-УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАНА ГЭЖ МЭДЭГДСЭН-
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Өнөөдөр МҮЭ-ийн холбооноос Сүхбаатарын талбайд татварын нэмэгдлийн эсрэг жагсаал зохион байгуулах гэж байна. Ийм хууль батлахаас өмнө жагсаал зохион байгуулж болоогүй юм уу?
-Бид өнгөрсөн оны эхэнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг байгуулсан. 2017 онд байгуулсан нэмэлт хэлэлцээрээр “Албан татварын өөрчлөлттэй холбоотой асуудлаар цаашид нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан ярилцаж, саналыг авч зөвшилцөх тухай хэлэлцээрийн заалтыг хатуу мөрдөж ажиллана”, “Улсын Их Хурлаас баталсан 2017 оны 29 дүгээр тогтоолын 12 дахь заалтын хүрээнд даатгуулагч тэтгэврийн доод, дээд насны хязгаарын хүрээнд тэтгэвэр тогтоолгох хугацаагаа уян хатан сонгодог болох асуудлыг нийгмийн түншүүдийн оролцоотой судлан нэгдсэн санал боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж тохиролцсон. Харамсалтай нь Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг очоод ОУВС-тай хэлэлцээр хийчихсэн. Бидэнтэй зөвшилцөж, хэлэлцээр хийх ёстой байтал дангаараа очоод шийдвэр гаргачихсан байгаа юм.
ОУВС-аас тодорхой шаардлагуудыг тавьжээ. Улсынхаа төсвийг тэнцвэржүүл, орлого зарлагынхаа байдалд дүн шинжилгээ хий, нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байгаа учраас татаасыг багасгахын тулд зохих шимтгэлээ өсгөх хэрэгтэй. Мөн татвар ганцхан шатлалтай байгаа учраас олон улсын жишиг рүү оруулах ёстой гэсэн зүйлүүдийг хэлсэн юм билээ. Ингэснээр зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр болсон. Энэ асуудлыг МҮЭ-ийн холбоо анхнаас нь эсэргүүцэж УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн. Мөн гишүүдийнхээ санал хүсэлтийг уламжлах үүднээс бид ОУВС-тай уулзсан. Тэд “Бид манайхаас зээл тусламж ав гэж гуйгаагүй. Нөгөө талаас татварын тогтолцоо чинь буруу байна л гэж хэлсэн” гэх хариуг өгсөн.
-МҮЭ-ийн холбооны зүгээс Засгийн газарт хүргүүлсэн шаардлагад ямар хариу өгсөн бэ?
-МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй шаардлагад Засгийн газар нааштай хариу өгсөнгүй. Зарим төрлийн татвар, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа тул МҮЭ-ийн холбооноос эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
Бензин шатахууны үнэ нэмэгдүүлье гээд л яриад эхэлж байна. Цалин орлого нэмэгдээгүй, татвар нэмэгдчихсэн, бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн байгаа энэ үед бензин шатахууны үнийг нэмэгдүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. МҮЭ-ийн холбооны зүгээс ч хүлээж авахгүй гэдэг байр сууриа илэрхийлчихсэн байгаа.
-Уул, уурхай, эрчим хүч зэрэг хүнд хөдөлмөр эрхлэгчдэд хувь хүний орлогын албан татвар их хүнд тусч байгаа. Тиймдээ ч энэ салбарынхан ихээхэн бухимдалтай байна…
-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг хаа хаанаа ойлгож байна. Гэхдээ үнэхээр татвараа нэмье гэж бодож байгаа бол татварыг нь нэмж болох орлогын эх үүсвэрүүд бий. Нийтэд нь авч үзэх ёстой юм. Яагаад тэрбум, тэрбумын орлоготой хүмүүсийн орлогын татварыг нэмж болохгүй гэж. Бодох л асуудал. Төгрөгийн худалдан авах чадвар уначихсан. Цалин орлого нэмэгдээгүй энэ үед цалингаасаа нэмж суутгуулахад тохиромжтой эсэхэд эргэлзэж байна. Цалингаас цалингийн хооронд чадан ядан амьдарч байгаа хүмүүст нэг, хоёр хувийн татварын нэмэгдэл ч хүнд тусна шүү дээ. Тэр дундаа хүнд хортой нөхцөлд эрүүл мэндээ зольж ажилладаг уурхайчид, тээврийн ажилчдад маш хүндээр тусч байна. Тэдгээрт саяын хуулиас гурван төрлийн дарамт ирсэн. Нэгдүгээрт, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гардаг насыг 60 болгон сунгасан. Таван жилээр нэмсэн. Тэдэнд жилийн хэдхэн сар л гэр бүлийнхэнтэйгээ байх боломж олддог гээд боддоо. Уурхайчдын дундаж наслалт 57, нисгэгчдийнх 62, төмөр замчдынх мөн л 60 хүрэхтэй үгүйтэй байдаг. Гэсэн хэрнээ нийгмийн даатгалын шимтгэлийг ч хамгийн өндрөөр төлдөг. Үүн дээр хувь хүний орлогын албан татвар нь ч нэмэгдлээ. Ийм байхад бухимдахгүй яах билээ. Хамгийн их ачааг л тэдэнд үүрүүлж байна шүү дээ.
-ОУВС-аас татвар төлөлтийг олон улсын жишигт оруулах ёстой гэжээ. Тэгвэл олон улсын жишигт хэрхэн шийдсэн байдаг юм бэ?
-Ерөнхийдөө татварыг шатлалтай болгох ёстой юм. Би үүнийг хувьдаа дэмжиж байгаа. Үл хөдлөх хөрөнгүүд түрээслэх зэргээр хэдэн арван саяар сарын орлого нь яригддаг хүмүүс байдаг. Энэ хүмүүсээс яг орлогод нь тохирсон татвар авах хэрэгтэй. Олон улсын жишигт ч ингэж заасан байдаг. Тухайн өрхийн орлогыг гэр бүлийн гишүүдэд нь хувааж үзснээрээ төлөх татвар нь харилцан адилгүй байдаг. Нэг гэр бүл таван ам бүлтэй байя гэж бодъё. Сарын орлого нь нэг сая төгрөг. Нэг хүнд 200 мянган төгрөг нь ногдож байна. Амьжиргааны баталгаат доод түвшин 187 мянган төгрөг. Энэ гэр бүлийн гишүүд ядаж л хоол, хүнсний дутагдалд орохгүй байх хэмжээний орлоготой байна гэсэн үг. Тэгэхээр үүндээр үндэслэн төлөх татвар ч өөр байгаа хэрэг. Уурхайчид ч ялгаагүй. Эхнэр, хүүхэд, ээж, аавыгаа ганцаараа тэжээдэг шүү дээ.
Германд л гэхэд жилийн найман мянган еврогийн орлоготой бол шууд татвараас чөлөөлдөг. Чиний орлого хэрэгцээгээ хангахад тань хүрэлцэхгүй байгаа юм чинь татвар төлөөд хэрэггүй ээ гэдэг. Манайх татвар нэмэх шатлалыг хийчихсэн хэрнээ хөнгөлөх үйлчилгээ үзүүлэхгүй болохоор л ажилчдад хүнд тусч, бухимдал үүсээд байгаа хэрэг.
-Эсэргүүцлийн жагсаалд хичнээн тооны хүн оролцохоо мэдэгдээд байгаа вэ?
– Урьдчилсан байдлаар жагсаалд 15 мянга орчим хүн ирнэ гэж тооцоолж байгаа. МҮЭ-ийн гишүүд эсэргүүцэж, нийгмийн шаардлага байгаа учраас аргагүйн эрхэнд л жагсаал, цуглаан хийж байна л даа. Мөн манай гишүүн байгууллагууд эхнээсээ ажил хаялт зарлахаа мэдэгдээд эхэллээ. Тэр дундаа уул уурхайн салбарынхан ажил хаялт зарлана гэдгээ илэрхийлсэн.