Categories
мэдээ цаг-үе

Б.Хэрлэн: Волейболын спорт хүүхдийн сэтгэхүйд багаар ажиллах чадварыг суулгаж өгдөг

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш, “Энагурэ” клубын дасгалжуулагч, волейболын спортын олон улсын хэмжээний мастер Б.Хэрлэнтэй ярилцлаа.


-Таны волейболын спорттой холбогдсон түүхээс ярилцлагаа эхэлье. Тухайн үед энэ спорт манай улсад төдийлөн хөгжөөгүй байсан шүү дээ?

-Би спортын гэр бүлд өсч хүмүүжсэн л дээ. Нийслэлийн зургадугаар дунд сургуульд суралцаж байхдаа Базарсүрэн багшийн удирдлагад спортоор хичээллэж эхэлсэн. Дараа нь биеийн тамир, спорт сургалтын төвд орсон цагаас хойш Номуунбаяр багшийн удирдлагад волейболын спортоор хичээллэсэн. Ээж маань “Замчин” спорт клубын сагс, волейболын шигшээ багт тоглодог байсан нь энэ спортыг сонгож хичээллэхэд их нөлөөлсөн. Тиймээс энэ гайхалтай спортод намайг дурлуулсан хүн бол миний ээж. Хичээллэж эхлээд мини волейболын улс болон дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож их урамшсан.

-Насанд хүрэгчдийн лигийн тэмцээнд хэдэн оноос тоглож эхэлсэн бэ?

-Ерээд онд юм даа. “Голомт” банкны “Бодь интернэшнл” гэдэг багт Цоггэрэл, Нарантуяа, Т.Оюундэлгэр, Энхмаа, Отгончимэг гээд үеийнхнийхээ хамт тоглож байсан. Тэр үед манай баг хожигдохгүй байсан учраас удирдлагууд “Сал, өөр өөр багт оч” гэсэн шаардлага тавьсан. Улмаар волейболын спортыг хөгжүүлж, лиг үүсгэхийн тулд баг маань тарж бид “Ноён”, “Эрчим”, “Хөдөлмөрийн дээд сургууль” гээд багуудад хуваарилагдсан. Энэ үед өнөөдрийн шилдэг клубуудын суурь тавигдаж байсан даа. Би “Ноён” багт очиж эхний жилийн лигийн тэмцээнд түрүүлээд 1992 онд анх удаагаа хилийн дээс алхаж Ардчилсан Солонгосд олон улсын тэмцээнд оролцож шилдэг тамирчнаар шалгарч байлаа. Дараа нь 1994 онд Азийн тоглолт Японы Хирошима хотод зохиогдоход оролцож шилдэг давуулагчаар шалгарч байсан. Энэ амжилтаараа 2002 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.

-2000 онд Монголд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоход манай баг амжилттай тоглож Хятадын багийг хожиж мөнгөн медаль зүүсэн. Тэр багийн гол тоглогчдын нэг нь та байсан шүү дээ?

-Манай баг анх 1998 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Макао болон Хонконгийн багуудыг хожиж их урамшсан. Дараа нь 2000 онд Монголд зохиогдоход нь олон улсын тэмцээний туршлагатай болсон байсан л даа. Тэр үед “Жайка”-гийн шугамаар ирж ажиллаж байсан япон дасгалжуулагч, Баасансүрэн, Халзан багш нарынхаа удирдлага дор бэлтгэл маш сайн хийсэн байсан учраас Бөхийн өргөөнд дүүрэн цугларсан монголчуудынхаа уухайн доор Хятадын багийг хожиж байлаа. Эргээд бодоход хамгийн сайхан дурсамжтай үе тэр юм даа. Багийн гишүүд бүгд бэлтгэлээ чин сэтгэлээсээ хийж, нэг баг болж чадсан учраас шигшээд шалгарсан.

-Хэзээнээс дасгалжуулагчаар ажиллах болов?

-Би МУБИС-ийн дасгалжуулагчийн анхны ангийг гавьяат багш Халзангийн удирдлагад 17-уулаа суралцаж дүүргэсэн. Тэгээд 1997 оноос Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багшилж эхэлсэн цагаас хойш л дасгалжуулагчийн албанд шилжсэн дээ. Дасгалжуулахын хажуугаар өөрөө тоглоод шавь нартайгаа бэлтгэл хийгээд л явж байна.

-Таны шавь нараас олон улсын цол зэрэгтэй олон тамирчид төрсөн байх. Шавь нарынхаа талаар ярихгүй юу?

-Олон тамирчид байгаа. Хамгийн сүүлд гэхэд “Энагурэ” багийн анхны гишүүд маань “Тэнүүн Огоо” багийн нэрийн өмнөөс тоглож 2017 оны клубуудын аварга шалгаруулах “Холбооны цом” тэмцээнд түрүүлсэн. “Тэнүүн Огоо”-гийн шавь нар маань Тайланд болон Монголд болсон тэмцээнүүдээс мөнгө, хүрэл медаль хүртсэн. Өнөөдөр бүгд олон улсын хэмжээний мастер цолтой шилдэг тамирчид болсон байгааг нь харахад бахархах сэтгэл төрдөг шүү. Эдний дараагийн үеийн хүүхдүүд маань мөн л амжилтын гараагаа эхэлж 2017 оны “Холбооны цом” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Миний шавь нар цаашдаа олон жил сайн тоглож тив, дэлхийд улсынхаа нэрийг дуудуулах амжилт гаргана гэж найдаж байна даа.

-“Энагурэ” гэж клуб Монголын волейболыг шинэ түвшинд гаргаж ирсэн. Энэ багийн амжилт тантай салшгүй холбоотой. Энэ хамт олонтой яаж холбогдож байсан бэ?

-Би 2006 онд охинтой болоод жил гаруй спортоос холдсон. Дараа нь Солонгосоос ирсэн багш волейболын тамирчдыг шалгаруулж бэлтгэл хийлгэж байгаа талаар найзаасаа сонссон. “Их засаг” их сургууль дээр очиж шалгаруулалт өгөөд анх Жан Жин Хутай танилцаад өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна даа. Тухайн үед өндөр нуруутай хүүхдүүдийг сонгон авч волейболын спортыг анхнаас нь системтэйгээр зааж, техникийг нь зөв эзэмшүүлж байсан. Тэр хүүхдүүд нь өнөөдөр Монголын волейболын спортын нүүр царай болоод явж байна. Энэ эрхэм бол Монголын волейболын спортод үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, шинэ түвшинд гаргаж ирсэн хүн.

-Волейболын спортын давуу тал нь юу вэ? Хүүхэд энэ спортоор хичээллэснээр юуг олж авах вэ?

-Хамгийн том давуу тал бол хүүхдийн сэтгэхүйд багаар ажиллах чадварыг суулгаж, эвсэг нийтэч зантай болгож өгдөг. Үүнээс гадна богино хугацаанд оновчтойгоор зөв шийдвэр гаргах чадвар эзэмшүүлдэг. Волейболын спорт тамирчнаас асар богино хугацаанд зөв оновчтой шийдвэр гаргаж эсрэг багийн сул тал руу довтлох ур чадварыг шаарддаг. Энэ чадварууд ажил дээр гарахад нь хэрэг болдог учраас волейболчид маань амьдралд гялалзаж явах нь олон.

-Хүүхдийг волейболын спортоор хэдэн наснаас хичээллүүлбэл тохиромжтой вэ?

-Волейбол олон техник шаардсан спорт учраас Монголын нөхцөлд хүүхдийг наймаас арван насанд нь суурь техникүүдийг зөв эзэмшүүлбэл зохимжтой. Азийн бусад орнуудын хувьд таваас зургаан насанд нь суурийг нь тавьдаг юм байна лээ. Манай монгол хүүхдүүдийн хувьд наймаас арван наснаас эхэлж хичээллүүлбэл үр дүнтэй. Хөдөө орон нутагт хүүхдүүдийг багаас нь зөв системтэй бэлтгэж байгаа Багануурын Эрдэнэчулуун, Дундговийн Гаамаа гээд олон багш нар байгаа. Эд нар маань волейболын спортод том хөрөнгө оруулалт хийж байгаа юм шүү. Олон хүний хичээл зүтгэлээр Монголын волейбол урагшилж байгаа. Манай “Энагурэ” багийн хувьд арав болон арваннэгдүгээр ангийн сурагчдыг шалгаруулж аваад их сургууль төгстөл нь гэрээ байгуулдаг. Нэг бүхэл баг болж төлөвшиж амжилт гаргахад дөрвөөс таван жилийн хугацаа шаардлагатай байдаг. Бидний хэтийн зорилго Дэлхийн оюутны универсиад наадамд улсаа төлөөлж амжилттай оролцоход оршиж байгаа.

-Энэ спорт монгол хүний биеийн онцлогт хэр тохирсон спорт вэ?

-Ардын хувьсгал ялснаас хойш Монголд хамгийн түрүүнд хөгжсөн спорт бол волейбол л доо. Тухайн үед монголчууд нуруугаар намхан байсан бол өнөө үеийн 2000-гаад онд төрсөн хүүхдүүдийн нуруу өндөр болжээ. Тиймээс өнөөгийн залуусын хичээллэхэд хамгийн тохиромжтой спортуудын нэг волейбол юм. Удахгүй волейболын тамирчид тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх цаг ирнэ ээ. Хамгийн гол нь хичээллэж эхэлж буй хүүхдүүд энэ спортын төлөө сэтгэл зүрхтэй байх нь чухал.

-Волейболын спортыг Биеийн тамир, спортын газраас улсын албан бус шигшээгээр барьж байгаа. Монголын спортын шигшээ багийн ирээдүйг та яаж харж байна вэ?

-Волейболын холбооны удирлагууд маань сайн ажиллаж энэ спортыг албан бус шигшээ багаар бүртгүүлсэн. Одоо 15, 16-тай бэлтгэл хийж байгаа хүүхдүүд маань насанд хүрэгчдийн ангилалд ороод ирэхээрээ тивийн хэмжээнд амжилт гаргана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Энэ спортоор хичээллэж байгаа хүүхэд залуусын тоо сүүлийн жилүүдэд эрс өсч үүнийг дагаад сонирхогчид ч олширсон. Таван мянган хүний суудалтай “Буянт-Ухаа” спортын ордныг волейбол сонирхогчид л дүүргэдэг дээ.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *