Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Урансүрэн, ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун, кассын нярав Ө.Гандолгор нарыг эрх мэдэл8 албан тушаалаа урвуулан ашиглаж, эд хөрөнгө завшсан, хахууль авсан хэрэгт сэжиглэн 2010 оноос хойш шалгаж эхэлсэн ч өдийг хүртэл шүүхээр эцэслэн шийдэлгүй байсаар долоон жилийг үдсэн билээ.
Өнгөрсөн 2017 онд тэдэнд холбогдох хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал Д.Урансүрэн нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр хээл хахууль авах” гэмт хэрэгт, Ч.Оюун нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завших” гэмт хэрэгт, Ө. Гандолгор нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завших” гэмт хэрэгт тус тус холбогдсон байдаг.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Урансүрэнг давтан үйлдлээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан, Ч.Оюуныг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан, Ө.Гандолгорыг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшихад хамжигчаар оролцон, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.
Улмаар шүүгдэгч Д.Урансүрэнд 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, Ч.Оюунд 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Ө.Гандолгорт 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулсан байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ч.Оюун, Ө.Гандолгор нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Д.Урансүрэнд оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэжээ.
Хяналтын шат буюу Улсын Дээд шүүхээр дээрх хэргийг 2017 оны аравдугаар сарын 04-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал Дээд шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзсэн бөгөөд Давж заалдах шатны шүүх нь ямар зорилгоор Д.Урансүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэжээ.
Улмаар 2017 оны 7 дугаарт сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг хоёр жил, дээд хэмжээг найман жил гэж хорих ялын доод, дээд хэмжээг урьд байснаас багасгаж тогтооно гэснийг үндэслэж шүүгдэгч Д.Урансүрэнд анхан шатны шүүхээс оногдуулсан 5,1 жилийн шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасаж, хоёр жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Ч.Оюун болон Ө.Гандолгор нарт анхан шатны шүүхээс оноосон шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Нийслэлийн мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон хэрэг явдлын талаар Дээд шүүхэд мэдүүлэхдээ “Д.Урансүрэн нь өөрийн удирдлагад байгаа ажилтандаа үүрэг даалгавар өгч орлогыг бууруулж, тайланг багасгаж гаргуулдаг. Тэр гаргасан мөнгийг нягтлан бодогч Ч.Оюун кассын нярав Ө.Гандолгороос бэлнээр нь авч ашигласан талаар тогтвортой мэдүүлдэг.
Энэ мөнгө уг нь улсын мөнгө байсан. Д.Урансүрэн нь хясан боогдуулах замаар хээл хахууль шан харамж авч байж ажилд авсан. Өөрөөр хэлбэл хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд орж Б.Гандолгор, П.Бямбасүрэн нар хээл хахууль өгч ажилд орсон. Энэ талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт Ө.Гандолгор, П.Бямбасүрэн нарын мэдүүлгээр хангалтай нотлогддог” хэмээн ярьжээ.