НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг буцаан олгох” журмын дагуу буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд дараа онд нь ордог. Иймээс иргэд 2017 онд хэвлэгдсэн төлбөрийн баримтаа 2018 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийг хүртэл бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр та 2017 оныхоо төлбөрийн баримтынхаа 20 хувийн буцаан олголтыг авах боломжтой болох юм. Тухайлбал 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс, 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдан авалт хийсэн бүх баримтаа бүртгүүлнэ гэсэн үг. НӨАТ-ын буцаан олголтоор 2016 онд 497.465 иргэн 35.1 тэрбум төгрөг авсан бол 2017 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 74 тэрбум төгрөгийн буцаан олголт хийгдэх аж. Хэрвээ 2017 оны бүх баримтаа энэ сарын 8-ны өдөртөө багтаан бүртгүүлэхгүй бол үнийн дүнгийн урамшуулал нь бодогдохгүй ажээ.
Орон сууц, автомашин зэрэг үл хөдлөх хөрөнгө худалдан авч, баримтаа бүртгүүлсэн бол НӨАТ-ын 20 хувийн урамшууллыг авна. Их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөр нь НӨАТ-аас чөлөөлөгддөг. Тиймээс оюутнууд сургалтын төлбөр төлсөн баримтаа сургуулиасаа авч, сугалаанд оролцож болох ч НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтод хамрагдахгүй юм байна.
Нэг иргэн өөр дээрээ 1-3 бүртгэл үүсгэсэн тохиолдол олон байдаг бөгөөд эдгээр иргэд 2017 оныхоо НӨАТ-ын буцаан олголтыг авахын тулд бүх бүртгэлээ нэгтгэх шаардлагатай. Нэг хүний нэр дээрх хоёроос гурван данс руу гүйлгээ хийх боломжгүй учраас заавал нэгтгэх ёстой ажээ. Иймээс бүртгэлийн нэгдсэн системдээ нэвтэрч, урамшуулал гэсэн хэсэг руу орж, бүртгэлээ нэгтгэх цонхыг бөглөх хэрэгтэй юм байна. Хэрэв бүртгэлийн системээ нэгтгээгүй бол олон бүртгэлтэй хүнд урамшуулал олгохгүй гэнэ. Ойролцоогоор хоёр болон түүнээс дээш бүртгэлтэй 15 мянган хэрэглэгч байгаа ажээ. Мөн Butsaalt.ebarimt.mn сайтаар орж бүртгэлээ хэрхэн нэгтгэх, буцаан олголтоо хэрхэн авах талаар мэдээлэл авч болох юм.
Хэрэглэгчийн мэдээллээ дутуу болон огт оруулаагүй 20 мянга орчим хэрэглэгч байгаа бөгөөд эдгээр хүмүүс өөрийн овог нэрээ кирил үсгээр зөв оруулж, гар утас, регистрийн дугаараа үнэн зөв бүртгүүлэх шаардлагатай аж. Мөн тухайн иргэний банкны данс нь зөвхөн өөрийн нэр дээр, хамтран эзэмшигчгүй байх ёстой гэнэ.