Categories
мэдээ улс-төр

Эдийн засаг тогтвортой байлгах асуудалд анхаарал тавихгүй бол УИХ цаашид ажиллаж чадах эсэх асуудал яригдана гэв

АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярихдаа “УИХ энэ долоо хоногт Улсын бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслүүдийг хэлэлцэхээр оруулж ирсэн байна. Энэ хууль олон асуудал зохицуулдаг учраас зайлшгүй эргэж харах шаардлагатай зүйлс байгаа. Юуны түрүүнд бид хуулийн төслийг өөрчлөх асуудал дээр ойлголцох шаардлагатай. Хуулийн төсөл дээр өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж, ажил хэргийн шугамаар ярилцах, хэлэлцэх шаардлага тулгарч байна. Өнөөдрийн хурлаар мөн сүүлийн үед үүсээд байгаа шатахууны асуудлыг хэлэлцлээ. АН-ын бүлгээс ОУВС-гийн шаардлага нэрийн дор иргэдийн амьжиргаатай холбоотой долоон төрлийн татвар нэмсний сөрөг үр дагавар өнөөдөр илэрч байна гэж үзэж байна. Хэдийгээр Засгийн газар 41 хоногийн шатахууны нөөцтэй гэж байгаа ч бодит байдал дээр зохиомол хомсдол үүсч, зарим нэр төрлийн шатахууны үнэ нэмэгдсэн байна. Үүнийг дагаад зарим өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Тухайлбал, гурил 90-120 төгрөг, мах дунджаар 1000 төгрөг, шатахуун 150-200 төгрөг, хүнсний ногооны үнэ өссөн байна. Хэрэв эрх баригчдын хэлж буйгаар эдийн засаг өсөлттэй, шатахууны 41 хоногийн, валютын дөрвөн тэрбум төгрөгийн нөөцтэй байгаа нь үнэн юм бол бол үнэ нэмэгдэх шалтгаан үүсэхгүй байх байсан. Ардчилсан намын бүлэг хэд хэдэн асуудлаар Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын дагуу татварын асуудлаа хоёрдугаар сарын 1-ний дотор шийдэх шаардлагатай гэдэг хугацааг бид нарийн заасан байгаа. Хэрэв энэ үнийн өсөлтийг сааруулах чиглэлд Засгийн газар хоёрдугаар сарын 1-ний дотор ямар нэг тодорхой арга хэмжээ авахгүй бол АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө. Мөн УИХ татвар нэмсэн асуудлыг эргэн харж, эдийн засаг тогтвортой байлгах асуудалд анхаарал тавихгүй бол УИХ цаашид ажиллаж чадах эсэх асуудал яригдана” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *