Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:Хоёр сарын хугацаанд Засгийн газар Монголиан коппер корпорейшнтэй хэлцэл хийсэн

“Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа Хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа.

Ингэснээрээ Монгол Улсын УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолд заасны дагуу 49 хувийг холбогдох харилцан суутгах тооцоог хийх замаар төрийн өмчид авах ажлыг энэ Засгийн газар шийдвэрлэснийг та бүхэнд хэлье.

ОХУ-ын 49 хувийг эзэмшиж байсан талд 400 сая 270 мянган ам.долларыг “Монголиан коппер корпорейшн компани төлсөн. Үүнийг УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу харилцан суутгал хийж шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэлээ.

Үүнийг хийхдээ Хөгжлийн банкнаас ХХБ-нд олгож байсан зээлүүд, Монголбанкнаас ХХБ-нд олгосон зээлүүд, Сэлэнгэ аймагт хэрэгжих 217 тэрбум төгрөгийн концессийг хүчингүй болгож, түүний хөрөнгийг суутгалд оруулж тооцох, Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгийг 49 хувийг эзэмшиж байгаа Монголиан коппер корпорейшн рүү шилжсэн мөнгийг мөн суутгалд тооцох зэрэг харилцан суутгалуудыг хийх замаар энэ 400 сая 270 мянган ам.долларыг харилцан суутгах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Ингэснээр нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцүү хэмжээний харилцан суутгал хийх шийдвэрийг гаргаж байна. Үүний дараа 49 хувийг төрийн өмчид авах бүртгэх ажлыг төрийн холбогдох агентлагуудад даалгасан шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.

Та бүгд санаж байгаа. Ингэснээр 2017 оны хоёрдугаар сард УИХ-аас гаргасан 23 дугаар тогтоолыг Засгийн газар бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн болохыг та бүхэнд мэдэгдэж байна гэлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг Засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Хоёр сарын хугацаанд Засгийн газар Монголиан коппер корпорейшнтэй хэлцэл хийсний дүнд Засгийн газрын хуралдаанд санал оруулж, шийдвэрлээд та бүхэнд танилцуулж байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *