Зориулалтын бус зогсоолд, автомашины хөдөлгөөнд саад учруулан автомашинаа байрлуулсан тохиолдолд ачих, зориулалтын хашаанд хүргэх ажил хийгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Уг үйлчилгээг 17 аж ахуйн нэгж нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулан гүйцэтгэдэг байна. Тэгвэл НАЗХГ-аас тухайн аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг дагаж мөрдөх, QR код бүхий хэвлэх кассын машинтай болох, татварын албанд бүртгүүлэх, тус албанаас тодорхойлолт авч ирүүлэх шаардлага бүхий мэдэгдэл хүргүүллээ.
Тус мэдэгдэлд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд нь QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалааны дугаартай төлбөрийн баримт олгох үүрэгтэй.
Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглээгүй, татварыг хугацаанд нь тайлагнаж төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдье гэсэн байна.
Нийслэлд дараах аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа юм.
Байгууллага
1. “БОДЬ ТРАНС” ХХК
2. “УСПЕХ” ХХК
3. “АВТО ГРАНД МАСТЕР” ХХК
4. “БАТ ЗЭВ” ХХК
5. “ИХ ТЭЭВЭР” ХХК
6. “БИ ЭМ ЭМ ЭЛ” ХХК
7. “ХОС ШУГАМ” ХХК
8. “ЮУ ЭН ПИ ЭМ ЖИ ЭЛ ” ХХК
9. “АВТО ХҮЧ” ХХК
10. “ЭНЭРГЭТИКЛАНД” ХХК
11. “БАЯН ХАЯАБУСА” ХХК
12. “ДАБЛЬ ЭЙТ” ХХК
13. “СИДНЕЙ КОНСТРАГШН” ХХК
14. “БИ ИКС ЮУ ТИ” ХХК
15. “Замын хөдөлгөөний Удирдлагын Төв”
16. “СҮЛД ТРАНС” ХХК
17. “ТЭНГЭРЛЭГ НАЯД” ХХК