Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбаттай ярилцлаа.
-Аймаг орон нутаг болгон нутаг дэвсгэр, хүн амын төвлөрлөөсөө шалтгаалж эрүү, хэв журмын нөхцөл байдал янз бүр байдаг. Өвөрхангай аймагт нөхцөл байдал ямар байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье.
-Би Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргаар энэ оны зургадугаар сард томилогдсон. Манай аймаг гэмт хэрэг, зөрчлийн гаралтын хувьд Улсын хэмжээнд I бүсчлэлд хамаардаг. Газар нутаг, хүн ам, эдийн засгийн багтаамж, малын тоогоор улсад тэргүүлдэг баруун аймгуудыг нийслэлтэй холбодог аялал жуулчлалын бүс нутаг учраас эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал харилцан адилгүй хэлбэлзэж байдаг. Ялангуяа зундаа гандуу, намартаа хангайн сумуудаар бороо, цас холилдон орсноос мөстөлт үүсэж улсын чанартай авто зам дээр осол аваар гарах, хөдөөгүүр өвс тэжээлийн хомсдол бий болсноос дотоодын болон гадны аймгуудын отор нүүдэл ихээхэн хийгдэж, малын хулгайн гэмт хэрэг өсөх хандлага байна. Мөнгөний хомсдлыг дагаад байгальд халдах хүний тоо ихэсч, ажилгүйдлээс үүдэлтэй архидан согтуурах, ахуйн хүрээнд гэмт хэрэг, зөрчил үйлдэх дуудлага мэдээлэл буурахгүй байна.
Эдгээр нөхцөл байдлуудад дүгнэлт хийж үзээд аймгийн төвийг гурван бүст хуваан “Хөдөлгөөнт эргүүл”-ийг 24 цагаар ажиллуулж, нийслэлийг баруун аймгуудтай холбосон засмал дээр хувиар гарган цагийн менежменттэй эргүүл шалгалт хийлгэн, цагдаагийн газрын конторын алба хаагч нарыг долоо хоногт нэгээс доошгүй удаа өргөтгөсөн эргүүлд ажиллуулж, сумдын төлөөлөгч, цагдаа нарыг оройн цагаар тогтмол эргүүл шалгалт хийлгэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанарт ихээхэн анхаарч буй нь үр дүнгээ өгч байна.
-Цагдаагийн байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил юу юунаас илүү чухал. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулж, иргэд байгууллагатайгаа яаж хамтарч ажиллаж, ямар үр дүн гарч байна вэ?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь цагдаагийн байгууллага төдийгүй нутгийн өөрөө удирдах байгууллагын нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажил. Тиймээс ажлаа авсан үеэс эхлэн гэмт хэргээс сурьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг ахиулах чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллага болох бүх шатны Засаг дарга, ИТХ, захиргааны байгууллага болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Тамгын газрын ажилчдын оролцоотой эргүүл шалгалтыг эрчимжүүлж иргэн хүний эрх ашгийг хамгаалахаас гадна иргэн хүний оролцоотой ажлуудыг хийхээр хичээж байна. Гэвч үр дүн гартал тодорхой цаг хугацаа хэрэгтэй нь харагдаж байгаа юм.
Өнгөрсөн 20 жилд дэлхийн мэдээллийн технологийн салбар бараг гэрлийн хурдаар гэж хэлж болохоор үсрэнгүй хурдан хөгжлөө. Үүнийг дагаад Монголд ч танигдахын аргагүй томоохон өөрчлөлт, хөгжил дэвшил бий болсон. Нөгөө талаараа сайны эсрэг саар зүйл даган хөгжиж шинэ төрлийн гэмт хэргүүд хил хязгаарт үл захирагдан үйлдэгдэж буй. Гэвч үүнийг урьдчилан харах ёстой хууль маань өнөөгийн хэрэгцээ шаардлагаас хол хоцорсон гэж үздэг. Үүнд төр засаг анхаарлаа хандуулж хөрөнгө мөнгө гаргах хэрэгцээ шаардлага байгаа.
-Танай аймагт Архидалтгүй Өвөрхангай хөтөлбөр хэрэгжээд хэр зэрэг үр дүнтэй байна?
Манайх Архидалтгүй Өвөрхангай хөтөлбөрийг баталсан боловч үр дүнд хүргэх зорилгоор хийх ажлууд их байна. Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё” захирамжийн төсөл боловсруулан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг эргүүл шалгалтад гарган аялах дэвтэр, туг аялуулсан. Ингэснээр төрийн байгууллагын ажилчдын хууль эрх зүйн мэдлэг сайжирч, хор уршгийг ухамсарладаг, цагдаагийн алба хаагч нарын ажлын ачаалал, хүнд бэрхийг ойлгодог, тэдэнд дэмжиж туслах ёстойг сурталчилдаг төдийгүй иргэдэд шаардлага тавьдаг болсон. Энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн 64 дүгээр зүйл Иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэсэн заалт хэрэгжихэд томоохон ач холбогдолтой ажил болж байна .
Татварын орлогыг бүрдүүлэх иргэний гаргасан зөрчилд нэгэнд оногдуулсан шийтгэлийг эдлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргаар 02 тоот албан даалгавар гаргуулан торгуулийн орлогын бүрдүүлэлт дээр анхаарч ажиллаа. Мөн 2018 онд аймгийн төвийн телекамерыг өргөтгөхөд 640 сая төгрөг баталсан байгаа.
-Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. Энэ чиглэлийн асуудлыг шийдвэрлэхэд ямар хүндрэл бэрхшээл байна вэ?
-Цагдаагийн албаны тухай хуулиар Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг нэлээд сайн хуульчилж өгсөн гэж боддог. Энэ дотроо Алба хаагчийн баталгаа, Улс төрийн баталгаа, Хууль зүйн баталгаа, Нийгмийн баталгаа, Эдийн засгийн баталгаа болон бусад баталгааг хуульчилж өгсөн нь цагдаагийн алба хаагч тогтвор суурьшилтай хараат бус ажиллах бололцоог бүрдүүлсэн.
Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 83.3 дугаар зүйлд “Засгийн газар цагдаагийн алба хаагчийг орон сууцаар хангах хөтөлбөр баталж, хэрэгжүүлнэ” гэсэн заалтын хүрээнд аймгийн Засаг даргад хүсэлт хүргүүлэн цагдаагийн газрын алба хаагч нарыг орон сууцаар хангахад шугам сүлжээ бүхий газраар хангасан бөгөөд аймгийн Засаг дарга Хууль зүйн сайдтай 2018 онд байгуулах гэрээндээ тусган орон сууц барихад санхүүгийн дэмжлэг авахаар хүсэлт хүргүүлж байгаа. Цаашид Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангаж цагдаагийн алба хаагчийг орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлэх байх.
Миний хувьд алба хаагч нарынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөж байгаа. Тухайлбал, Цагдаагийн газрын нийт алба хаагч нарын эрүүл мэндийн судалгааг үндэслэн эмэгтэйчүүдийн орон тооны бус зөвлөлөөрөө дамжуулж суурь өвчлөлийг оношлох, эмчлэх ажлыг зохион байгуулж эхлээд байгаа.
Цагдаагийн албаны тухай хуулийн 87.1. Засгийн газар цагдаагийн алба хаагчийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн заалт байдаг бөгөөд алба хаагч нарынхаа ажиллах орчныг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргад хүсэлт уламжлан “Шинэ Арвайхээр” суурьшлын бүсэд конторын барилгын газар шийдвэрлүүлэн зураг, төсөв хийлгэж 2018 оны Улсын төсөв оруулсан боловч Сангийн Яам 2019 оны төсөвт суулгаж өгөхөөр албан бичиг ирүүлсэн байгаа.
Дараагийн төлөвлөж байгаа зайлшгүй хийх ажлын нэг нь байгууллагын соёлыг төлөвшүүлэх, алба хаагч нарыг стресст өртүүлэхгүй байх алба хаагч нарын сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, өвчлөлөөс урьдчилан сэргийлж, биеийн жингийн индексийг норматив хэмжээнд байлгах хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, албаны бэлэн байдлыг хангах зорилготой байгаа. Энэ хүрээнд “Хээрийн сургалт дадлагын төв”-ийг хамт олныхоо хүчинд тулгуурлан ЦЕГ болон орон нутгийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулалтын ажлууд хийж байна. Цаашдаа өргөжүүлэн алба хаагч нарын хувийн хаус хотхоныг бариулж Цагдаагийн хотхон үүсгэхээр зураг, төсөв, судалгааны ажлууд хийгдээд явж байна. Эрчим хүчний асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байгаа. Мэдээж бэрхшээлгүй ажил гэж байхгүй зорилгоо тодорхойлоод зүтгэвэл олон хүний хүчин чармайлтаар үр дүнд хүрэх нь тодорхой.
-Орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын хамгийн тулгамдсан асуудал юу байдаг вэ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Би орон нутгийн дарга нараа төлөөлөөд хэдэн зүйл хэлье гэж бодлоо. Тухайлбал, Шинэчлэн батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилт, учирч буй хүндрэл бэрхшээл, гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, алба хаагчдын ажлын ачааллыг харгалзан, алба нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалтыг эргэн харах. Сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч нарын ар гэрийг ажлын байраар хангах асуудал ихээхэн хүндрэлтэй байгааг судлан шийдвэрлэх гарцыг олох. Албаны сургалтын чанарт анхаарч сургалт соён гэгээрүүлэх ажил хийхэд боловсон хүчний болон хүний нөөцийн хүндрэл ихээхэн гарч байгааг шийдвэрлэх.
Орчин үеийн дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт орсон бүх суурин газруудыг телекамерт холбох ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх. Мөн алсын дуудлагын автомашинуудын парк шинэчлэл 2013 оноос хойш хийгдээгүйн улмаас холын дуудлаганд явж байгаа автомашинууд техникийн саатал ихтэй, үүнийгээ дагаад жолоочийн болон алба хаагчийн аюулгүй байдал эрсдлийн өндөр зэргийг дагуулж байгаа нь бидний санааг зовоож байна. Эхний ээлжинд эдгээр хүндрэлүүдийг шийдвэрлэчихвэл бусад нь явцдаа болох ажлууд.