Categories
мэдээ нийгэм

ХУУЛЬ БУС АВТОМАТ ТОГЛООМЫН ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, гэнэтийн хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авчээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой нэр хаяггүй байранд автомат тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан газруудын олсон орлого, автомат тоглоомд ашиглагддаг төлбөрийн карт зэргийг хураан авсан байна. Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан” зөрчлийг илрүүлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгалтын ажиллагааг хийж байна.Түүнчлэн тухайн тоглоомын газруудаар үйлчлүүлж байсан 21-50 насны 100 гаруй иргэнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгажээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 83 хувь нь эрэгтэй, үүнээс 18-35 насны залуус 80 гаруй хувийг нь эзэлж байгаа гэсэн тоон үзүүлэлт байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *