УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлд амьгүй донороос эрхтэнг шилжүүлэн суулгах болон цус, цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, донор болох зөвшөөрлийг нас барахын өмнө өөрөөс нь, нас барсны дараа гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг эх, харгалзан дэмжигчээс авах, донорын эгнээг өргөжүүлэх, донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглож, хүний эрхтний наймаанаас сэргийлэх зэрэг заалтыг тусгаад буй.
Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, 25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ жолооны үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно гэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссаны дараа чуулганы хуралдаанд оруулж танилцуулахаар болов.