Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулна

Сургууль, цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулна

Швейцарийн Хөгжлийн агентлагийн (ШХА) санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатны нээлтийн хурал энэ сарын 8-нд боллоо. Хурлыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габриелла Спирли, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Суурин төлөөлөгч Даниел Пассон нар нээж үг хэлэв. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлтөд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьсан бол төслийн нэгдүгээр шатны үр дүнг баруун аймгийн төслийн менежер асан Анна Клейншрот, хоёрдугаар шатны төлөвлөсөн ажлуудыг төслийн захирал Дэвид Ханкок нар тус тус танилцууллаа. Хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам, НҮБХХ-ийн барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ төсөл, GIZ байгууллагын “NEXUS” төсөл, Удирдлагын Академи, МУИС-ийн Нийтийн удирдлагын сургууль, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон юм.

Хурлаар PIE2 төслийн хоёр үндсэн үйл ажиллагаа болох сайн засаглал-төсвийн хөрөнгө оруулалт, төрийн санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох болон барилгын дулаалгын технологийг нийгмийн салбаруудад нэвтрүүлэх чиглэлээр өргөтгөсөн хэлэлцүүлэг болов. Өргөтгөсөн хэлэлцүүлэгт холбогдох салбарын мэргэжилтнүүд, төслийн багийн төлөөлөл, шийдвэр гаргагчид, иргэд идэвхитэй оролцож нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт, эрчим хүчний тарифын бодлогын орчинд тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гарц хайв.

2018 онд төслийн хүрээнд 2-5 барилгын засварын ажлыг Монгол улсын барилгын стандартад бүрэн нийцүүлэн дулаалах бөгөөд хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмблэх шалгуур үзүүлэлт, хөрөнгө оруулалтын журам боловсруулах, нийслэлийн мэргэжилтнүүдийн хөрөнгө оруулалтын төсөл төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

Төслийн хоёрдугаар шатанд (2018-2021) нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дулааны алдагдалтай 20-25 барилгыг засварлан нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн орчныг сайжруулах юм. Төслийн нийт төсөв 4 сая шв.фанк ба 2018 онд нийслэлийн төсвөөс төслийн барилгын засварын төсөвт 1 тэрбум төгрөг нэмэлтээр хуваарилжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *