Таныг машинаа бариад явж байхад яг зам дээр чинь хүүхдүүд гэнэтхэн гараад ирвэл та яах вэ? Таньд хүүхдүүдийг дайраад өөрийнхөө амийг аврах эсвэл ойролцоох ханыг мөргөж хүүхдүүдийн амийг авраад өөрөө амиа алдах гэсэн 2 л сонголт байгаа гээд төсөөл дөө. Ихэнх хүмүүс хүүхдүүдийн амийг л аврах нь чухал гэж хариулах байх гэж бодож байна.
За одоо тэгвэл арай өөрөөр бодоод үзэцгээе. Таны машин өөрийгөө жолооддог харин та зорчигч нь болчихсон явж байна гэж төсөөлье. Тэгвэл та хүүхдүүдийн амийг авраад өөрийнхөө амийг гаргуунд нь гаргаж чадах уу? Өмнөх тохиолдолд хүүхдүүдийг аварна гэж хариулсан хүмүүсийн ихэнх нь энэ тохиолдолд өөрийнхөө амийг аварна гэж хариулсан байсан. Ийм их эрсдэлтэй машиныг ер нь хүн худалдан авч унах уу гэдэг нь туйлын эргэлзээтэй асуудал байгаа юм.
Эндээс бидэнд “Өөрийгөө жолооддог машинд яагаад ийм хоёр сонголт л байдаг вэ?” гэсэн асуулт гарч ирж байна. Daimler AG компаний гүйцэтгэх захирал нэг удаа “Бид ямар ч үнээр хамаагүй зорчигчийнхоо аюулгүй байдлыг хамгаална” гэж мэдэгдэж байсан боловч яг цагаа тулахаар бүх машин үйлдвэрлэгчид энэ асуултанд хариулахаас бултдаг юм. Google компани “өөрийгөө жолооддог машин нь зам дээр байгаа хүн болон эд юмсыг мөргөхгүйн үүднээс ойролцоох ханыг очиж мөргөнө” гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ бол дотор нь сууж яваа зорчигч амь насаа алдана гэсэн үг билээ.