Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нараар ахлуулсан Шуурхай бүлэг өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл, байдал, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөн ажиллах юм.
Баянхонгор аймгийн хувьд Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу хийсэн зудын эрсдэлийн үнэлгээгээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний байдлаар Галуут, Байдраг, Заг сумдад цас 0.17-0.19 г/см 3 цасны өндөр сумын төвдөө 6-8 см хүрч, хөдөө тал хээр, гуу жалгаараа нягтарч хатуурсны улмаас цагаанаар зудархуу байдалтай байна. Нийт нутгийн 80 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа тул отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатай байгааг аймгийн Онцгой комиссын хуралдаан дээр Засаг дарга Г.Батжаргал танилцууллаа.
Сумын дүнгээр авч үзвэл, Баянхонгор, Галуут, Эрдэнэцогт, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Баянлиг, Баянговь, Өлзийт, Баян-Овоо, Заг сумдын нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа аж.
Түүнчлэн Архангай, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь зэрэг зургаан аймгийн 17 суманд 727 иргэн отор нүүдлээр явж байгаа бөгөөд эдгээр иргэдийн 139 нь 0-5 насны хүүхэд, 23 нь жирэмсэн эх, 16 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 17 нь 65-аас дээш насны иргэд байгаа юм. 2017 оны 12-р сард Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянлиг, Өлзийт, Баян-Овоо зэрэг сумын удирдлага мэргэжилтнүүд отор нүүдлээр яваа малчдаа эргэж тойрон тэдэнд төрийн зарим үйлчилгээг хүргэж, отор нүүдлээр яваа жирэмсэн эмэгтэйчүүдээс 18 эмэгтэйг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад ойр газар байрлуулж, харьяа сумдын ЭМТ-үүдэд хүлээлгэн өгөх арга хэмжээ авч ажиллажээ.
Мөн орон нутгийн өмчит компани байгуулж өөрсдийн хүчээр хадлан бэлтгэх үйл ажиллагааг эхлүүлж, аймгийн аюулгүйн нөөцийн асуудлыг хариуцуулж, Онцгой комиссын шийдвэрээр зарцуулж, хяналт тавин ажиллаж байгааг танилцууллаа.
Аймгийн аюулгүй нөөцийн өвснөөс бүх сумдад 5 сая, нийтдээ 100 сая төгрөгийн үнэ бүхий өвсийг буцалтгүй тусламжаар, зарим шаардлагатай сумдад нийт 128 тн өвсийг хямдралтай үнээр нэмж олгосон байна. Шаардлагатай сумдад өвс тэжээл хүргэх тээврийн зардлыг гаргаж зохицуулах, өвсний үнийг хөнгөлөх, өвс тэжээл татан авч нөөцийг тогтвортой байлгах арга хэмжээ авсан байна.
Өвөлжилт хүндэрч, зам, даваа хаагдсан үед улсын нөөцийн зарим салбар, цэгээс малчдад өвс, тэжээл хүргэхэд тээврийн зардал их гарахын зэрэгцээ цаг алдах тохиолдол байдаг. Тийм учраас Засгийн газрын тогтоолоор Баянхонгор аймгийн Баянцагаан, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Завхан аймгийн Түдэвтэй суманд улсын нөөцийн түр цэг байгуулж, өвс, тэжээл байршуулаад байгаа. Энэ нь цаг үеэ олсон ажил болсныг орон нутгийнхан онцолж байлаа.
Аймгийн Засаг даргаас Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэгт хандан, өвс тэжээлийн нөөц нэмж бүрдүүлэх, үнийг хямдруулах, малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй учраас мал махаар болон зээлээр олгох, отор нүүдлээр яваа малчдыг тухайн орон нутаг нь хүлээн авч бэлчээр нутаг, өвөлжөө хаваржаа, өвс, тэжээл боломжит нөхцлөөр хангах, тэднээс татвар хураамж авах, хөөж туух зэрэг хүндрэлтэй асуудлыг улс, аймгийн хэмжээнд шийдвэрлэх, аймгийн төвөөс алслагдсан сумдад гамшгийн үед шуурхай ажиллах шаардлага гардаг тул Бууцагаан суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах, Баянговь суманд эрэн хайх, аврах бүлэг байгуулах, олон улсын хөл хориотой өвчин ихээр гарч байгаатай холбогдуулан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум дахь хяналтын постыг тус аймагт шилжүүлэх зэрэг саналыг тавилаа.
Аймгийн Онцгой комиссоос тавьсан хүсэлт, саналтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар тайлбар хариултыг өгөв.
Хурлын төгсгөлд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, аймгийн Онцгой комиссын гишүүдэд хандан, өвөлжилтийг өнтэй даван туулах, гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдаа, мэдээлэл солилцох ажиллагааг сайжруулах, отроор яваа малчдыг эргэх, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэхэд анхаарах, өвөлжилт хүндэрч болзошгүй сумдын удирдлагуудтай нягт холбоотой ажиллах, дэмжлэг үзүүлэх, малчдад цаг агаарын мэдээллийг шуурхай хүргэж ажиллахыг үүрэг болгоод урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч, зохицуулалтыг хийснээр өвөлжилтийг өнтэй давах боломжтойг онцоллоо
онцоллоо. Баянхонгор аймгийн хувьд малын гоц халдварт өвчний голомтгүй эрүүл бүс нутаг. Иймд, хил залгаа аймгууд малын гоц халдварт өвчний голомттой байгаа учир малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт, малын вакцинжуулалтад онцгой анхаарахыг үүрэг болголоо.
Мөн аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, аймаг, орон нутгаас тавьсан саналыг үндэслэн Баянхонгор аймагт улсын нөөцөөс 580 тонн өвсийг үнэгүйгээр, 910 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.