Categories
мэдээ нийгэм

Ахлах ангийн сурагчдад “Мансууралгүй ирээдүй бидний сонголт” сургалт болов

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас санаачилан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв болон Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, аюул уршгийн талаар бодит мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх сургалт болов.

Энэ удаагийн сургалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчид мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос хэрхэн сэргийлэх, ийм төрлийн бодисын хүний эрүүл мэндэд нөлөөлөх хор аюулын тухай ойлголтыг өгөв.

Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүмүүс бусдад уруу татагдах, интернетийн сүлжээг хяналтгүй ашиглан сонирхсон мэдээллээ авч чаддаг болсон зэргээс шалтгаалан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байгааг ЭЦА-наас сэрэмжлүүллээ. Иймд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн сургалтыг эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн сургуулиудад, цаашлаад бүх ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *