Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-ийн эсрэг худал мэдээлэл тараахаа зогсоохгүй бол нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана гэв

Өнөөдөр Авлигатай Тэмцэх Газраас Г.Баасан тэргүүтэй хүмүүс худал мэдээлэл тараасантай холбогдуулан мэдээлэл хийв. Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Г.Баасан нарын хүмүүс манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, удаа дараа худал, ташаа илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж байгааг няцааж байна.

АТГ хаалттай байна, дарга нь Олон нийтээс зугтдаг гэсэн мэдээлэл байна. Зүгээр хаалга, үүд цоожилсноор хүлээж авч болохгүй байх. АТГ-ын дарга цаг тухай бүрт нь холбогдох хүмүүстэй уулздаг байсан. Арванхоёрдугаар сарын 29-нд Г.Баасантай уулзсан. Тэдний ярьсан бүх зүйл бичлэг болж үлдсэн байгаа.

Төсвийн талаар асуудал яригдаж байна. 9 тэрбумаар юу ч хийгээгүй байж 16 тэрбумын төсвөөр шагнагдлаа гэж байна. АТГ-ын төсөв 2014 онд 15.4 тэрбум төгрөг байсан. 2018 онд 14.8 тэрбумаар батлагдсан. Оны сүүлээр бид ямар нэгэн урамшуулал аваагүй.

АТГ-ын хүлээсэн үндсэн чиг үүрэг нь олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах байдаг. Гэтэл зарим хүмүүс АТГ-ын талаар худал мэдээлэл тарааж байгаа нь олон нийтийг АТГ-д итгэх итгэлийг алдагдуулж байна.

Ямар эрх ашгийн төлөө ийм мэдээлэл хийж яваад байгааг ойлгохгүй байна. Тийм учраас АТГ-аас байгууллагын эсрэг худал мэдээлэл тараахаа зогсоохгүй бол цаашид нэр төрөө сэргээлгэхээр Монгол Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдэж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *