Монгол Улсын гавьяат барилгачин Д.Баасанхүү гэргий А.Авидмаагийн хамт. 2018.01.06
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Хүн бүр өөр өөрийн замаар орчлонг бүтээж, өөр өөрийн замаар орчлонг туулж амьдардаг. Уртаас урт үргэлжлэх энэ замын алсад саад тотгор, гүвээ даваа, нугачаа олонтаа тохиолдох ч түүнийг даван туулах эр зориг хэрэгтэй бүлгээ. Бид энэ удаагийн “Танайд өнжье” булангаа шинэ оны босгон дээр Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар Монгол Улсын гавьяат барилгачин цол хүртсэн Доржцэвээний Баасанхүүгийнхээс бэлтгэлээ. Өнгөрөгч бямба гаригийн өглөө эртлэн шинэхэн гавьяатынхныг зорив. Түүний хувьд хувьхан заяаны харгуйгаа Монгол Улсын авто замын салбартай холбож хагас зуун жилийг зориулан ажиллаж буй эрхэм юм. Гэргий нь “Ийм эрт ирнэ гэж хэлэхгүй, жаал үүгээр сандарлаа шүү дээ. Гадуур хувцсаа тайлаад дээшээ сууцгаа” гэсэн бол Д.Баасанхүү гуай харин “Ойрд манайх хөлд дарагдаад зочин ихтэй байна” хэмээн инээмсэглэн угтлаа. Д.Баасанхүү гавьяат Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат. Хуучнаар бол Галуутайн хүрээний хүн л дээ. Сумандаа нэгдүгээр анги төгсөх жил нь гэр бүлээрээ Түдэвтэй, Нөмрөг сум гэх мэтчилэн нүүж явсаар 1967 онд Тосонцэнгэл суманд суурьшин аравдугаар ангиа дүүргэжээ. 1963 онд Завханы Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатад ашиглалтад орох үед гэрийнхэн нь тэнд ажиллахаар ийнхүү сум сум дамжин нүүдэллэсэн нь тэр юм байна. Багын хичээл номондоо гайгүй байсан тул 1968 онд Эрхүүгийн бэлтгэлд суралцаж эхэлсэн байх юм. Дараа жил нь Моксва хотын Авто замын дээд сургуулийг 1973 онд Зам харилцааны инженер мэргэжлээр дүүргэн шинэхэн боловсон хүчин эх орондоо ирж байсан тухай Д.Баасанхүү гавьяат ярьсан юм. Монгол Улсын гавьяат барилгачин Ж.Шуумаржаваас эхлээд цөөхөн ч гэсэн чанартай боловсон хүчин Москва хотын Авто замын дээд сургуулийг төгсөн гарчээ. Биднийг ийн ярилцаж байхад гэргий А.Авидмаа “Сонин байж магадгүй гээд адууны мах шарчихсан юм. Наад цайгаа хөрөхөөс нь өмнө уучих. Удахгүй бууз гарна” гэсээр гал тогооны өрөө рүүгээ яаран явлаа. Гал тогооны өрөөндөө идээ будаа, хоол цай болсныг харахад шинэхэн гавьяатын гэрээс ойрын хэдэн өдөртөө зочны хөл тасраагүйг илтгэнэ.
1972 онд Д.Баасанхүү гавьяат Элчин сайдын яам орчихоод метрогоор буцаж байхдаа гэргий А.Авидмаагаа харж, хааяадаа кино ший хамтдаа үзэж, хувьхан заяаны харгуй холбосон талаар дурсамж сөхлөө. Түүнээс хойш 45 жилийн он цагийн хуудсыг хамтдаа сөхөлцөн, элэг бүтэн, сэтгэл тэнүүн амьдарч яваа аж. Д.Баасанхүү гавьяат 1973 онд Москвад сургуулиа төгсөх үед нь А.Авидмаа гуай Москвагийн Хими, технологийн дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан байж. Д.Баасанхүү гуайг сургуулиа төгсөөд буцахад нь сэтгэлт бүсгүй А.Авидмаа нь хамтдаа монгол руугаа буцах шийдвэр гарган хамт иржээ. Гавьяат “Хувь заяаны тохиол гэж энэ байх даа” хэмээн гэргийгээ харан инээмсэглэн байсан юм. Тэднийх гэрийнхээ хойморт хоёр морин хуур залжээ.
Гэргий цэцэг тарих дуртай гэдэг нь түүний ургуулсан цэцгүүдээс харагдахаар байлаа. А.Авидмаа Завхан аймгийн Сонгино сумын харьяат юм билээ. “Зэргэлдээ шахуу сумын хоёр хаа байсан Москвад танилцаж байлаа шүү дээ” хэмээн нөхөртөө дөнгөж жигнүүрээс гарсан халуун бууз таваглан өгнө. Д.Баасанхүү, А.Авидмаа нар дөрвөн охинтой. Хүүтэй болох тэр хүслийг нь гүйцээх гэсэн мэт есөн зээгийнх нь долоо нь эрэгтэй юм байна. Удахгүй арав дахь зээ нь мэндлэх гэж байгаа тухай ярьцгаана. Том охин Должиндэмбэрэл нь олон улсын байгууллагад ажилладаг бол нөхөр Сүмбанд нь хувиараа бизнес эрхэлж байгаа бөгөөд гурван хүүтэй аж. Удаах охин Дашдэмбэрэл нэгдүгээр төрөхөд эх барихын эмчээр ажилладаг бол нөхөр Төмөрөө нь авто замын салбарт ажиллаж байгаа гэнэ. Тэднийх хүү, охин хоёртой гэж байлаа. Гутгаар охин Должинсүрэн нь АНУ-д нөхөр, хоёр хүүгийн хамт ажиллаж, амьдардаг юм байна. “Хүргэнийг маань Мөнхөө гэдэг. Америкт байхдаа танилцаж гэр бүл болсон. Хүргэнийхээ барааг хараагүй, зургийг нь л харсан” хэмээн Д.Баасанхүү гуай инээмсэглэсэн бол А.Авидмаа гуай хоёр удаа Америкт очихдоо хүргэнийхээ барааг хараад амжжээ. Харин бага охин Оюунсүрэн нь нөхөр Ариунбүүвэй, хоёр хүүхдийн хамт Австралид амьдарч байгаа аж.
2017.12.29-ний өдөр. Төрийн ордон
Хойно сургууль төгсч ирсэн залуус 1973 онд гэр бүл болж, хуучнаар 500 айл буюу одоогийн 3, 4 дүгээр хороололд гэр барин гал голомтоо бадраасан гэнэ. Гэрт амьдарч байсан тэд удалгүй Дэнжийн мянгад хашаа байшинд амьдарч, 1978 онд Шаазан ваарны үйлдвэрийн ард нэг өрөө байранд нүүн иржээ. Харин 1983 онд одоогийн амьдарч буй байрандаа төвхнөжээ. Тэднийг үерхдэг байхад Д.Баасанхүү гуайн ээж “Миний хоёр хүү явж гэрлэлтээ бүртгүүл” гэхээр нь 500 айлаас Октябрийн район руу алхаж гэр бүлээ батлуулж байсан дурсамж бий гэнэ.
Д.Баасанхүү гуай 1973 оны долдугаар сард Улаанбаатарт ирээд Зам гүүрийн барилга трестийн харьяа Хотын зам барилгын конторт мастераар ажлын гараагаа эхлүүлжээ. Тэр үед манай улсад авто замаар дагнасан инженер тийм ч их байсангүй. Зам барихаас илүү хотын шинээр баригдсан барилгуудын тохижилт буюу хороолол дундах зам, авто машины зогсоол зэргийг ихэвчлэн хариуцан хийлгэдэг байсан гэнэ. Хоёр жил мастераар ажилласан Д.Баасанхүү даамал болон дэвшсэн бол дөрвөн жилийн дараа байгууллагынхаа ерөнхий инженер болсон байх юм. 1979 онд Хотын зам барилгын конторынхоо дарга болсноос хойш “хурган” даргын албанаас харин ч нэг салаагүй гэнэ билээ. Том дарга болж дэвшиж яваагүй ч, хийж буй ажилдаа дуртай байсан болохоор харамсах зүйл байгаагүй гэж байлаа. 1981 онд Сайд нарын зөвлөлийн дэргэд Авто замын ерөнхий газрын барилгын хэлтсийн даргаар очин нэг жил гаруй болоод байж байтал дарга нь дуудан уулзахдаа “Хуучин тресттээ та эргэн очихгүй бол ажил урагшлахаа байлаа” гээд тресттээ буцжээ. Харин 1981-1990 он болтол тэндээ тогтвор суурьшилтай ажилласан юм билээ. 1990 онд Зам гүүрийн барилга трестийг зургаа хуваан хувьчлахад Д.Баасанхүү нэгийг нь авч 2001 он хүртэл ажилласан байна.
1976 онд инженер байхдаа Олон улсын Найрамдал зуслангийн 14 км авто замыг барихад оруулсан гавьяаг нь төр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль хүртээж байж. Нэг өдөр дарга нь өрөөндөө дуудаад “Төрийн ордонд очиж одон авахаар болсон, энэ зангиаг зүүгээд яв” гээд өөрийнхөө зангиаг тайлан зүүж өгөөд явуулжээ. Д.Баасанхүү гуай Төрийн ордны хойд хаалган дээр хүн гарч ирж дуудах байх гээд нэлээд удсан юм байх. Ямар ч хүн ирж дуудахгүй болохоор нь ажил дээрээ яваад очтол дарга нь “Чи яахаараа шагнал авдаггүй юм” гээд донгодсон аж. Урд хаалгаар оруулдгийг нь мэдэлгүй хойд хаалган дээр нь өдрийн хагасыг өнгөрүүлсэн дээ хэмээн хошигнон ярьсан юм. Түүнээс хойш 1984 онд Алтан гадас одон, 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж байсан түүхтэй, ахмад замчин билээ. 1980 оны үед хойно төгссөн авто замын 20 орчим инженер ажилладаг байсан бол тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж тийм ч сайн байгаагүй гэнэ. 1984-1987 онд тролейбусны 30 гаруй км авто зам тавьж байсан түүх ч Д.Баасанхүү гавьяаттай холбоотой. Гавьяатыг хойно сургуулиа төгсөөд ирэхэд нийслэлд 250 орчим км авто зам байсан бол 1990 онд ажлаа өгөхөд нь 450 км болж нэмэгдсэн байсан шүү хэмээн ярьж байсан юм. Ялангуяа 2012-2016 онуудад “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын зам, уулзваруудыг шинэчилснээр түгжрэл тун аятайхан цэгцрэх маягтай болсон гэдгийг онцолж байлаа. Харин энэ үеэр Д.Баасанхүү гуайн дүүгийнх нь зээ хүү Батдэмбэрэл “Манай ах мундаг байгаа биз дээ. Та нар чинь цай хоолоо идэхгүй ингээд яриад байх юм уу” гэсээр цайгаа уухыг сануулсан юм.
“Улаанбаатарын ерөнхий төлөвлөлт тэр үед ямархуу байсан юм бол. Одоо ч эх захгүй л юм болж. Замаа өргөтгөх ч боломжгүй” хэмээн үг унагатал “1990 он хүртэл гайгүй байсан юм. Оросууд хоёр удаа манай хотын ерөнхий төлөвлөгөөг хийгээд өгчихсөн. Тэр дагуу хөгжиж байсан юм шүү. Одоо зам барих, өргөтгөх ч газаргүй боллоо” гээд бидний яриа цааш өрнөлөө. Хашир замчнаас замын чанар муу байгаа талаар тодруулахад “Сайн, муу аль аль нь бий л байх. Иргэд аймаг руу давхиад үз. Сүүлд тавигдаж буй замын чанар сайжирсан. Өвөрхангай, Дарханы зам хуучирсан. Энэ замуудыг хэсэгчилэн зассан болохоос бүгдийг нь засаагүй. Нөхөөс хийх маягаар явдаг. Энэ цаагуураа хөрөнгө мөнгөтэй холбоотой юм. Хариуцлагагүй хүмүүсээс болж хариугүй зам тавьсан нь ч бий” гэж байлаа. Иргэдийн зүгээс хятадуудын тавьсан зам сайн, монголчуудын тавьсан зам муу гэж ярьдаг ч эхэндээ манайхан туршлага, мэдлэг дутуугийн улмаас тааруухан зам тавьж байсан тал бий ч одоо хэнээс ч дутахгүй сайн зам тавьж байгаа хэмээн хэлж байсан юм. Сайн зам тавихын тулд мэргэжилтэй инженерүүд чухаг байгаа гэлээ. Хэдийгээр төрийн, хувийн хэвшлийн сургуулиас маш олон залуус инженер болон төгсдөг ч практик дээрээ гараад ажиллаж чадахгүй байна гэдгийг хэллээ. Хамгийн гол нь замын салбарт ажилладаг хүмүүс “замаар өвчилсөн” байх хэрэгтэй болохоос мөнгө олох хэрэгсэл болгож болохгүй гэж байлаа. Чаддаг, чаддаггүй цүнх барьсан хүмүүс замын тендер авч ажлаа “халтуурддагаас” болж нийт замынхны нэр хүнд давхар унаж буйд сэтгэл зовниж явдгаа хэлсэн юм. Сүүлдээ энэ бүхэн цагаандаа гарч “Тэдэн төгрөг өгчихвөл тендер авч өгье” гэж ярьдаг болсон. Аль ч намын үед ийм зүйл гарах болсонд үнэхээр сэтгэл дундуур явдгаа ярьж байв. Цүнх барьсан дарга ирээд зам барьчихдаггүй юм хэмээн хэлж байсан нь одоо ч чихэнд сонсогдох мэт.
Бидний замын талаарх яриа өрнөөд дуусахын хэрд А.Авидмаа гуайгаас нөхрийнх нь талаар сониучирхан асуухад анх танилцах үед нүдийг нь хараад “Надад хань болох хүн юм байна” гэж таньсан тухай хэлж байлаа. Миний хань Цагаан даваа, Солонготын давааг засч олон хүнд буян болсон. Энэ мэтчилэн том том ажлуудын ард гарахад нь ханиараа бахархдаг гэж байлаа. Д.Баасанхүү гуай хөдөө гадаа ажлаар их явдаг ч арыг нь найдвартай дааж үлддэг хүн мэдээж гэргий нь. Залуу байхад их ажил, үр хүүхэд өсгөх асуудал дээр тэр бүр түүртэж байгаагүй аж. А.Авидмаа гуай МУИС-ийг химич мэргэжлээр төгсөн Түлш эрчим хүчний яамны Эрдэм шинжилгээ зураг төслийн институцид эрдэм шинжилгээний ажилтан, инженерээр ажилладаг байсан гэнэ. Монголын нүүрсний ордуудын бүх шинжилгээг хийдэг байж. Сүүлд нь ТЭЦ IV Нүүрсний хяналтын шинжилгээний лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. “Манай Баасан чинь сайн өвөө, сайн ах, сайн нөхөр, сайн найз байж чаддаг. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Манай хүнийг трестийн дарга байхад маш олон хүн орон сууцтай болсон доо. Их л төлөв түвшин хүн дээ” хэмээн тодорхойлсон юм. Биднийг орж ирсэн цагаас эхлэн урд хойгуур нэг муур хөлд орооцолдон эрхэлж байсан нь Австралид буй зээ охиных нь гэж байлаа. Тэд гурван өрөө байранд амьдардаг юм билээ. Жижиг өрөөндөө амардаг бөгөөд гоё чамин зүйлсээр өрөөгөө гоёохоос илүүтэйгээр амрах тав тухтай орчныг бүрдүүлжээ. Харин нөгөө өрөөнд нь спортын ойр зуурын хэрэглэл нүдэнд тусч байсан юм.
Баруун замын трестийнхэн 1981 онд Өвөрхангай аймаг руу авто зам тавьж эхэлснээр Монгол Улсыг авто замын нэгдсэн сүлжээтэй болох эхлэл тавигдаж, 2000 оноос хүчтэй яригдан, 2007 онд ажил хэрэг болгохоор шаргуу ажиллаж эхэлсэн юм байна. Д.Баасанхүү гавьяат 2007 онд Зам тээврийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ажлаа эрчимжүүлэхээр зориг шулуудсан байх үед салбарын сайд Р.Раштай үзэл бодол таараагүйн улмаас ажлаасаа хөөгдөж байж. Тэрбээр “Манайхан эдийн засгаа бодоод ашгаа харах юм бол нэг ч ашигтай зам байхгүй. Дархан, Сэлэнгийн зам л ашигтай байхаас бусад замаар өдөрт 50-60 машин зорчих нь энүүхэнд. Тиймээс ашгаас илүү нийгмээ бодох чухал. Зам алсуураа ашгаа өгдөг” гэж байв. Манайхан 44 тонноор хязгаарлан авто замаар том оврын тээврийн хэрэгсэл явуулахгүй байгаа нь буруу гээд зам л байгаа бол түүнд таарсан стандартын дагуу замаа тавих нь чухал гэдгийг онцолж байв. Сайн чанартай зам тавихад үнэ чухал гэж байсан юм. Хуучин нэг км авто замыг 60 мянган төгрөгөөр тавьдаг байсан бол одоо 700 сая төгрөгөөр нэг км авто зам барьж байна. Гэтэл м2 орон сууц 1.8-2.0 сая төгрөг байхад замтай харьцуулан тооцвол нэг м2 авто зам 100 мянгөн төгрөгөөр баригдаж байгаа гэдгийг хэлж байлаа. Тиймээс энэ үнийг жаахан нэмээд өгвөл удаан эдэлгээтэй, чанартай сайн зам бий болно гэдгийг хэллээ.
Гэр бүлээрээ
Тэд зочны өрөөгөө гэр бүлийнхээ зургуудаар гоёсон байлаа. Мөн уран бичлэг, Японы Фүжи уул, Отгонтэнгэр хайрхан, хутагтуудын зургууд үнэхээр чимэг нэмсэн гэдэг нь харагдаж байлаа. Гэргий А.Авидмаагийн аав нь Аварын Авирмэд гэж Их сургуулийн профессор байсныг манай уншигчид мэдэх байх. Жил бүр Завхан аймгийн Сонгино суманд аавынхаа нэрэмжит олимпиад, олон ном уншсан хүүхдүүдийг урамшуулахаас эхлээд нэлээдгүй ажлыг хийж байгаа аж. Д.Баасанхүү гуайн хамгийн үнэт зүйл нь гэр бүл. Хутагтын нутгийн хүн учраас Отгонтэнгэр хайрхан, есөн хутагтаа сэтгэлдээ сүсэглэж явдаг гэв. Залуу байхдаа авто машин, ангийн хорхойтой байж. “Одоо ан хийвэл нүгэл шахуу юм болно” гээд инээмсэглэнэ. Д.Баасанхүү гуай ах дүү тавуулаа ч одоо гурав нь мэнд тунгалаг байгаа юм билээ. Дүү Нямдаваа нь ахтайгаа хамт ажилладаг бол эмэгтэй дүү Оюунцэцэг нь тэтгэвэрт байдаг гэлээ. Д.Баасанхүү гавьяат 2001 онд Тээврийг хөгжүүлэх төслийн удирдагчаар ажиллаж байхдаа Цагаан давааг 20 гаруй метрээр намсгаж, Солонготын даваагаар машин явах хэмжээний болгож байжээ. Түүнчлэн Баарангийн даваанаас эхлээд Шарга, Хүйсийн говиор тавигдсан гэхчилэн баруун аймгуудын авто зам, 2000 оноос өмнөх Улаанбаатар хот доторх бүх замыг барихад гар бие оролцож байсан юм билээ. 2008 онд Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомт хүртэлх 300 гаруй км авто зам дээр хяналт тавьж өгөөч гэхээр нь хоёр жил ажиллаад дуусгажээ. Их ажлын ард гарсныхаа дараа авто замын зургийн болон зөвлөгөө өгдөг “Ар си эс си” компаниа байгуулах санаа төрж, тэр ч хүрээндээ байгуулаад авч. Одоо тус компани замын зураг, ТЭЗҮ хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Энхтайвны гүүрнээс баруун тийшээ гардаг замаас эхлээд Яармагийн гүүрнээс станцын уулзвар хүртэлх зам гээд “Гудамж” төслийн хүрээнд нэлээдгүй олон зураг, Сэлбэ голын ТЭЗҮ, Зүүнхараа хот доторх ТЭЗҮ хийсэн гээд олон ажлыг тэд гүйцэтгэжээ.
Зундаа Нийслэлийнхний хамгийн их сэтгэл зовоосон зүйл борооны дараах усаа хэрхэн зайлуулах вэ гэдэг асуудал. Замын борооны усыг зайлуулахгүй бол сайхан сайхан бүсгүйчүүдээ шавраар будаад дуусдаг талаар хөгжилтэй зүйлийг гавьяат маань ярьсан юм. Бага тойруугийн замыг хятадууд хийхдээ усны хоолойг сайтар шийдэж өгсөн бол сүүлд нь манайхан оросуудтай хамт зам барихдаа хонхор байдлаар шийдсэн нь өнөөдөр бидний тулгамдсан асуудал болсон юм байна. Д.Баасанхүү гуай анх замын салбарт ажиллаж эхлэхдээ л борооны усыг зайлуулах асуудлаа хамгийн түрүүнд шийдэх ёстой гэдгийг хамгийн их ярьдаг байсан хүний нэг. Энэ бүхнийг системтэйгээр шийдэх ёстой гэж байв. Үүндээ хотын удирдлагууд анхаарч байхгүй бол хот усандаа живчихэж мэднэ гэдгийг сануулав. Д.Баасанхүү гуайн компани Увс аймгийн Хяргас сумаас Завханы Сонгино сум хүртэлх, Оюу толгойн 30 км дээр зөвлөгөө өгч байгаа гэнэ. Түүнээс өөрөөр томоохон ажил алга гэж байсан юм. Энэ мэтчилэн өдрийн хагаст шахам замын тухай ярьцгаасаар үд болголоо.
Д. Баасанхүү, А.Авидмаа нар. 1973 он
Айлд нөхрийнх нь нэрээр орж гэргийнх нь нэрээр гардаг гэдэг. А.Авидмаа гуай яриа хөөрөөтэй, нөхөрсөг, нийтэч, цай хоолондоо ч гаргууд сайн ажээ. Хөнгөн шингэн ч гэж жигтэйхэн. Чөлөөт цагаараа ууланд алхаж, спортоор хичээллэх дуртай юм билээ. Д.Баасанхүү, А.Авидмаа гуай нар гадагшаа явбал очсон орноосоо заавал дурсгал болох зүйлс авч ирж гэрээ тохижуулдаг гэж байлаа. Олон орны хүүхэлдэйн сувинер, заанаас эхлээд гэрээ тохижуулсан нь одоо ч нэн тодхон сэтгэлд зураглан үлджээ. Хагас зуун жилийн амьдралаа авто замын салбарт өнгөрүүлсэн Д.Баасанхүү гавьяатын үүх түүхийн зах зухаас сийрүүлэхэд ийм байна. Шинэ оны босгон дээр хийсэн бүтээснээ төрд үнэлүүлсэн Монгол Улсын гавьяат барилгачин Д.Баасанхүү, А.Авидмаа нар дахин ирэхийн ерөөл өргөж, “Өдрийн сонин”-ы хамт олонд ажлын амжилт хүссээр үлдлээ.