Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчин багассан ч нярай хүүхдийн хатгаа хүндэрч байна

ЗурагЭрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томуу, томуу төст өвчний байдалтай танилцах хүрээнд Баянгол дүүргийн Эмүжин хүүхдийн эмнэлэг, тус дүүргийн хүүхдийн эмнэлэг, ахмадын эмнэлэг, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллажээ.

Эмүжин хүүхдийн эмнэлэг нь 24 цагаар тус дүүргийн хүүхдийн амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд энэ сарын 15-ний өдрийн байдлаар нийт 74 хүүхэд ирж үзүүлсний 51 хүүхэд өдрийн цагаар, 23 хүүхэд оройн цагаар буюу 17-19 цагийн хооронд ирж үзүүлж, зөвлөгөө авсан байна. Ирж үзүүлсэн хүүхдүүдийн 43 нь амьсгалын замын халдварт өвчтэй байсан байна. Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт энэ сарын 16-ны өдрийн 11 цагийн байдлаар 160 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус дүүргийн ахмадын эмнэлгийн 8 дугаар давхрын ахмад настны орыг чөлөөлөн нэмэлтээр 30 орыг хүүхдийн оронд шилжүүлж, хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Хүүхдийн амралт эхэлсэн, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа, бага насны хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгож байгаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчний өвчлөл багасч, эмнэлгийн ачаалал буурч байгаа талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ярьж байв. Өвчлөл багасч, ачаалал буурч байгаа боловч сүүлийн өдрүүдэд гол төлөв 1 хүртэлх насны хүүхдүүд хүндэрч ирж байгаа бөгөөд хатгалгаа өвчний шимэгдэлт удаан байгаа талаар Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Болормаа мэдээлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *