УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Оюутолгой” компанийн талаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би тэдний өмнөөс, Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын хувьд “Рио тинто” компанийг Монголын ард түмний нийгэм, эдийн засгийн хөгжилд хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. “Оюу толгой” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй, манай орны эрх ашгийг хохироосоор өдийг хүрлээ. Тэд эхний ээлжинд зам тээврийн асуудлыг авто болон төмөр замын аль ч хэлбэрээр шийдэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр Монголчуудын чадан ядан барьж байгуулсан авто замаар чихэлдэж, давуу эрх эдэлж тээвэрлэлт хийж олон мянган жолооч зуун зуун км-ын дараалалд саатаж түвэг бэрхшээл үүсэх нэг нөхцөл болж байна.
Мөн Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан. Гэтэл үүнийг хэрэгжүүлээгүй. Жил бүр 140-150 сая долларын цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэсээр байна. Цааш нь нөгөө Зэс хайлуулах үйлдвэр байгуулах яасан бэ. Алт болон бусад эрдсийг нь тооцохгүйгээр гурван сая гаруй тонн зэсийн баяжмалыг концентраци хэлбэрээр нь гаргасаар байна. Түүнчлэн Монголын ард түмний баялгийг олборлон хангалттай ашиг олж байгаа энэ компани нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллахгүй байна. Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр босгосон, Өмнөговь аймгийн хөгжилд зориулж жил бүр таван сая төгрөгийн төсөл санхүүжилтийг өөрсдөө оролцож хэрэгжүүлсэн төдийхнөөс өөр дорвитой ажил зохион байгуулахгүй байна. Жишээ нь, “Оюутолгой”-н баялагт түшиглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумыг өргөжүүлж, орчин үеийн Ханбогд хэмээх шинэ хот яагаад байгуулж болохгүй байна. Гэтэл Монголын Засгийн газрын нэрийг барьж гадаадад том том арилжаа хийж, хөрөнгө босгож, тэрбум тэрбум долларын санхүүжилт олж байгаа хэрнээ манай улсад хөрөнгө оруулалт хийхгүй байгаа нь бидний тэвчээр алдрах нэг шалтгаан болж байна.” гэв.