“Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо ба хүний эрхийн хэрэгжилт” олон улсын бага хурал өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Хуралд Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комиссын удирдах албаны хүмүүс, олон улсын болон үндэсний хүний эрхийн шинжээчдийн төлөөлөл оролцов. Тэд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл, ялангуяа хэргийн зүйлчлэл, хэргийг мөрдөн шалгах үйл явцад хүний эрхийг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан бусад хүчирхийллийн хэрэг болон насанд хүрээгүй хүүхэд холбогдсон хэргийг шалгах асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр Европын холбооны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч ноён Марко Ферри “Бага хурал эрүүгийн эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох зорилготой. Эрүүгийн эрх зүйн тогтолцоо нь хүний эрхийг хангах чиглэлтэй байдаг. Энэ хүрээнд гурван удаа хүний эрхийн семинар зохион байгуулна. М ө н прокурорын ажилтнуудыг Европын холбооны улсуудад урьж, туршлага судлуулна. Прокурорын үйл ажиллагааг чадавхжуулах, сургалтын материалуудыг боловсруулах зэргээр хамтарч ажиллаж байна. Монгол Улсыг өөрийн бүс нутагтаа хүний эрхийг хангах чиглэлээр их сайн ажилладаг гэж бид үздэг. Европын холбооны зүгээс цаазаар авах ялыг сэргээх гэж буй улс орнуудын үйл ажиллагаанд маш их эмзэглэж байгаа. Цаазаар авах ялыг сэргээхээс илүүтэй гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нөхцөл шалтгааныг нь бид арилгах тал дээр сайн ажиллах ёстой. Хурлын нэг гол зорилго нь нийгмийн учир шалтгаануудыг арилгах чиглэлээр явагдана. Мөн бид хүүхдийн эрхийн эсрэг хүчирхийлэл болон өсвөр насныхан гэмт хэрэг үйлдэж буй асуудалд анхаарал хандуулна” гэж байлаа.
Ж.Бямбадорж: Манайх эмэгтэй хүнд цаазаар авах ял оноодоггүй дэлхийн хоёр улсын нэг Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Ж.Бямбадорж “Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль нь хүний эрхийн халдашгүй үйлдэлтэй холбоотой. Манай улсад том дэвшил гарчихсан байна. Гэхдээ ухралт байна. Хэлэлцүүлгийн үеэр судлаачид олон асуудлыг ярилаа. Тодруулбал, нэгдүгээрт, манайх эмэгтэй хүнд цаазаар авах ял оноодоггүй дэлхийн хоёр улсын нэг байсан. Гэтэл өнөөдөр Эрүүгийн хуулиар бодлогыг хүнлэг болгочихсон. Гэвч эмэгтэй хүнд бүх насаар нь хорих ял өгөхийг хэвээр үлдээчихсэн. Ер нь эмэгтэй хүнд 15-аас дээш жилийн ял оноох ёсгүй. Хоёрдугаарт, иргэний амь нас хохирсон тохиолдолд ямар ч нөхөн олговор өгдөггүй. Харин иргэний эрүүл мэндэд хохирол учруулсан бол эмчилгээний зардал, хохирлын хэмжээ зэргээр олон зүйлийг нэхэмжилдэг. Ингээд хагасыг нь ч болтугай авчихдаг. Иймээс үүний ялгааг яаралтай шийдэх ёстой. Би энэ асуудлыг гаргаж тавьсан. Судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Марко Ферри: Европын холбооны зүгээс цаазаар авах ялыг сэргээх гэж буй улс орнуудын үйл ажиллагаанд эмзэглэж байна.
Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлээд жил шахам болж буй. Эргэж нэг харах ёстой. Хуулийн хэрэгжилт дээр шүүх, прокурор, мөрдөн байцаагчдын сэтгэлгээнийг хувьсгалыг шинэчлэх шаардлагатай. Судлаачдын үгийг анхааралтай сонсох ёстой” гэдгийг онцлов.
Мөн тэрээр “Европын холбооноос гадна дэлхий нийтээрээ цаазын ялыг зогсоох хэрэгтэй гэдэг. Цаазын ял хүнд тусна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж эхлээд жил болчихлоо. Алдаа оноотой зүйлүүд бий. Тухайлбал, шүүгч нар, гэр бүлийн хүчирхийллийг тодорхойлдог субъектуудын субъектив хандлагаас болж буруу хэрэглэх, нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээс болж, сөрөг үзэгдлүүд гарч байгаа. Үүнийг судлаад холбогдох газруудад санал хүргүүлсэн” гэсэн юм. Улсын Ерөнхий прокурорын газар, сургалт судалгааны төвийн багш, судлаач , хяналтын прокурор Г.Оюунболд “Манайхаас өнгөрсөн жилд амиа хорлох гэмт хэргийн суурь судалгааг хийсэн. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг ярьсан. БСШУЯ руу Ерөнхий прокурор мэдэгдэл хүргүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл болон бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргүүд нийгэмд гарч байгаа нь тодорхой учир шалтгаантай. Ингээд цаад учир шалтгааныг нь судлаад үзэхээр хүүхдийн боловсрол гэдгээс хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсрол чухал. Энэ нь төрийн гүйцэтгэх үүрэг. Сургуулийн өмнөх боловсролоос хамаарч бүрэн дунд боловсролыг шинэчлэх ёстой. Шинэчлэхээс илүүтэй агуулгын хувьд эргэж харах хэрэгтэй. Хүчирхийлэл үйлдэгч 20 жилийн өмнө бий болчихсон байдаг. Хүчирхийлэлд дасан зохицох хандлагатай бие хүн хориод жилийн өмнөөс бий болчихсон. Нэг үгээр хэлбэл, нийгэм тэр хүнийг бэлтгэж байна гэсэн үг. Бид урьдчилан сэргийлэх аргыг авч, реклам гаргаж, шторк хийх нь зөвхөн гал унтраана. Тэгэхээр илүү санаачилгатай ажиллах, олон талт хамтын ажиллагаа чухал байна. Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад яам нэг зүйлийн төлөө хамтарч ажиллах нь бидний менежментийн шаардлага гэж үзсэн. Хэрвээ үүнийг одоо шийдэж эхэлвэл арван жилийн дараа учиртай болж ирнэ. Хүчирхийлэл, хулгай дээрэм багасна. Манай улсад гарч байгаа 35 мянга гэмт хэргийн 70 хувь нь хулгай дээрэм, булаалт. Мөн хүчин, танхай, хүн алах гэсэн хэдхэн гэмт хэрэг манайд эргэлдэж байгаа юм. Эдгээрийг бусад улсууд арав, хорин жилийн өмнө зориуд бодлогоор шийдвэрлэсэн байдаг. Үр дүнд нь авлига, хүчирхийллийг үл тэвчдэг хүмүүс бий болсноор гэмт хэрэг буурсан байна лээ” гэдгийг онцоллоо. Тахарын ерөнхий газрыг эргээд сэргээх хэрэгтэй гэв Хурлын үеэр “Эрүүдэн шүүхийн эсрэг болон бусад хүний эрхийн конвенцийн хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьсан Монголын Эмнести Интернэйшнл ТББ – ы н Удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан ярихдаа “Манай улс ямар ч тохиолдолд тухайн хүний Эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулах үүрэгтэй. Үүний хүрээнд шат дараалсан арга хэмжээ авч явж байв. Гэсэн хэдий ч ухарсан алхмууд бий. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг шууд улсын төсөвтэй холбоотойгоор татан буулгачихсан. Гүйцэтгэх чиг үүргийг цагдаа, Авлигатай тэмцэх газар руу хувааж өгсөн. Дараа нь Тахарын ерөнхий газрыг төсөвтэй холбоотойгоор татан буулгасан. Үүний улмаас нэгдүгээрт, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч зэрэг хуулийн салбарт ажилладаг хүмүүсийн асуудал хөндөгдөх болсон. Эдгээр хүмүүс гэмт хэрэг үйлдвэл хэн шалгах вэ гэдэг нь эргэлзээтэй болсон юм. Цагдаа гэмт хэрэгт холбогдсон байна гэж гомдол гаргавал өөрсдийгөө шалгана гэдэг өөрөө хэр оновчтой юм бол. Уг асуудлыг бодитой шийдвэрлэхийн тулд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулж байсан. Прокурорын байгууллагын дэргэд гэсэн нэртэй боловч төсөв санхүү удирдлага нь тусдаа байсан учраас хараат бус ажиллах бүрэн боломжтой байв. Мөн л төсөв хэмнэнэ гэсэн үүднээс Тахарын ерөнхий газрыг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай нэгтгэчихсэн. Гэтэл Тахарын Ерөнхий газрыг байгуулах болсон шалтгаан байдаг юм. Нэгдүгээрт, шүүхийн болон шүүгчийн аюулгүй байдлыг цагдаа бүрэн дүүрэн хангаж чадахгүй. Үүнийг 2008 оны долдугаар сарын 1-ны үйл явдлаас олж харсан. Гэр бүлийнхэн дундаа хүчирхийлэл үйлддэг эмэгтэй нөхрөөсөө салах гээд гомдол гаргачихсан шүүх рүү явж байхдаа хутгалуулж, амиа алдсан. Хэргийн холбогдогч занаж байсан хүнээ ажлын байран дээр нь очоод хутгалаад амыг нь хөнөөчихсөн хэрэг гарсан. Ийм ноцтой гэмт хэргүүд гарч байсан учраас гэрчийг тусгайлан хамгаалахгүй бол болохгүй ээ. Үүнд цагдаа хүрч ажиллахгүй ээ. Хохирогчийг хэрхэн хамгаалах вэ, хэрэгтнийг хэрхэн хуяглан хүргэх юм бэ, яаж хилийн чанадад байгаа хэрэгтнийг солилцож авах вэ зэрэг асуудлыг цагдаа хариуцахгүй тусдаа бие даасан байгууллагаар хариуцуулахаар зохицуулсан байсан. Тэгсэн татан буулгасан. Үндэсний хэмжээнд эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэхийн тулд хэн яаж, ажиллах ёстой юм бэ. Үүн дээр тусгайлан анхаардаг олон улсын санаачилга бол Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм гэсэн ойлголт бий. Үүнийг манай улс Хүний эрхийн үндэсний комисст өгөх нь зүйтэй юм, хамгийн оновчтой хувилбар гэсэн байдаг. Гэхдээ одоо хүртэл олон улсын гэрээний дагуу байгуулаагүй. Урьдчилан сэргийлэх мехнизмаа байгуулаагүй байна гэсэн үг. Эдгээрийг анхаарч ажиллавал Эрүүгийн эрх зүйн тогтолцоогоо улам бэхжүүлж, шударга болгоход үр дүнтэй гэж харагдаж байгаа. Шүүхийн практикт олон улсын гэрээний дагуу ажиллах явдал дутмаг байна. Нэгэнт гэмт үйлдлийн хохирогч болчихсон бол хохирлыг нь барагдуулах, зөрчигдсөн эрхийг нь сэргээж чаддаг байх ёстой. Үүний тулд материаллаг болон материаллаг бус сэтгэл санааны хохирлыг төлөх асуудлыг анхаарч үзэх ёстой гэсэн үг. Тухайн гэмт үйлдлийн хохирогч болсон хүмүүсийг бүрэн дүүрэн хамгаалъя гэж үзвэл Тахарын ерөнхий газрыг эргээд сэргээх хэрэгтэй” гэж ярилаа.