Categories
мэдээ цаг-үе

Х.Булгантуяа: Ройтерс Монголыг албан ёсоор хар жагсаалтаас гаргалаа гэж мэдээлсэн

Сангийн дэд сайд Х.Булгантуяатай ярилцлаа.


-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд татвар нэмсэн. Одоо харин эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор татваруудаа эргэн харах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүд хэлээд эхэллээ. Татварын орчныг ямар байдлаар өөрчлөх бол. Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-тай Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард дахин сууна гээд байгаа. Энэ хүрээнд ямар яриа өрнөх вэ?

-ОУВС-гийн ажлын хэсэг энэ сарын 25-нд ирнэ. Бид хүсэлтүүдээ өгсөн. Жил гаруйн өмнө ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцээр хийж байхад Хөгжлийн банкны бондын 580 сая ам.доллар, Чингис бондын 500 сая ам.доллар, энэ оны зургадугаар сард Дим Сам бондын 160 сая ам.долларын эргэн төлөлт гэхчлэн ар араасаа амьсгаа дарсан их өр төлбөрүүдийн асуудал байсан. Өмнө нь Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед төсвийн сахилга батыг сайжруулах, нэг төсөвтэй болох, зардлаа хумьж, орлогоо дайчлах зэрэг зөвлөмжүүдийг өгч байсан юм билээ. Тухайн үед нь дорвитой арга хэмжээ авч байгаагүй гэдгийг ОУВС-тай анх хэлэлцээрт орж байхад яригдаж, хэлэлцээр амаргүй түвшинд болсон.

Ард түмний нуруун дээр ирэх татварууд тэр дундаа НӨАТ-ыг 10 хувиас нэмэгдүүлэхээс эхлээд бидэнд санал тавьж байсан. Бид ард түмэн арай гэж НӨАТ төлөөд ebarimt ашиглаж эхэлж байхад татварыг нэмэх хэцүү. Монгол Улсын төсвийн 80 орчим хувь нь татвараас бүрддэг. Тэгэхээр гол татваруудаа оруулж ирэхийг биднээс шаардаж байсан л даа.

Барилга, уул уурхайн салбарынхан улирлын чанартай хүнд нөхцөлд ажилладаг, гэтэл өндөр цалин авдаг гээд татварыг нэмж авахаар боллоо гэдэг тухай бидэнд хэлж байгаа. Тиймээс ОУВС-тай хэлэлцээрт орохдоо тусгайлан харж үзэх талаар бид санал тавина.

-Бусад татваруудын талаар санал оруулахгүй гэсэн үг үү. Нефть импортлогчид 260 тэрбум төгрөгийн татаас өгөхгүй бол үнээ нэмнэ гэж Засгийн газарт шахалт үзүүлж байгаа гэсэн үнэн үү?

-Бензин, шатахууны онцгой албан татварыг хөндөхөөр саналаа хүргүүлж байгаа. Нефть импортлогчдын өмнө амаргүй нөхцөл байдал үүссэн байна. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ сүүлийн хэдэн жилд байгаагүйгээрээ өндөр байгаа л даа. Мөн валютын ханш өндөр байгаа нь нөлөөлж байна. Ам.долларын ханш хэдийгээр 2500 төгрөгөөс буурсан ч 2400 гаруй төгрөг байна гэдэг нь өндөр гэсэн үг. Энэ бүгдээс харахад хэрэглэгчдэд очиж буй шатахууны үнэ зайлшгүй нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Хуучин онцгой албан татвар 30-50 мянган төгрөг байсан бол өнөөдөр 260 орчим мянган төгрөг болсон.

Монголын хилээр орж буй бензин, шатахууны 60 орчим хувь нь дизель, 4-5 хувь нь 90-ээс доош октантай шатахуун эзэлдэг. Үлдсэн 35 орчим хувь нь 90-ээс дээш октантай буюу ахуйн хэрэглээний бензин байдаг. Бензин, дизелийн гол хэрэглэгчид нь уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар байдаг юм. Онцгой албан татварыг багасгана гэдэг нь уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт татаас өгч байгаатай ялгаагүй гэсэн үг. Өнөөдөр аль болох иргэдийнхээ нуруун дээр ачаалал өгөхгүй байх механизмаа олох ёстой гэдэг зөвлөмж өгч байсан. Монгол Улс импортоос 100 хувь хамааралтай. Тиймээс дэлхийн зах зээлийн үнийг тогтоож, барьж чадахгүй.

-Тэгээд чадахгүй гээд суугаад байх юм уу?

-Бид валютын ханшийг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломжоор хангахын тулд ажиллаж байна.

Бид импортоос хараат учир дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдэхэд үүнтэй уялдуулан уян хатан байдлаар онцгой албан татварыг тогтоох эрхийг УИХ-аас Засгийн газарт өгсөн байдаг. Засгийн газар Үнийн зөвлөлөөс ирсэн саналыг үндэслээд үнэ нэмэх, бууруулах шийдвэрийг гаргадаг. Гэтэл ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 90-ээс доош октантай бензин дээр 260 мянган төгрөг, дизель дээр 280 мянган төгрөг байхаар тогтсон. Энэ оны төсөв дээр 300 гаруй тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Онцгой албан татварыг бууруулбал төсвийн орлого тасрах нөхцөл байдал үүснэ. Нөгөө талаараа нийгэмд хор уршигтай. Тиймээс бид энэ талаар олон улсын байгууллагуудтай ярьж байна.

-ОУВС-д Хувь хүний орлогын албан татвар, Онцгой албан татварыг эргэж харах хоёр санал тавьсан гэсэн үг үү?

-Бид ОУВС-гаас хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын түвшинд хүргэх үүрэг даалгавар авсан. Энэ хүрээнд саяхан Төвбанкны тухай хууль батлагдан гарсан. Удахгүй Банкны тухай хууль батлагдах гэж байна. Өнгөрөгч баасан гаригт Засгийн газраас Хадгаламжийн даатгалын тухай хуулийг өргөн барьсан. Байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа. Нөгөө талаараа бид макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой. Бид хуулинд өөрчлөлт оруулах зүйлсийг цаг тухай бүрт нь хийж байна. Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайн гараад эхэлсэн. Монгол Улсын төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давсан. Эдийн засгийн өсөлт 3.8 хувьтай гарах байх. Эцсийн байдлаар хоёрдугаар сарын сүүлээр гарна. Эдийн засгийн өсөлт 3.8 хувьтай гарна гэдэг бол ОУВС-гийн тооцооллоос өндөр гэсэн үг. Тиймээс бид энэ нөхцөл байдал дээрээ үндэслэн зарим нэг зүйл заалтаа өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаачээ гэдэг санал тавих гэж байна.

Төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давсан хэдий ч манай орны хуримтлагдсан өрний дэргэд тун бага тоо. Бид орлого давж биелж байгаа юм чинь орлого давж биелж байгаа зүйлсээ багасгая гэхээсээ илүүтэй эдийн засгаа тэлэх, эрүүл мэнд боловсролын салбарт хөрөнгө зарцуулъя гэж байгаа юм. Монгол Улс хөдөлмөрийн насны нэг хүнд ногдож буй хүүхэд, ахмад настны тоогоороо нэлээд дээгүүрт ордог. Ийм орны хувьд боловсрол, эрүүл мэндийн салбарт илүү хөрөнгө хаяхаас өөр аргагүй байдаг. Энэ салбарууддаа анхаараачээ гэдэг зөвлөмжийг өгч байгаа. Хамгийн гол нь биднийг хуримтлал үүсгэ, гадаад, дотоодоос бонд гаргах хэмжээгээ багасга. Авлаа гэхэд хүү багатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авахыг зөвлөсөн.

-Оюу толгой компанитай холбоотойгоор 150 сая ам.долларын акт тавигдсан тухай мэдээлэл бий. Энэ ямар учиртай юм бол?

-Өмнө нь татвар дээр акт тавьсан ч удалгүй акт хүчингүй болсон гэдэг асуудал сөхөгдөж байсан. Ажлын хэсгийнхэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.

-Европын холбоо өнөөдөр (өчигдөр) Монгол Улсыг татварын хар жагсаалтад оруулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн. Энэ юу болох бол?

-ройтерс Монголыг албан ёсоор хар жагсаалтаас гаргалаа гэж мэдээлсэн. Үүнтэй уялдуулан удахгүй татварын багц хуулийг өргөн барихаар ажиллаж байгаа.

Э.БОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *