Хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Гантулга нарт холбогдох хэргийг УЕПГ-аас харьяалал тогтоож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Одоогоор түүнийг АТГ-ын газрын мөрдөн шалгах хэлтэст шинжилгээний дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй болон дотроосоо мэдээлэл задруулсан байх магадлалтай ШШҮХ-ийн шинжээч нарыг, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчийг, УИХ-ын гишүүн Д.Гантулгын хамтаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар: УИХ гишүүн Д.Гантулгаас өмнө нь нэг удаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн тайлбар мэдүүлэг авснаас хойш дахин байцаагаагүй аж. Харин гишүүний халдашгүй эрхтэй холбоотой зарим зүйл заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон учраас гишүүнээс мэдүүлэг авахад ямар нэгэн саад учрахгүй гэнэ.