Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцож, үргэлжлүүлэн 2018 оны нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.


2018 оны 01 дүгээр сарын 22. Даваа гараг. Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа

БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын тус улсад хийсэн албан айлчлалын үеэр хоёр парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.Хоёр тал Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцааны нэгэнт хүрсэн түвшинг цаашид улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүд, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй болохыг онцлов.Энэ үеэр Төв аймаг, Вьетнамын Хао Бинь мужийн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Хао Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь нар гарын үсэг зурлаа.


УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д бараалхав

БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болохтой холбогдуулан хот, дүүргүүдийн хооронд шууд харилцаа тогтоох саналыг дэмжиж Вьетнам, Монголын соёлын өдрүүдийг зохиох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах, хөрөнгө оруулалтуудын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үзэсгэлэн яармаг зохиох зэрэг олон талт арга хэмжээ авах нь зөв гэж үзэж байна гэв.

Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг нартай уулзав

Ерөнхий сайд Нгуен Суан Фук худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээ даруухан байгаа ч аажим аажмаар урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монголд Вьетнамын мэргэжилтэй ажилчдыг илгээн ажиллуулах санал тавьсан юм. Түүнчлэн Монголоос Вьетнамд хөрөнгө оруулалт хийх аливаа санаачилгыг бүрэн дэмжих болно гэв.УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газар хоорондын комиссын дэргэд Дэд ажлын хэсэг байгуулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулалтаар хангах саналтай байгаагаа илэрхийлснийг Вьетнамын тал дэмжив.Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг ясны гурил, малын арьс шир экспортлох санал тавьж, гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүнийг Монголоос экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийднэ гэдгээ амлалаа. Хоёр тал бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хэвээр хадгалах, аливаа маргаантай асуудлыг энхийн замаар, яриа хэлэлцээний шугамаар шийдэх ёстой гэсэн байр суурийг баримтлахаа санал нэгтэй тэмдэглэв. Монгол Улс Вьетнамыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход нь дэмжиж, Вьетнамын тал Ази, Номхон далайн хамтын ажиллагаа, АСЕАН-ы зах зээлд оролцоогоо нэмэгдүүлэх Монголын санаачилгыг дэмжсэн байр сууриа хэвээр хадгална гэдгээ нотоллоо.

2018 оны 01 дүгээр сарын 23. Мягмар гараг.Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзлаа

БНСВУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтад ВМНН-ийн дарга Хо Суанг Хун, Дэд дарга Нгуен Тхи Дам Чинь, Чан Нгуен Чык, Хоанг Туан Тхинь нарын зэрэг хүмүүс оролцсон юм. Ноён Хо Суанг Хун тус нийгэмлэгийн даргаар 10 шахам жил ажиллаж байгаа, Дэд дарга, хатагтай Нгуен Тхи Дам Чинь жүжигчин, Монголд олон удаа очиж тоглож байсан, “Найрамдал” медалиар шагнуулсан хүн бол Чан Нгуен Чык, Хоанг Туан Тхинь нар Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байжээ.

Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-д бараалхав

Мөн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-д бараалхаж, тэрбээр Монгол Улсын Их Хурлын даргын Вьетнамд хийж буй айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан, үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэв.Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Миний бие Ханой хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р хуралдаанд оролцож, Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нгангийн урилгаар БНСВУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. 1950-иад оны дунд үеэс манай нам, төрийн тэргүүн нарын үндэс суурийг нь тавьсан харилцаа, хамтын ажиллагаа 60 гаруй жилийн түүхэн хугацааг туулж, амжилттай хөгжиж байна. Бид Вьетнам орныг манай Зүүн өмнөд Ази дахь гол түнш орноо гэж үздэг” хэмээн онцоллоо.Улсын Их Хурлын дарга М.Энхболд парламент хооронд болон хууль хяналт, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын амжилттай хөгжиж буй харилцааг цаашид бататгах, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, эрчимжүүлэх нь чухал байгаа бөгөөд айлчлалын үеэр эдгээр асуудлаар төр, засгийн удирдлага, яамдын түвшинд яриа хэлэлцээ өрнүүлсэн нь бүх талын харилцаа жигд гүнзгийрэн хөгжихөд түлхэц болно гэдэгт итгэж байна. Манай хоёр улс бүс нутаг, олон улсын байгууллагын түвшинд бие биенээ харилцан дэмжсээр ирсэн сайхан уламжлалтай. Энэ уламжлал хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэж байна хэмээн онцлон тэмдэглэв.Ийнхүү Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй Монголын парламентчид Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалтад оролцож, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөлөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *