Categories
мэдээ цаг-үе

Авто худалдааны цогцолборт 2000 машины сул зогсоол үлджээ

– ӨМНӨД МОНГОЛЧУУДТАЙ ХАМТАРСАН “ДЭЛХИЙ ДАЯАРГЭХ КОМПАНИ АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРТ 500 МАШИНЫ ЗОГСООЛ ТҮРЭЭСЭЛДЭГ ГЭВ –

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу хуучин 22-ын товчоо орчим байрлах “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагааг сурвалжлахаар өнгөрсөн бямба гаригт очлоо. Уг нь цагаан сарын баяр дөхчихсөн, мөн амралтын өдөр болохоор автомашины худалдаа, наймаа ид явагдаж байх ёстой. Гэвч энэхүү авто худалдааны цогцолборт худалдан авагчид тун цөөхөн харагдаж байсан юм. Эгнүүлэн тавьсан төрөл бүрийн автомашинуудын дундуур алхсаар бөөгнөрөн зогссон хэсэг хүмүүс дээр очлоо. Эдгээр хүмүүс саяхан газраа чөлөөлсөн “1000 машины зогсоол”-ын авто худалдаа эрхлэгчид гэнэ. Юуны өмнө орж ирсэн “Приус-20” маркийн автомашины үнийг асуутал, 14 сая хэмээн хариулав. Бусад автомашины үнэ 12-45 сая төгрөгийн үнэтэй гэнэ. Автомашины худалдаа эрхлэгчид “Энэ цогцолбор байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Гэвч худалдан авалт үнэхээр тааруу байна. Монголын хамгийн том авто цогцолбор гэх сүртэй нэртэй ч өдөрт хоёр, гуравхан л машин зарагдаж байна” хэмээн ченжүүд онцлон хэлж байсан юм.

АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРЫН ЗОГСООЛЫГ “1000 МАШИНЫ ЗОГСООЛ”-ЫН ЧЕНЖҮҮД БОЛООД ХЯТАД КОМПАНИ ТҮРЭЭСЭЛЖ БАЙНАГЭВ

Өмнө нь “Да хүрээ” зах, “1000 машины зогсоол” дээр 10 гаруй жил автомашины борлуулалт хийж байгаад авто худалдааны цогцолборт ирсэн Б.Батдэлгэрээс худалдан авалт, зогсоолын үнэ ханш, авто цогцолборын үйл ажиллагааны талаар тодруулав. Тэрбээр “Энэ цогцолборыг анх нээгдэхээс эхлээд одоог хүртэл борлуулалт хийж байна. Үйл ажиллагаа нь эхлэснээс хойш таван сар өнгөрлөө. Өмнө нь “Да хүрээ” зах дээр зогсож байхад өдөрт л нэг машин зарчихдаг байсан. Гэтэл энэ газар долоо хоногт нэг ч машин зарж чадахгүй, зогсоолын төлбөрт унасаар байна. Уг нь автомашины сонголт, үнэ ханш бусад захуудтай адилхан байгаа. Гэхдээ монголчууд дассан, сурсан газраасаа очиж машин авах сонирхолтой байна. Мөн нийтийн тээвэр цөөхөн явж байгаагаас худалдан авагчид наашаа зорих нь ховор байх шиг. Энэ газрын зогсоолыг “1000 машины зогсоол”-ын ченжүүд болоод Хятад компани л түрээсэлж байна. Хятад компани ихэнх зогсоолыг нь түрээсэлсэн гэж сонссон.

Одоохондоо түрээслэгчид цөөхөн байгаа болохоор зогсоолын үнэ ханш тогтвортой байна. Гэхдээ цаашдаа авто цогцолборын үйл ажиллагаа өргөжих тусам зогсоолын үнэ тэнгэрт хадна. Тэр үед ихэнх зогсоолыг нь түрээслээд байгаа Хятад компани зогсоолоо өндөр үнээр монголчуудад түрээслэж магадгүй юм. Одоохондоо бидэнд худалдан авагчдыг сайжруулах нь асуудал болоод байна” гэв.

Нэг автомашины зогсоолын өдрийн хураамж нь 2000 төгрөг аж. Авто худалдааны цогцолборт 6375 авто зогсоол байдаг бөгөөд яг одоогийн байдлаар 2000 гаруй зогсоол сул байгаа хэмээн холбогдох албаны хүмүүс ярьж байна. Автомашин борлуулдаг ченжүүд дээрх зогсоолын ихэнхийг нь хятад иргэд худалдан авч, монголчуудад үнэтэй түрээслүүлж байдаг талаар мэдээлсэн. Энэ талаар бид тус цогцолборын Ерөнхий менежер Н.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш таван сар өнгөрчээ. Зогсоол түрээслэгч нар хэр их байна вэ?

-Өнгөрсөн намраас үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш одоо л жинхэнэ авто цогцолбор гэдэг утгаараа үйл ажиллагаа нь жигдэрч байна. Зогсоол түрээслэгчид өдрөөс өдөрт идэвхтэй нэмэгдсээр байгаа. Улаанбаатар хотод автомашины дугаарыг ганцхан энэхүү авто цогцолборт олгож байгаа болохоор иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсээр байна. Иргэд машин худалдаж авъя гээд энэ газарт ирэхэд сонголт арвин, авто худалдаатай холбоотой бүхий л үйлчилгээ нэг дор болохоор хурдан шуурхай үйлчилгээ авах бүрэн боломжтой. Яг одоогийн байдлаар зарагдах 820 машин байгаа. Манай нэг зогсоолын өдрийн төлбөр нь 2000 төгрөг. Үүнийгээ сараар нь төлвөл бонустай байгаа. Өөрөөр хэлбэл авто худалдаа эрхлэгчид нэг сарын түрээсээ төлсөн тохиолдолд үнэгүй нэг сар нэмэгдэнэ.

-6000 гаруй зогсоолын ихэнхийг нь хятад хүмүүс худалдан авсан гэх мэдээлэл байна. Энэхүү зогсоолтой холбоотой асуудлаар тодруулахгүй юу?

-Нийт зогсоолын 1800-д нь гаалийн бичигтэй автомашин зогсоно. Үлдсэн 4000 гаруй зогсоолыг авто худалдаа эрхлэгчдэд түрээсэлж байгаа. Үүнээс 2000 зогсоол нь эзэнтэй, үлд сэн 2000 нь эзэнгүй буюу түрээслэгдээгүй сул зогсоол байна. Хятад хүмүүс ихэнх зогсоолыг нь түрээсэлсэн гэдэг нь худлаа. Харин 500 машины зогсоол түрээсэлсэн “Дэлхий даяар” гэх Өмнөдмонгол, Япон хамтрагчтай Монгол компани бий. Үүнийг манайхан хятад компани гэж ойлгоод байгаа юм. Ер нь биднээс түрээсэлсэн зогсоолыг үнэ нэмж гурав дахь этгээдэд түрээслэхийг хориглосон журам бий. Тийм болохоор зогсоол түрээсэлсэн этгээд өөрийнхөө бизнесийг л хийх учиртай. Хэрэв тийм тохиолдол гарвал бидэнд мэдэгдэх ёстойг анхааруулж байна.

-Энэ компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Мэдээж хэрэг авто худалдааны бизнес эрхэлдэг компани. Япон, Солонгос зэрэг гадаад улсаас автомашин Монголд оруулж ирж борлуулдаг, хамтарсан компани юм. Түрээсэлсэн 500 зогсоолдоо дандаа орж ирсэн машин байрлуулж, борлуулж байгаа.

-Авто худалдааны цогцолбороор үйлчлүүлж буй иргэд, худалдан авагчид их цөөхөн байна. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй байгаатай холбоотой юу?

-Манайх руу өдөрт гурван удаа автобус ирдэг. Үүнээс болоод иргэд, худалдан авагчид цөөхөн байхыг үгүйсгэхгүй. Иргэдэд үйлчилж буй эдгээр автобуснууд Саппорогоос зорчигчдоо суулгаж хөдөлдөг. Хойшид Авто худалдааны цогцолбор руу чиглэсэн нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай юм.

-Саяхан “1000 машины зогсоол”-ын газрыг чөлөөлсөн. Энэхүү газарт авто худалдаа эрхэлж байсан иргэд энэхүү цогцолборт ирсэн үү?

-Тийм ээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Авто худалдааны цогцолборт ирсэн. Яваандаа “Да хүрээ” зах бусад авто захуудын худалдаа эрхлэгчид ирнэ гэж бодож байна.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *