“Үндсэн хууль тогтоогчдын холбоо” ТББ-аас өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал солилцох уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав.
Уулзалтад оролцогсдын зүгээс энэ үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй эцэг хууль нь чадавхаа шавхаагүй, маш сайн боловсруулсан хууль хэвээр буй. Түүний оронд “Дордохын долоон өөрчлөлт” гэх 2000 онд оруулсан өөрчлөлтийг буцаах асуудлаар цэцэд хандах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Тус холбооны гишүүн Ч.Чинбат хэлэхдээ “Үндсэн хуулийн өөрчлөлтийг аль нэг нам, бүлэг хүмүүсийн санаачилгаар хийдэг юм биш. Уг хуулийг өөрчлөх эсэх нь нийгмийн өөрийнх захиалга байдаг. Гэтэл эцэг хуульд өөрчлөлт оруулах санаачилга нь төрийн эрх барьж буй намаас гарч байна. Тэгэхээр энэхүү асуудалд иргэд хөдөлмөрчид эргэлзэж байна. Ард түмэн эргэлзээгүй, асуудал ойлгомжтой болсон цагт Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой. Мөн хугацааны хувьд ч өөрчлөлтийн асуудлыг ярих цаг нь болоогүй. Хоёрдугаарт Үндсэн хууль чадамжтай хэвээр байна. Гагцхүү манай дутагдал бол ямар ч хуулийг хэрэгжүүлэхгүй байгаад хамаг учир шалтгаан оршиж байна. Энэ байдлыг далимдуулж байгаагийн зэрэгцээ “Үндсэн хуулийг батлаад 20 гаруй жил боллоо. Өөрчлөлт хийх цаг нь болсон байна” гэх мэтээр тайлбарлаж байгаа нь оновчгүй. Гуравдугаарт уг хуулийг өөрчлөх гэж байгаа арга механизм нь буруу байна. Ард түмний дунд хэлэлцүүлэг явуулж, санал асуулга явуулж байгаа гэх боловч иргэдийн санал өөрчлөлтөд нь тусахгүй байна. Дөрөвдүгээрт оруулж ирж буй өөрчлөлтүүд нь шинэ Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдөж байгаа тул энэхүү өөрчлөлтийг өдгөө хийх боломжгүй” гэлээ.