Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар “Эрүүгийн эрх зүйн орчин үеийн чиг хандлага” сэдвээр лекц уншлаа

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар “Эрүүгийн эрх зүйн орчин үеийн чиг хандлага” сэдвээр өчигдөр хүндэтгэлийн лекц уншлаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болсон тус лекцийн үеэр тэрбээр цаазаар авах ялыг халах асуудлын хүрээнд “Цаазаар авах ялаас татгалзах, түүнийг хязгаарлах үйл явц ХХ зууны эхэн үеэс эхэлсэн. Хэдий тийм боловч энэ нь бүрэн төгс, байгаагүй бөгөөд ихэнх улс (Монгол Улс) 1920-1940 оны хооронд уг ялыг буцаан хэрэглэх болжээ. Харин ХХ зууны төгсгөл үед цаазаар авах ялыг халах хөдөлгөөн эрчимжиж, 1980 оны эцэст 30 гаруй улс, 2018 онд 98 улс түүнийг халсан. Мөн долоон улсад онцгой тохиолдолд хэрэглэх, 35 улсад ёс төдий байгаа боловч хэрэгжүүлдэггүй байна. Одоогоор 140 гаруй улсад энэхүү ялыг халсан буюу хэрэглэдэггүй бөгөөд зөвхөн 50 улсад уг ял хүчин төгөлдөр байна. Цаазаар авах ялыг халахад НҮБ-ын конвенциуд ихээхэн нөлөөлсөн” гэлээ.

Энэхүү лекцэнд Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Цагдаагийн сургуулийн захирал, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, “Орхон” их сургуулийн захирал, профессор Я.Дашдорж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа “Билиг” дээд сургуулийн захирал н.Өлзийсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга Б.Дэлгэрсайхан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Адилбаяр болон шавь нар нь, ХСИС-ийн багш, албан хаагчдын төлөөлөл, сонсогчид оролцсон юм. Тэд энэ үеэр дурсамжаасаа хуваалцан, талархал илэрхийллээ.

Олон улсын болон Монголын Улсын хууль зүйн шинжлэх ухаан, боловсрол, практикт үнэтэй хувь нэмэр оруулсан хуульч, эрдэмтэн багш нарын туршлагаас хуваалцах зорилготой тус арга хэмжээг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Монголын хууль эрдэмтдийн холбооноос хамтран зохион байгуулав.

Мөн энэ үеэр Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатарын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдсэн бөгөөд хөрөг зургийг нь Хуульчдын танхимд байршуулсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *