Баянзүрх дүүрэг хүүхдийн сайн сайхны төлөөх ажлын хүрээнд “Цахлай” хүүхэд хамгааллын төсөлтэй хамтран ажиллахаар болж, санамж бичгийг үзэглэжээ.
Тус дүүрэг хүүхдийн төлөөх бүхий л санал санаачилга, төсөл хөтөлбөрийг дэмжин ажилладаг. Энэ хүрээнд тус төсөлтэй хамтран ажиллах болсон бөгөөд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, дүүрэг дэх Цагдаагийн I,II,III хэлтсийн удирдлагууд болон ‘’Цахлай’’ хүүхэд хамгааллын төслийн удирдагч С.Батсайхан нар санамж бичиг байгуулах ёслолд оролцсон юм.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар, Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг биет болон биет бус халдлагаас хамгаалах, болзошгүй эрсдэл, гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх ажилд дүүргийн цагдаагийн байгууллага болон сургууль, хорооны нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллах юм.
“Цахлай” төсөл нь хүүхэд хамгааллын салбарт үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, хүүхдийг биет бус халдлагаас хамгаалах зорилгоор хүүхэд өсвөр үеийнхний дунд цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох, тэднийг баталгаат эерэг мэдээ мэдээллээр хангах цахим сайт, гар утасны аппликейшныг ажиллуулж байна. Түүнчлэн хүүхдийн интернет хэрэглээнд эцэг эхчүүд хяналт тавих боломжийг технологийн түвшинд шийдвэрлэхээр зорьж байна. Хоёрдугаарт, хүүхдийг биет халдлага буюу хулгай, дээрмийн гэмт хэрэг цаашлаад төөрөх, алга болох зэрэг эрсдэлээс хамгаалах зорилгоор хүүхдийн байршил тогтоох системийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ба энэхүү үйлчилгээ нь эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах эерэг үр дүнтэй ажээ.