“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцыг 48 Мвт-аар өргөтгөж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Уг өргөтгөлийн барилгын ажлыг БНХАУ-ын “Харбин электрик интернешнл” компани түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэж, хөрөнгө оруулагчаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК ажиллаж нийтдээ 41.8 сая ам.доллар зарцуулжээ.
Үүнээс өмнө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дулаан цахилгаан станц нь 2.5 Мвт-ын 2 ширхэг турбин ашиглаж байсан. Ийнхүү өргөтгөл хийж тус бүр нь 12 Мвт-ын хүчин чадалтай 4 турбин ашиглалтад орууллаа. Ингэснээр нийт хүчин чадал нь 53 Мвт болж өсөж Эрдэнэт үйлдвэр нь цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс, үйлдвэрлэгч болж байгааг тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон хэллээ. Нөгөө талаар тус компани ойрын 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэлээ боловсруулсан. Үүнийг хэрэгжүүлэхэд дулааны станцаа өргөтгөсөн нь чухал ач холбогдолтой гэж үзэж буй аж.
Нээлтийн ёслолд оролцсон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Хүйтний улиралд манай эрчим хүчний систем бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа ч дутагдал үүсэж байна. ОХУ-аас авдаг эрчим хүчний импортын хэмжээ өсөж буй. Яг ийм цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК 48 Мвт-ыг нэмж ашиглалтад оруулж байгаа нь сайн хэрэг” гэсэн юм.
Уг төслийг хэрэгжүүлэх гэрээг “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Харбин электрик интернешнл” компани 2015 оны 9-р сард байгуулж, 2016 оны 5-р сараас барилга угсралтын ажил эхэлж, 2017 оны 10, 11-р сард иж бүрэн туршилт амжилттай хийснээр өнөөдөр ашиглалтад оруулж байна.