Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 16 -19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Тус хурлыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-н Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран хурлыг зохион байгуулах удирдах зөвлөл, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдааныг Төрийн ордонд жанжин Д.Сүхбаатарын танхимд зохион байгууллаа.
Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-н Гамшгийн эрсдлийг бууруулах бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирарде нар оролцож, Азийн сайд нарын бага хурлын талаар танилцуулга мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгөв.
Энэ үеэр Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурал”-аар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн бүс нутгийн болон үндэсний хэрэгжилтийн явцыг тайлагнах, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн тодотгоно. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргах юм. Хурлыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын нэр хүнд бүс нутгийн хэмжээнд улам өсөн бэхжиж, гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх бодлогын үзэл баримтлал, идэвхтэй үйл ажиллагааг дэмжиж, хамтын ажиллагаа нэмэгдэх болно” гэж онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд тус хурлыг зохион байгуулах удирдах зөвлөл, бэлтгэл ажлыг хангах өргөтгөсөн ажлын хэсэгт, Удирдах зөвлөл, Ажлын хэсгийн дарга нар өөрсдийн хариуцах чиглэлээр гадаад, дотоод бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулж, чиг үүргээр шуурхай хангах, Дээд түвшний төлөөлөгчдийн оролцоог хангах, хоёр талын болон олон талт дипломат үйл ажиллагаа идэвхтэй явуулах, Улс орны санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан өөрсдийн дотоод нөөц боломжийг бүрэн ашиглаж, батлагдсан төсөвт багтаан бага хурлыг зохион байгуулах, Хүн бүр хүлээсэн үүргээ бүрэн ухамсарлан, жижиг гэлтгүй бүх ажлыг нарийн төлөвлөн, хоорондоо нягт хамтран ажиллахыг үүрэг болголоо.
Харин НҮБ-н Гамшгийн эрсдлийг бууруулах бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирарде Монгол Улсын Засгийн газар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутагтаа манлайлж Азийн сайд нарын Бага хурлыг нутагтаа зохион байгуулах гэж байгаад талархал илэрхийлээд энэ хурал нь гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа бодлого, ажлаа бүс нутаг, дэлхийд сурталчилж, илүү өргөн хүрээнд ажиллах боломж бүрдүүлнэ гэдэгт итгэж байна гэв.
2018 онд Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаар “Гамшгаас урьдчилан сэргийлсэнээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” гэсэн үндсэн уриан дор гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхийн нийтийн аюулгүй, амар тайван орших нөхцлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн тодорхой санал санаачилгуудыг хэлэлцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөг биелүүлэхэд манай бүс нутгийн улс орнуудын гаргаж буй ололт амжилтуудыг таниулах, тэргүүн туршлагаас хуваалцах, Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримтлаж буй бодлого, хэрэгжүүлж бүй үйл ажиллагаагаа бүс нутаг болон дэлхий нийтэд таниулах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбар дахь бүс нутгийн болон олон улсын түншлэлийг өргөжүүлэх тэлэх боломжуудыг бүрдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.