Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Өглөөний цай” бизнес уулзалтад оролцлоо. Уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөлөл 400 гаруй хүн цугласан байв.
Өглөө 07:30 цагт эхэлж 10:30 цагт дууссан уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар байлцаж бизнес эрхлэгчдийн саналыг нь сонсож, тэдний асуултад хариуллаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдлыг товч танилцуулав. Монгол Улсын эдийн засаг сайжирч байна. Төсвийн орлого хагас тэрбумаар давж биелэсэн, гадаадын хөрөнгө оруулалт өссөн, валютын албан нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн, төлбөрийн тэнцэл эерэг гарсан, Европын холбооны хар жагсаалтаас гарч, зээлжих зэрэглэл нэг шат ахисан гэв. Монголын эдийн засгийг хүнээр зүйрлэвэл сэхээний тасгаас энгийн рүү шилжээд байна. Одоо эмнэлгээс гарч ажилдаа орох хэрэгтэй байна. Засгийн газар үүний төлөө ажиллана, бизнес эрхлэгч та бүхний оролцоо маш чухал гэлээ.
Улсын эдийн засгийн энэ нөхцөл байдал дампуурлаа зарлах эсвэл ОУВС-тай хамтарч, тэдний хөтөлбөрт хамрагдах сонголт руу түлхсэн. Бид хоёрдахийг сонгосноор эерэг үзүүлэлтүүд гарч байна. Өнөөдөр ч мөн ОУВС-тай ажлын хэсгийн уулзалт хийнэ.
Монгол Улсын Засгийн газар хоёр том зорилтыг нэн тэргүүнд тавьж байна. Нэгдүгээрт санхүүгийн сахилга баттай ажиллах, хоёрдугаарт эдийн засгийн бууралтыг зогсоож, өсөлт рүү хөтлөх. Ард иргэдийнхээ амьдралыг өөд татахын тулд тэднийг хоол хүнс, орон сууцаар хангаж, ажлын байр нэмэгдүүлснээр ядуурал буурах нь ойлгомжтой асуудал. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа бэхжүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэлээ.
Ирэх 2 жилд эрчим хүчний хангамжийг нэмэх, нефть боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг хэд хэдэн томоохон ажлыг гүйцэтгэнэ. Бизнесийн салбарт үнэ тогтоохгүй чөлөөт зах зээлийн дүрмийн дагуу ажиллана. Харин монополийг задлах, өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтлана гэлээ.
Бизнес эрхлэгчид санал хэлж, тодорхой асуулт тавьж, хариулт авлаа. Эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Бизнес эрхлэгчдийг дэмжсэн маш сайн хуулиуд гарсан хэдий ч зарим эрх бүхий албан тушаалтнууд хэрэгжүүлэхгүй байгаа нь чөлөөт зах зээлийн хөгжих замыг боомилж байна гэв. Нийслэлийн төлөвлөлтийг дахиж хийснээр агаар орчны бохирдлыг бууруулна гэдэг саналыг хэд хэдэн бизнесмэн гаргаж, боловсруулсан ТЭЗҮ-ийн төслөө ерөнхий сайдад өгсөн юм.