Categories
мэдээ цаг-үе

Дархан аварга А.Сүхбатаас хойш бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж буй хүчтэн Төрөөгийн Баасанхүү

Монгол өв соёлын томоохон дархлаа болсон монгол үндэсний бөхийн барилдаан бол ард түмэн бидний цэнгэл баярын өлгий байдаг. Харамсалтай нь энэ сайхан цэнгэл баярын өлгий болсон монгол үндэсний бөхийн барилдаан маань сүүлийн үед мохож үгүй болж байна гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Учир нь өнөөдөр монгол үндэсний бөхөд үзэгчдийг уулга алдуулсан уран хурц дайчин барилдаан, торгон мэдрэмж гэсэн ойлголт бараг үгүй болжээ. Зарим тохиолдолд нэгийн даваанд улсын том цолтой бөхчүүд учраа залуучуудтайгаа барьц сонгох хүртэл энэ тэнцүүхэн, ач тач үзэлцэж, бүр өвдөг шороодох нь ч харагдах юм. Энэ бол маш эмгэнэлтэй явдал юм л даа. Дээр үеийн аварга, арслангууд нэг болон хоёрын давааны учраануудтайгаа барилдахдаа төдийлөн удалгүй гуд гуд татаад л туг тойрдог байсан шүү дээ. Үүний баталгаа нь монгол бөхийн түүхэнд “гарлаа давлаа” нэрээр алдаршсан гавьяат тамирчин, дархан аварга Дарийн Дамдин юм аа. Мөн хорьдугаар зууны манлай монгол бөх, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хорлоогийн Баянмөнх нэгэн ярилцлагадаа “Би энэ жилийн наадмын тав, зургаагийн даваанд хэнтэй барилдлаа даа” гэж хэлсэн нь бий. Учраа бөхөө шүргээд л өнгөрдөг байсан нь эндээс илхэн харагдаж байна. Гэтэл өнөөдөр жин масс ихтэй, бүдүүн гуятай бөхчүүд хэн хэнийхээ мэх хийхийг хүлээгээд хараад л зогсдог болжээ. Бөхөө дээдэлдэг, бөхдөө хайртай, шимтэн үзэж цаг заваа зардаг ард түмэн ийм барилдаан хүсдэггүй шүү дээ. Яг ийм үед үндэсний бөхийн барилдааныг нэгэн шинэ дэвшилд хүргэж өөрийн уран, дайчин, мэдрэмжтэй барилдаанаараа гайхуулж яваа хүчтэн бол Увс аймгийн Тэс сумын харьяат “Кориа оптик Монголиа” компанийн бөх улсын харцага Төрөөгийн Баасанхүү гэж залуу. Дэвшилд хүргэсэн гэхийн учир нь монгол бөхөд харагдаж үзэгдэхээ больсон ховор мэхүүдийг хийж шинэ үеийн бөх сонирхогчдод харуулж таниулж буй хүчтэн бол улсын харцага Т.Баасанхүү юм. Өөрөөр хэлбэл “Бөх морь хоёр жижигддэггүй” –н жишээг сүүлийн үед тод томруунаар харуулж буй хүчтэн юм даа.

Тэрээр бөхийн орчинд өссөн бөгөөд өсвөр насандаа жүдо болон самбо бөхөөр хичээллэж байсан залуу нэгэн овооны наадамд барилдаж түрүүлээд бөх болохоор шийдэж 2004 оноос бөхийн бэлтгэл хийж эхэлжээ. Харин 2009 онд Увс аймгийнхаа баяр наадамд өөрийн төрсөн ах Т.Мягмаржавтайгаа үлдэж үзүүрлэснээр аймгийн заан цол хүртэж анхны томоохон амжилтаа гаргажээ. 2011 оны хавар цаг байсан санагдаж байна. Орхон аймагт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа, улсын заан М.Өсөхбаяр, Ч.Батзориг, Д.Амгаланбаатар нараар ахлуулсан хүчит 64 бөх барилдахаар бүртгүүлжээ. Сонирхолтой нь барилдааны түрүү үзүүр булаацалдахаар аралтай заан Ц.Мягмарсүрэнтэй Увсын жижигхэн туранхай аймгийн заан шалгарч үлдсэн нь өнөө цагийн монгол бөхийн дэвжээг уран, дайчин барилдаанаараа чимж буй улсын харцага Т.Баасанхүү байжээ. Энэ барилдааны дөрвийн даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын хүчтэй гарьд Д.Рагчааг, тавын даваанд тухайн үед улсын наадмын түрүү бөхийн тааварт яригдаж байсан Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаярыг тунаж даваад хамгийн сүүлд Ховд аймгийн Мөст сумын харьяат улсын заан Ц.Мягмарсүрэнг элдэвтэй барилдаанаараа илүүрхэж түрүү бөхөөр тодорч бөхийн ертөнцөд шуугиан тарьсан даа. Дараахан нь 2012 оны зун Өмнөговь аймгийн наадамд очиж нутгийн бөх улсын начин Б.Шоовдорын хүү Дарханбатаар найм даван түрүүлж аймгийн арслан болсон байдаг. Цол дагаж бяр нэмсэн залуу арслан Монгол бөхийн өргөөнөөс зохион байгуулсан “Нутгаан дуурсгана” тойргийн барилдаанд Увс аймгийн “Увс нуур” дэвжээгээ төлөөлөн 54 барилдаан хийхдээ 47 даваа авч тэргүүлсэн. Уул нь энэ барилдаанд Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын шилдгүүд тус тусын нутгаа дуурсгаж хүч үзсэн ч Тэсийн залуугаас давсан амжилт үзүүлж чадсангүй.

Тэрээр өсвөр насандаа нэгэн цагт монгол бөхийн дэвжээг чимж явсан зургаан залуу зааны тэмцлийг харж, тэр дундаа уран барилдаант дархан аварга А.Сүхбатын элдэвтэй барилдааныг биширч өссөн талаараа ярьж байв. Харин түүний гаргасан амжилтуудыг дархан аварга А.Сүхбат өндрөөр үнэлж том найдвар хүлээлгэж “Ирээдүйн аварга” шагналаа гардуулсан нь бий.

Монгол бөхийн уран мэх, барилдааны торгон мэдрэмжийг өөртөө шингээсэн дархан аваргаас “Ирээдүйн аварга” шагналыг гардсан Увсын Тэсийн залуугийн улсын цолтон болох ээлж 2013 оны Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор тохиож, баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд аралтай гарьд Н.Ганбаатарыг хутгаж даваад, начны даваанд нутгийн арслан Батжаргалын Ганбатыг өвдөг шороодуулсан юм. Дараагийн даваанд нутгийн аварга С.Мөнхбатад тахим өгч наадмаа өндөрлүүлжээ. Уран барилдаант залуу улсын начин цолтой удаан зодоглосонгүй ээ. 2016 онд ардын хувьсгалын 95 жилийн ойгоор Завханы Алдархааны Л.Лха-Очир начингаар тав, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайханаар зургаа давж улсын харцага цолны босгыг алхав.

Улсын харцага Т.Баасанхүүтэй уулзаж ярилцахад “Надад бол том бие хаатай бөхчүүдтэй барилдах аятайхан ч юм шиг санагддаг. Хөдөлгөөн багатай байдаг. Адилхан бужигнасан бөх л хэцүү” гэж хэлж байсан ч харцага цол хүртэхдээ өөртэйгөө биеэр ойролцоо, элдэвтэй барилдаантай бөхчүүдтэй хүч үзэж туг тойрсон байдаг.

Залуу харцага Т.Баасанхүү өнөө үед улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Н.Гончигдамба нарын өөрөөсөө 40-50 кг-аар илүү жинтэй шилдэг хүчтэнүүдтэй эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж байна. 2016 оны сар шинийн баярт зориулсан барилдаанаар харцага Т.Баасанхүү үзэгчдийн цөсийг хөөргөж улсын аварга Ч.Санжаадамбыг этээд суулгачихсан бол улсын гарьд Б.Гончигдамбыг мушгиж тонгороод их шөвөгт шалгарав.

Харин 2017 оны Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд монгол бөхийн гайхамшгийг дахин харуулж улсын гарьд Ө.Бат-Оршихын баруун хөлд ороод даваа авсан бол их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамбыг баруун хутгаад даалгасан. Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд анх удаагаа түрүү булаацалдахаар шалгарсан Т.Баасанхүү, аралтай заан Н.Жаргалбаярыг мэдрэмжээр илүүрхэж өвдөг шороодуулснаар шинэ Ерөнхийлөгчийн цомыг гардсан.

Үндэсний бөхөө дээдэлж, үзэж цэнгэдэг монгол түмнийг Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү гэж ийм нэг жижигхэн залуу, уран дайчин барилдаанаараа бэлэг барьж, баярлуулж байна даа.

О.Дашням

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *