Якутаас 1000 км орчим зайд орших Оймякон нэртэй жижиг сууринд -67 хэм хүрч хүйтэрсэн тухай hindustantimes.com сайтад мэдээлжээ. Якутын оршин суугч Анастасия Груздева гэх бүсгүйн хөмсөг, сормуус нь цантсан зураг сошиал сүлжээндээ оруулж “Манай энд -50 хэм хүртэл хүйтэрдгийг бүгд мэднэ биз дээ. Гэсэн ч бид гэрээсээ гарсаар л байна. Үнэндээ дулаахандаа тооцогдоно шүү” хэмээн бичсэн нь олны анхаарал ихээхэн татсан байна.
Ердөө 500 гаруй оршин суугчтай тус сууринд 1933 оны хоёрдугаар сард -67.7 хэм хүртэл хүйтэрч байсан нь дээд үзүүлэлт аж. Энэ өвөл Оймякон сууринд найман өдөр -50 хэмээс илүү хүйтэрчээ. Найм хоногийн өмнө агаарын температур -59.6 хэм хүрч, ил гарсан биеийн хэсэг, арьс таван минутын дотор жаварт хайрагдаж байжээ. Цочир хүйтрэл энэ долоо хоногт ч үргэлжлэх төлөвтэй байгаа талаар Сибирийн Онцгой байдлын яамнаас сэрэмжлүүлсэн байна.