Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: С.Зоригийн хэрэг гэлтгүй бусад хэргийн бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай би танилцдаггүй байсан

С.Бямбацогт зурган илэрцүүдУИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг Их хурал хэлэлцэнэ. Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв буруу гэсэн янз бүрийн тайлбар явж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай. Энэ тухай олон жил ярьж байгаа. 2008-2012 оны парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд нэлээд хэдэн гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх төслийг бэлтгэсэн байдаг. 2012-2016 оны парламентын үед Ардчилсан нам олонх байхдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж байсан.

Энэ бүхнээс аваад үзэхээр үеийн үед Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байна гэдгийг ялангуяа эрх барьж байсан намууд сайн ойлгодог. МАН эрх барьж байгаа энэ үед ч гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой юм байна гэж харж байгаа л даа. Энэ ч утгаараа миний бие ажлын хэсэгт нь орж ажиллаж байна.

-Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын талаарх асуудлууд хөндөгдөж байна. Өнгөрсөн 2017 он нэлээдгүй хэл амтай өнгөрлөө. Энэ жил ёс зүй, хариуцлагын тухайд хатуу чанд байж чадах болов уу. Гэмт хэрэгт холбогдсон, хуралдаандаа суудаггүй гишүүдийг яах вэ?

-Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдгийг нь авчихсан. Тиймээс УИХ-ын гишүүд хариуцлагатай болох байлгүй дээ. Миний хувьд 2008-2012 оны парламентын үед Их хурлын чуулганы танхимд зөвхөн үнэнийг хэлэх ёстой. Худлаа ярих юм бол хариуцлага тооцдог хуулийг санаачилж байсан. 2012-2016 онд хурууны хээгээр ирцээ бүрдүүлж өөрсдөө саналаа өгдөг байя. Хэн нэгэн өмнөөс нь ирж карт шургуулдаг биш, хэн нэгэн хүний өмнөөс санал өгдөггүй байх хуулийн төслийг санаачилж байсан. Ингээд үзэхээр бид зайлшгүй ёс зүй, хариуцлагын асуудалдаа анхаарах ёстой. Зөвхөн ярьдаг биш, хийдэг байх ёстой.

Утааны асуудлын хүрээнд шинэ жилийн үеэр 30, 31, энэ сарын 1-нд гэр хороололд ажилласан. Их хурал дээр яриад байдаг утааны асуудлыг гэр хороололд очиж судаллаа. Дөл, Хасаас эхлээд уламжлалт зуухнуудаас утаа хэр гардаг вэ, Нүүдэлчин гээд утаа бага гаргадаг зуухыг яагаад үйлдвэрлэлд нэвтрүүлэхгүй байгаа юм гэдэг асуудлыг газар дээр нь очиж үзэж харлаа. Бидний гаргаж буй шийдвэр, ярьж буй яриа амьдрал дээр бодитой биш байна.

-Та Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. С.Зоригийн хэргийг илрүүлэх ажлын хэсгийг удаа дараа тарааж байсан гэж ТЕГ-ын дарга асан Б.Хурц хэлсэн. Ц.Нямдорж сайд өөр зүйл ярьдаг. Таныг сайдаар ажиллаж байхад ажлын хэсгийг тарааж байсан уу. Уг хэрэг дээр ямар ажиллагаа явж байсан бэ?

-Аливаа хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа нууц байдаг. Нууц байдаг гэдэг утгаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд нөлөөлөх, оролцох ямар ч эрхгүй. Үүнийг хуулиар хориглосон. Энэ үүднээс би хууль зөрчиж хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын аливаа асуудлыг үзэж, харъя, ямар шатандаа яваатай танилцъя гэж байгаагүй. Өөрөөр хэлбэл Хууль зүй, дотоод хэргийн сайд тийм үүрэгтэй байх ёстой. Ц.Нямдорж сайд ч гэсэн тийм байдлаар асуудалд хандаж байсан байх.

-Ажлын хэсэгт өөрчлөлт орж байсан уу?

-Зөвхөн С.Зоригийн хэрэг гэлтгүй бусад хэргийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа нууц байдаг учраас би танилцдаггүй байсан. Түүнчлэн С.Зоригийн хэрэг маш нууцын зэрэглэлд шилжин, Тагнуулын ерөнхий газар л шалгадаг байсан шүү дээ. Тиймээс энэ талаар мэдэхгүй.

-Энэ оны эдийн засгийн өсөлтийг та хэрхэн харж байгаа вэ. Иргэдийн амьжиргаанд хэр өөрчлөлт гарах бол?

-Иргэдийн амьжиргаанд өөрчлөлт гарах байх гэж найдаж байна. Үндсэндээ суурь нь тавигдсан. 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувь хүрч байсан бол 2012-2016 оны хооронд эдийн засаг -1 хувь хүртлээ унасан. Ийм байхад Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүргэж чадсан. Энэ өсөлт хадгалагдаж байна. Хамгийн гол нь эдийн засгийн энэ өсөлт нь иргэдийн амьжиргаанд нөлөөлөхүйц үр дүн гаргах ажлуудыг Засгийн газар хийх ёстой.

Э.БОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *