УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр байнгын хорооны дарга Д.Дамба-Очир банкууд охин банк байгуулдаг асуудал уг хуулийн хүрээнд тасалбар болж байгааг дуулгаад энэхүү заалтаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн юм. Одоогийн байдлаар Голомт, Улаанбаатар, Худалдаа хөгжлийн банк дэргэдээ охин компани байгуулаад буй аж. Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд охин компани байгуулах эрхийг цаашид олгохгүйн дээр одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудаа татан буулгах чиглэлийг Монголбанкнаас арилжааны компаниудад үүрэг болгоно гэдгийг Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байлаа. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад дийлэнх нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов.