь яарч ирээд хасаг зохиолч хайгаад байдаг. Золигийнх нь хасаг зохиолч байхав дээ. Манай П.Бадарч гэнэндүү зангаасаа болж Дооровтоо хоёр сайн чадуулснаа хуучилдаг сан.
-Хоёр удаа яаж чадуулсан юм бол?
-Бадарч нэг өдөр Зохиолчдын хорооны цайны газар ортол Дооров, Д.Нямаа, Д.Төрбат нар нэг монхойсон нөхөртэй хооллож байх юм гэнэ. Дооров Бадарчид хандан “Чи энэ хүнтэй танилц. Буриадын Зохиолчдын хорооны орлогч дарга Борис Хянганов гэдэг хүн. Албан тушаалын хувьд ч чиний л зиндааны хүн юм байна” гэж дээ. Нөгөө хүн нь нэг их юм ярихгүй юм гэнэ. Бадарч ч үнэмшиж гайгүй хэдэн төгрөгөөрөө дайлж, маргааш нь Хянгановыг өрөөндөө хүлээж авахаар тохироод л сүйд болж. Өглөө нь Бадарч жигтэйхэн гочихсон хүн “Гадаадын хүн хүлээж авна” гээд лонх юм бэлдээд, чихэр жимс болоод бөөн л хөл болохгүй юу. Тэгтэл Дооров ороод ирж. Нөгөө нөхөр ирдэггүй шүү гэтэл Дооров нэг муу инээмсэглэхчээ аядаад “Юуных нь Буриадын Зохиолчдын орлогч дарга байхав дээ, Бадарч минь. Завханых ч гэл үү, жолооч нөхөр байхгүй юу” гээд “За тэр яахав. Дотор муу байна. Наадахаа задал задал” гэсэн гэж байгаа.
Ардын уран зохиолч Д.Цоодолын хамт. 2013 он
-Саяхан Зохиолчдын эвлэлийн баярын өдөр Санжийн Пүрэв баавай минь бурхан болж дэндүү их харамслыг нөхдөдөө үлдээлээ шүү?
-Хэлээд яах вэ хө. Хасбаатарын Мэргэн дүүг бурхан болоход их харамсаж очиж яваад тийм юм болж. Хоёулаа л хороонд ажиллаж байсан улс. Боодгийн чулуу шиг гялалзсан бор залуутай жараад оны сүүлээр Даланзадгадад танилцсан минь Санжийн Пүрэв байсан. Бичгийн цаасыг дундуур нь хувааж дэвтэрлээд гаргацтай сайхан бичгээр бүтээлээ туурвиж суухыг нь олонтаа харж байлаа. Пүрэв бидний хувьд нөхдөө шоолж наргихдаа үзэл нийлж, үг нийтгэж байсныг алийг хэлж барахав. Залуудаа хөлбөмбөгийн бөөн хорхойтон төдийгүй улсын нэгдүгээр зэргийн тамирчин байсан хүн шүү. Мань эр зохиолчийнхоо зэрэгцээ мундаг гэрэл зурагчин шүү дээ. Зохиолчдын зургийн бүхэл бүтэн архивтай болсон байсан. Муу нөхөр минь хүнийг шоолж егөөдөхдөө мөн ч уран шооч хүн дээ. Пүрэвийнхээр зохиолч Урианхай, Ч.Нацагдорж хоёр айл саахалт явдаг хоньчин байх юм гэнэ. Нэг өдөр хонио нийлүүлчихэж. Урианхай нь “Найз аа, хонио ялгах гээд төвөг удаад яах вэ хө. Дундуур нь адилхан хуваагаад авчихъя” гэхэд Нацагдорж “Тэгж ярихгүй шүү, нөхөр минь” гэснээ өөрийнхөө хонийг нэг бүрчлэн тэмдэглэсэн өнгөт гэрэл зураг гаргаад ирсэн гэнэ гээд наргиа ярина. Энэ хоёр зохиолчийн араншинг яг л нүдэнд харагдтал шоолсон байдаг юм. Санжийн Пүрэвийг нэг зохиолчтой хамт Зохиолчдын хороо руу орж иртэл зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн дээд өрөөний нэгэнд “Ээ, новш оо” гэх сонстов гэнэ. Нөгөө зохиолч “Энэ юу болж байна” гэтэл “Пүрэвсүрэн маань шатар тоглоод нэг бод алдах шиг боллоо” гэжээ. Хоёр давхарт гараад иртэл Пүрэвсүрэн дахиад л “Ээ новш оо” гэж гэнэ. “За энэ яаж байгаа юм бол” гэтэл Пүрэв “Яах вэ, цаадах чинь дахиад нэг бод алдлаа” гэж. Гурван давхарт гараад иртэл Пүрэвсүрэн улам чанга уулга алдаж. “Энэ юу болов” гэтэл Пүрэв “Яах вэ, Пүрэвсүрэн маань хожигдчих шиг боллоо” гээд инээсэн байгаа юм. Найз маань сүүлийн үед энэ цахим хуудсаар утга, уянгын сайхан ухааралтай зүйлсээ тавьсаар, олон ч хүнд баяр жаргалтай гэгээн сайхныг бэлэглэсээр буцлаа даа.
-Та Монголын зохиолчдын хороонд олон жил нягтлангаар ажилласан биз?
-Монголын зохиолчдын хороонд гучин таван жил ажилласан, Монгол Улсад дөчин таван жил дөчин таван хоног ажилласан гэж ам цаасанд барлуулж, албан тамгаар баталгаажуулсан байх юм. Шүлэг голдуу арван ном хэвлүүлж, тоо голдуу зуун мянган баримт шалгуулсан хүн дээ. Яахав, буруу амаар хов зөөсөнгүй, булхайн замаар мөнгө тээсэнгүй. Шударга байлаа гээд хожсонгүй, шуналгүй байлаа гээд хохирсонгүй шив дээ. Олны нүдэнд танигдах гэж түмний урдуур гүйсэнгүй. Оноосон үүргээс бултаж хүний хойгуур суусангүй дээ. Далаад оны үед Зохиолчдын хороонд хамгийн залуу нь би байсан болохоор баярын үеэр хариуцлагатай жижүүрт Ядам, байшингаа туг лоозонгоор чимэглэхэд Ядам, баярын жагсаалд туг далбаа барихад Ядам, хог цэвэрлэж ачуулахад Ядам байлаа. Хүний бага нь юм чинь гүйх юманд гүйлгүй яахав. Харин би ам бардам хэлэхэд нэг ч зохиолчийн архинд гүйж байсан удаа ганц ч байдаггүй юм. Наяад онд Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн Н.Энхбаяр, Х.Мэргэн, Б.Нарантуяа, Л.Нарангэрэл нар хороонд ажиллах болсноор ойр зуурын ажилд дайчлагдах нь гайгүй болж билээ. (инээв. сурв)
-Гуч гаруй жилийн хугацаанд олон даргын нүүр үзээ дээ?
-Сономын Удвал, Лодонгийн Түдэв, Дэндэвийн Пүрэвдорж, Д.Наваансүрэн, Дожоогийн Цэдэв, Доржийн Гармаа, Дүгэржавын Маам, Ши.Цэнд-Аюуш, Долгорын Нямаа, Бавуугийн Лхагвасүрэн, Дамбын Төрбат, Цоодолын Хулан нарын олон зохиолч даргатай хамт ажилласан. Намын хянан шалгах, Ардын хянан шалгах, Сангийн яамны шалгалт, улсын аудит, Мэргэжлийн хяналт, Нийгмийн даатгал, татвар гээд хэчнээн олон шалгуулсан юм бэ, тоогоо алдаж. Ямар ч байсан энэ олон шалгалтад өртөж шалгуулахдаа өөрөө өеөдөлгүй, өрөөлийг хөөдөлгүй өнгөрч байсан болохоор дүн нуруутай шүү байсан юм бол уу даа. Магтуулж сүлд болсонгүй, матуулж сүйд болсонгүй олон он жилийг үдсэн дээ.
-Таныг анх ажиллахаар ирж байхад Зохиолчдын хороо маань ямаршуухан байдалтай байв?
-Манай зохиолчдын ордон ашиглалтад ороод нэг хоёр жил л болж байсан. Өрөө бүхэн нь зохиолчдоор дүүрэн, ширээ бүр нь бүтээл номоор дүүрэн, шат дүүрэн цэцэгтэй, шал дүүрэн хивстэй тансаг орчинд л алба хаших хувь заяа намайг тоссон. Зохиолчдын хорооны байшин хэрхэн баригдсан тухай ня-бо Х.Цэвээн гуайгаар хожим яриулахад сонин л түүхтэй юм билээ.
-Ямар сонин түүх байна?
-Удвал дарга Б.Ринчен гуайг дагуулаад Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдарт бараалхаж “Зохиолчдын хороо маань олон жил айлын хаяа бараадлаа. Одоо өөрийн гэсэн байртай болж өрх тусгаарламаар байна” гэж хүсэлт тавьж. Тэгтэл Майдар дарга их янз муутай “Тэр байшинг чинь тэгээд юу гэж нэрлэх болж байна. Архичдын ордон гэх юм уу” гэжээ. Ринчен гуай хариуд нь “Дарга аа, Их тэнгэрийн аманд байдаг байшинг чинь юу гэдэг билээ” гэж. Майдар “Харш гэдэг юм” гэж. Ри гуай “Тэгвэл тэгж л нэрлэхээс” гэж хэлээд таг болгосон гэдэг. Майдар дарга аргагүйдэж “Танайх Утга зохиолын фондын хөрөнгөөрөө байшин барьж бай, дараа нь хөрөнгө мөнгийг шийдэж өгье” гэсэн хариу өгч л дээ. Ингээд төрийн шагналт архитекторч Лувсандоржоор зураг төслийг нь хийлгэж, барилгын ажлыг шуурхайлснаар зохиолчид өөрийн гэсэн байртай болсон байдаг. Майдар даргаас барилгын хөрөнгийн талаар эргэж дурсвал “За за, байртай болсонд чинь баяр хүргэе” гэсэн шүү юм хэлээд “луу унжчихсан” гэдэг. Энэ нь ч Монголын зохиолчдод хожоотой юм болсон доо.
-Яагаад зохиолчид хожсон гэж?
-Зах зээл эхэлж улс хөрөнгөө бүртгэж эхлэх үед зохиолчдын уран бүтээлийн шимтгэл, гишүүдийн татвар, Үлгэрийн танхимын ашгаар уг байшин баригдсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон тул хэд хэдэн удаа ирсэн шалгалтынхан дэмий л гайхшраад өнгөрсөн үнэн түүх байдаг. Удвал, Ринчен нарын ухаант мэргэд маань хэрвээ энэ байшинг босгоогүй айлын хаяанд явсан хэвээр байсан бол Монголын зохиолчид өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо шиг л энд тэнд байр түрээсэлж, хэрдээ зовж явах байсан юм шүү. Тэгэхээр тэр үед төр засаг хөрөнгө гаргаж өгөөгүй нь ч болсон байгаа биз. МЗЭ-ийн хороо ордонтой болуут ЗХУ-ын Зохиолчдын хорооны утга зохиолын фондноос манай хүсэлтийн дагуу мебель шүүгээ, ширээ, сандал, цайны газрын иж бүрэн төхөөрөмж хүрэлцэх хэмжээгээр бэлэглэсэн нь тухайн үедээ чамин тансаг тавилга байсан. Тэр чамин тавилгыг одоо ч ашигласаар л байгаа нь сайхан шүү. МЗЭ-ийн Утга зохиолын сангийн хөрөнгөөр өөрийн байртай болсноор дансандаа гурван зуун мянган төгрөгтэй үлдсэн байсан.
-Тухайн үедээ овоо л хөрөнгө гэсэн үг биз?
-МЗЭ-ийн Утга зохиолын фонд тэр үед ачааны хоёр, суудлын хоёр машинтай, “ПАЗ” автобустай, Дэнжийн мянгад хашаа агуулахтай, Шадавлинд хорь шахам зуслангийн байшинтай, Шаамарт уран бүтээлийн байртай товхийсэн айл байлаа. Улсын төсвөөс жилд 600-700 мянган төгрөгийн төсөв олгодог, дал гаруй орон тоотой болтлоо өргөжиж байсан тийм цаг үе. Гадаадад оюутан сургах, зохиолчдыг гадаад томилолтоор явуулах, зочин хүлээн авах, гэр бүлийн хамт амруулах зэргээр гадаад харилцаа ч өргөжин хөгжиж байсан.
-Таны алба хашиж байсан Утга зохиолын фонд ямар бүрэлдэхүүнтэй байв. Бас л нэг түүх юм даа?
-МЗЭ-ийн Утга зохиолын фондын харьяанд Ардын үлгэрийн танхим гэж олон түмэнд урлагаар үйлчилдэг өгөөжтэй газар байлаа. Энэ танхимыг анх Дорноговь аймгийн харьяат “Гар буу” хэмээх Дамдин санаачлан байгуулсан гэдэг. Үлгэрийн танхимд Үржинханд, Цэрэндэмчиг, Жанцанчой, Баттөмөр, Өлзий Цэрэнчимэд, дуучин Цэрэнчимэд, Баярмагнай, Галсантогтох, Оюун, Базарбат, Дончид, Володя, Бямбажав, Одончимэг, Лхагвасүрэн нарын олон авьяастнууд ажилладаг байсан. Ардын үлгэрийн танхимаас Д.Жанцанчой, Ц.Цэрэндорж, уртын дууч Д.Баттөмөр, Базарбат, үлгэрч Д.Өлзий, лимбэчин Галсантогтох нар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж, Ш.Гүрбазар, Д.Гүрсэд, Ө.Нарангэрэл нар соёлын гавьяат зүтгэлтэн, Бавуугийн Лхагвасүрэн Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч болсон гэхээр мундаг байгаа биз.
-Зохиолчдынхоо тухай хамгийн гэгээн сайхан номуудыг бичсэн хүн бол та шүү…
-Зохиолчид гэдэг чинь дээд оюун ухаанаас авьяасын хишиг хүртэж, дэлхийн хүмүүн төрөлтөнд уран бүтээлийн бэлэг тарааж өгдөг хэмжээлшгүй их номын буянтнууд даа. Манай зохиолчид чинь зөвхөн уран бүтээлээ туурвиад байхгүй, олон төрлийн давхар авьяас билэгтнүүд шүү.
-Хэн хэн нууц авьяастай байв?
-Далантайн Тарва гуайг төгөлдөр хуур сайхан тоглодог гэдэг. Хүүхдийн зохиолч Д.Содномдорж найрагч баян хууртай дуулна. Готовын Нямаа хүчтэй гоцлол дуучин, Д.Даржаа тэшүүрийн спортын мастер, “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч Сэтгэл, зүрх хоёртоо шатсан” Ц.Цэдэнжав шатрын спортын анхны мастер, Готовын Аким теннисчин, Санжийн Пүрэв хөлбөмбөгчин, “Ард Аюуш” Л.Чойжилсүрэн, Ч.Мягмарсүрэн нар сумын заан, Л.Түдэв, П.Бадарч, Б.Лхагвасүрэн, Дашзэвэгийн Банзрагч, Цэндийн Доржготов нар зураач, З.Далхжав хүндийг өргөгч, Х.Зандраабайдий, Ч.Нацагдорж, Загдын Түмэнжаргал нар сайхан бичигтэн, Д.Пүрэвдорж багштан, П.Бадарч нар яггүй сайн тогооч. Доржийн Гармаа боодог сайхан хийнэ. С.Дашдэндэв тарвагачин, Х.Мэргэн загасчин гээд явж өгнө шүү. Зохиолчдын хорооны ордны хананд зохиолч нөхдийн маань инээд наргиан соронзон хальс шиг бичигдэж үлддэг байсан бол мөн ч сонин архив байхсан билээ.