Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол бүрэн хэрэгжлээ

Монгол Улсын Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээтэй холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нүүрс тээвэрлэлтийг уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулах, хилийн боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо хэмжээтэй уялдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тээвэр төлөвлөлтийг хийх зэрэг ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвөөс зохион байгуулсан. Энэ хүрээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж байгаа юм.

Тус үйлдвэрийн газраас Засгийн газрын 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, нүүрсний тээвэрлэлт хийж буй аж ахуйн нэгжүүдийн жолооч нарт эрүүл мэнд, нийгмийн даатгал төлсөн байх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх зэрэг шаардлагыг тавьж буй. Ингэснээр Гашуунсухайт боомт дээр үүсээд байсан нүүрс тээвэрлэж буй авто машины урт цуваа арилж, Монгол Улсын хууль тогтоомж чанд мөрдөгдөж эхлээд буй.

Харин Ганцмод боомтын нүүрсний тээврийн Хятадын хөрөнгө оруулалттай зарим компанийн эзэд Баяннуур хот болон Ганцмодны боомтын удирдлагууддаа хандаж өргөх бичиг барьсан байна. Энэхүү өргөх бичигт “Хятадын тал их гүрний байр сууринаас Хятадын талаас заавал нийгмийн даатгал төлөх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, баримт бичиг, торгууль төлөх зэрэг нь хүндрэлтэй байдаг. Иймд уртын урт тээврийг зогсооснийг эсэргүүцэж, нүүрс импортыг зогсоож, Монголын талд хатуу сануулга өгнө үү” гэсэн утгатай зүйл дурдсан байна.

Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатараас тодруулахад “Засгийн газрын 320 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш олон жил яригдсан асуудал зөв гарцаа олж, тодорхой шийдэлд хүрлээ. Өнөөдрийн байдлаар Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэсэн машинууд бүгд боомтоор гарч байгаа. Хуучных шиг зам дээр хоноглодог явдал бүрэн арилж, асуудал чирэгдэлгүй болсон. Өдөртөө Хятадын талаас хэдийг татах сонирхолтой байна, тэр хэмжээгээр гаргаж байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *