Categories
мэдээ цаг-үе

Б.Нацагдорж: Монгол ноёдын эв түнжингүй байдлаас болж, монголчууд Байгал нуур орчмын газар нутгаа хүн ардтайгаа алдсан

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнгөрсөн долоо хоногт 2017 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулсан. Уг шагналын эзнээр гурван эрдэмтэн тодорсны нэг нь ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж билээ. Тэрбээр Монголын түүхэнд холбогдох шинэ сурвалж бичиг, эх хэрэглэгдэхүүнийг олж илрүүлэн, судалгааны эргэлтэд оруулж, орос, монгол, манж хэл дээрх архивын баримтыг цогц байдлаар хамруулан судалжээ. Тодруулбал, “ХVII зууны Монгол-Оросын харилцаан дахь харьяатын асуудал” сэдэвт судалгааны номоороо шилдэг залуу эрдэмтний шагнал хүртсэн юм. Тиймээс түүнтэй уулзаж, ХVII зууны үеийн Орос – Монголын харилцааны талаар ярилцлаа.

– ХVII зууны үеийн Монгол-Оросын харилцааны тухай далд байсан мэдээллүүдийг ил гаргасан гэсэн үг юм байна. Тухайн үеийн түүхээс сонирхуулаач. Хэзээнээс уг бүтээлийг бичих болов?

-Монголын түүх гэдэг нь Монгол Улсын түүх юм уу, монголчуудын түүх юм уу гэх асуудал сүүлийн үеийн судалгаанд их гарах болсон. Монгол Улсын түүх гэдэг нь өргөн утгаараа дэлхийн монголчуудын түүх гэж үзэж байгаа. Гэвч дэлхийн монголчуудын тухай ойлголт төдийлөн дэлгэрээгүй, буруу ташаа зүйл их гардгаас болоод манайхан Өмнөд монгол болон буриадуудтай хүртэл яаж хэрхэн харилцахаа мэддэггүй. Ингээд үл ойлголцох асуудал гарсаар байгаа. Тиймдээ ч би магистрт сурч байхаасаа эхлэн дэлхийн монголчууд тэр тусмаа Оросын харьяанд орсон монголчуудын тухай судалгаа хийхийг зорьж эхэлсэн. Угаас энэ чиглэлийн судалгааны ажил гэхээр зөвхөн Зөвлөлтийн үеийн оросуудын бичсэн судалгаанууд л байдаг. Харин монгол хүн бичсэн, монгол сурвалж ашигласан, монголчууд Сибирийг эзэлж авсан үйл явцыг монголчууд өөрсдөө юу гэж үзэж байсан бэ гэдэг талаас нь ямар ч судалгаа, үнэлж дүгнэсэн зүйл байгаагүй. Нэг талыг баримталсан байдаг. Энэ нь үзэл суртал орсон учраас түүхэн үнэнтэй зохицож байгаа эсэх нь эргэлзээтэй. ХVII зуунд оросууд Монголын умард хязгаараар нэвтэрч орж ирээд монголчуудыг харьяандаа оруулж авсан. Би болохоор Монгол талын сурвалжийг Оросын талтай харьцуулж судалгаагаа хийсэн. Миний ашигласан баримтуудаас хамгийн сонирхолтой нь Түвд хэлээр бичсэн “Хариадын гэрийн түүх” хэмээх сурвалж. Энэ сурвалжид ХVII зууны дундуур буюу 1650-иад оны үед Байгал нуурын баруун талын буриад руу Оросуудыг нэвтэрч орж ирэх үед острог буюу шивээ гэх модон цайз бариад алба татвар авч эхэлснийг монгол ноёд эсэргүүцэж буриад нарыг нүүлгэж авчрах ажлыг зохион байгуулсан түүхийг тусгасан байсан. Зөвлөлтийн зүгээс энэ түүхийг бичихдээ Монгол руу дүрвэж зугтаасан буриадууд, Монголын харгис феодалын дарлалд ороод, маш хүнд байдалд орсон учраас арай бага татвартай юм байна гэж буцаад сайн дураараа Орос руу зугтаж очсон гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн үеийн Монгол ноёдын нүүлгэж авчирсан буриадууд бол зугтсан байгаа ч гэсэн ихэнх нь монгол нутагт үлдсэн байдаг. Тэдний угсаа нь одоогийн Хөвсгөл аймгийн урд тал, Завхан аймгийн зүүн, Архангайн хойд талаар нутаглаж байгаа хариад овогтнууд. Бид дэлхийн монголчуудынхаа түүхийг судлахдаа монголчуудыг эзэлж авсан хүмүүсийн эрх ашгийн өнцгөөс бичсэн түүхэн судалгаагаа ашиглахаасаа илүүтэйгээр монголчууд бид энэ үйл явцыг юу гэж харж байсан бэ гэдгийг судлаад, Орос, Хятад зэрэг орны судалгааны баримтуудтай харьцуулж үзвэл жинхэнэ бодит түүх нь тодорно гэдэг санаагаар бичсэн ном байгаа юм.

-Социализмын үед энэ түүхийг яагаад бичиж болохгүй байсан бэ?

-Ойлгохгүйдээ биш, энэ тухай бичих боломжгүй байсан. Нийгэм тийм хаалттай байсан учраас одоог хүртэл бичигдээгүй байлаа. Яагаад гэхээр ЗХУ өөрийнхөө харьяанд оруулсан, улсаа Орос оронд дагаар орсон, Оростой нэгдсэн, Оросын соёлыг сайн, сайхан гэж хүлээж авсан гэчихсэн байсан учир тухайн үед үүнтэй харшлах дүгнэлт гаргах боломжгүй байсан. Одоо бол түүхийн судалгааг илүү бодитоор хийх сайхан цаг ирсэн учраас энэ судалгаа гарч байгаа юм.

-Оросууд бол сайн ах нар гэх үзэл суртлыг бий болгосоор ирсэн. Гэтэл ХVII зууны үеийн түүхээс харахаар эсрэгээрээ байна. Эсрэг харагдаж буй шалтгаануудыг жишээгээр тайлбарлаж өгөөч?

-Байгал нуур орчмын Монгол нутгийг алдахгүйн тулд монголчууд бүх аргыг хэрэглэсэн. Монголын ноёд Оростой тохиролцох гэж дипломат аргаар ч тэмцсэн. Гэтэл оросууд манай албан ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс 1687 онд халхын ноёд буриадуудыг цэргийн хүчээр нүүлгэж авчиръя гэж шийдвэрлэсэн. Цэрэг явуулсан. Ингэхдээ Хөвсгөлийн Хорьдол сарьдагийн нуруунаас Эрхүүгийн буриад руу, Сэлэнгийн чиглэлээр одоогийн Улаан-Үд рүү, дорнод Монголоос Нэвчүү шивээ гэсэн гурван чиглэлээр цэрэг явуулсан байдаг. Гэвч тухайн жил их зудтай байсан тул Хөвсгөлийн замаар явсан цэргүүд цасанд боогдоод, буцсан. Уг нь Байгал нуурын ус хөлдсөн үед буриадуудыг нүүлгэж авчрах зорилготой байсан юм. Үүний хамгийн том байлдаан нь 1688 оны өвөл одоогийн Улаан-Үд орчим болсон. Монголын хоёр мянган цэрэг, Оросын талаас Москвагаас томилж ирүүлээд байсан 300-гаад бууч цэрэг байж гурав хоногийн ширүүн байлдаанд аль аль талаас нь их хохирол гарсан. Оросын цэрэг алагдаж, шархдсан нь 200 илүү болж ухран Үдийн шивээнд буцсан. Монгол цэрэг ч их хохирсон байлдааны үеэр Монгол цэргийн удирдагчдын нэг Мэргэн дайчин тайж алагдсан байдаг. Монголын цэрэг ч Байгал нуурыг туулж чадалгүй буцаж ирсэн. Оросын галт зэвсгийн хүчинд дарагдсан. Яг энэ үеэр нь халхын баруун талд дайн байлдаан үүссэн. Галдан бошигт халхын дотоод хямралд оролцоод цэрэг авч ирсэн. Үүнийг Оросын талаас бичихдээ халхын ноёдууд Манжийн өдөөн хатгалгаар Манжийн талд ороод манайхтай байлдаад бүтэлгүй болсон гэж цухас дурдсан байдаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь оросуудаас газар нутаг, ард олноо хамгаалсан тэмцэл байсан юм.

-Монгол ноёдыг оросууд хооронд нь хагаралдуулдаг байсан гэдэг?

-1640 онд монголчууд Монгол-ойрадын их цаазыг батлаад, харийн дайсан ирвэл хамтдаа тэмцэнэ, нэг хуультай, нэг шашинтай байна гэж чуулган хийгээд, эв найрамдалтай байх талаар арга хэмжээ авч тохиролцсон байдаг. Гэвч үүний дараагийн үеийн ноёдууд чуулганы их цаазын энэ үзэл санааг хэрэгжүүлээгүй. Тархай бутархай учраас ноёдууд хааны мэдлээс гарах гэж тэмцээд, хааны захиргаа нэлээд суларсан. Тиймээс эв нэгдэлгүй болсон. Эв нэгдэлгүй байдал нь Орос, Манж зэрэг харийн нэгдсэн, төвлөрсөн засаг захиргаатай улстай харилцахад монголчуудын сул тал болж, маш их хохирол амсахад хүргэсэн. Газар нутаг, хүн ам гээд маш их зүйлийг алдсан. Эвтэй байсан бол Монголын газар нутаг, хүн амыг оросууд эзэлж чадахааргүй л байсан. Тухайн үед ноёдууд үргэлж хоорондоо муудалцдаг, хүчгүй болдог, дайснаасаа тусламж гуйдаг байв. Үүнээс болж хамаг сөрөг асуудал үүссэн гэж ойлгож болно. XYII зуунд оросууд Сибирьт нэвтрээд Орос, Монголын газар нутгийг хүн ардтай нь авч одсон нь үүнтэй л холбоотой. 1688 онд төрийн тусгаар тогтнолоо алдсан учраас Байгал нуур орчмын газар нутаг хүн ардтайгаа Оросын харьяанд орсон.

-Тухайн үеийн Манжийн түүхийн асуудалд зарим судлаачид өөр, өөр байр суурьтай байдаг юм билээ?

-Тухайн үед Орос Манж Чин улстай Хар мөрний хавь газар нутгийг булаалдан хоорондоо дайнтай байсан. Энэ сөргөлдөөндөө аль аль нь монголчуудыг ашиглах сонирхолтой байлаа. Өмнөх үеийн судлаачид үүнийг Манжийн талаас өдөөн хатгаж байсан гэж тайлбарладаг. Бодит байдал дээр монголчуудад ашиг сонирхол байсан учраас Орос, Манжийн харилцаанд оролцсон. Энэ харилцаан дотроос өөрсдийнхөө ашиг сонирхолыг хамгаалж байсан. Түүнээс биш, монголчууд Манжийн эрх ашгийг хамгаалсан юм биш. Гэхдээ монголчууд тархай, бутархай байсан. Халх гэхэд баруун зүүн гар гэж хуваагдаад, баруун гарт нь Засагт хаан, хотгойдын Алтан хаан, зүүн гарт нь Түшээт хаан, Сэцэн хаан гээд нийтдээ дөрвөн ч хаантай байлаа. Энэ ноёдууд нь хаан нэртэй, өөрсдийгөө тоосон. Бусдынхаа үгийг сонсохгүй, бие даасан бодлого явуулж ирсэн. Гадаад улстай харилцахдаа хүртэл ямар ч нэгдсэн бодлогогүй, өөр өөрийн зоргоор байх болсон.

-Нэг талаараа одоогийн төр Засгийн байдалтай төстэй юм. Монголын доройтлын энэ байдал XYII зуунаас эхлэлтэй гэж ойлгож болох уу?

-Улсын одоогийн байдалтай нэг талаараа төстэй харагдаж байгаа боловч яг тийм гэж хэлж болохгүй юм. Эцсийн дүндээ монголчууын ихэнх нь Манж Чин улсын харьяанд орсон. Ингээд 1911 онд Чин улсын төр унахад бид Манжийг дагасан болохоос биш, Хятадыг дагаагүй тусгаар улсаа байгуулсан. Энд зөвхөн Халх монгол биш, Манж чин улсын харьяанд байсан бүх монголчууд Өвөр монгол, Хөлөнбуйр, Хөхнуурын монголчууд бүгд Богд хаант Монгол Улсад дагаар орсон. Тэгэхээр тухайн үеийн монголчуудад Монгол гэдэг үзэл маш эрхэм чухал байсан учраас ингэж бүгд нэгдэж Монгол Улсаа дахин сэргэн мандуулж чадсан юм. Эндээс харахад монголчууд угаасаа эв нэгдэлгүй гэж хэлж бас болохгүй. Эв нэгдэл гэдгийг тухайн үед байх ёстойг хүн бүр ухамсарлаж байсан байна биш үү. Гэтэл одоогийн бид үүнийг тэр болгон ухамсарлаагүйтэй л холбоотой юм болов уу. Улс орон үндэстнийхээ эрх ашиг гэж хандахгүй амин хувийн эрх ашгаа л нэн түрүүнд тавьснаас энэ хямрал эхэлдэг байх.

Түүхэнд ер нь хэрвээ тэгсэн бол тэгэх байсан гэдэг ойлголт байдаггүй л дээ. Гэхдээ зүгээр бодоод үзэхэд хэрвээ бид эв нэгдлээ сахиад хамгаалж чадсан бол тийм амархан өөр улсын харьяанд орохооргүй байсан л болов уу. Хэдийгээр XYII зуунд Манж Чин улс маш хүчирхэг байсан ч гэсэн. Хэрвээ бид өөрсдөө л ямар нэг байдлаар өөрийнхөө гэрийг нураагаагүй бол гадны улс биднийг эзлээд авчихааргүй байсан гэж би бодож байна.

-Манжууд манайхыг дарласан, манж байсандаа монголчууд үлдсэн гээд хүмүүс талцах юм?

-Манайхан туйлшрах дуртай ард түмэн. Туйлын үнэн, туйлын буруу гэж байхгүй. Манж байсан учраас бид хадгалагдаж үлдсэн гэдэг нэг талаар зөв, нөгөө талаар үгүй. Манж биднийг колони болгосон дарамталж мөхөөхийн ирмэгт тулгасан гэвэл бас буруу биш ч туйлын үнэн бас биш. Одоогийн Зүүн хойд Хятадаар нутаглаж байсан, манжуудын өвөг зүрчидүүдийг монголчууд XIII зуунд анх харьяандаа оруулсан. Үүнээс хойш тэд Монголын соёлын нөлөөг хүртсэн. XYII зуунд дахин сэргэн мандаж нэгдсэн төр улсаа байгуулахдаа монгол бичгийг авч хэрэглэсэн, монголчуудын хүчийг ашигласан. Монголын тархай бутархай олон аймгуудыг эв эеэр өөртөө татсан. 1636 онд Өвөр монголын ноёдууд Манжийн хааныг Монголын хаан гэж өргөмжилсөн. Ингээд манжууд монгол цэргийн хүчээр Хятадын Мин улсыг мөхөөсөн, Солонгосын хойгийг илбэн дагуулсан, Түвдийг байлдан дагуулсан, бусад монголчуудыг эзэлж авсан.

XIX зууны эхэн болтол монголчуудын цэргийн хүчийг ашиглаж байсан. Монгол ноёд өөрийнхөө албат ардыг хуучин хэвээр захирсан. Монгол ноёд зөвхөн манжийн хааныг өөрийнхөө хаан болгосон болохоос биш, ямар нэгэн байдлаар өөрчлөлт гараагүй гэж хэлж болох юм. Гэтэл яваандаа манжууд өөрсдөө Хятадын суурин иргэншлийг шохоорхон хүлээн авч хятаджиж эхэлсэн. XIX зууны дунд үеэс эхлээд, Европын хүчирхэг гүрнүүдийн шахалт дарамтанд учирч тэгш бус янз бүрийн гэрээ байгуулан, хар тамхины хоёр удаагийн дайнд ноцтой ялагдаж, ер нь дэлхий ертөнцөөс хоцрогдож эхэлсэн учраас, орчин үежүүлнэ гэсэн бодлого явуулж эхэлсэн юм. Ялангуяа улсынхаа хойт этгээдийн уйгур, монгол зэрэг ард түмний суудаг хагас хараат газар нутгийг Орост алдах нь гэж болгоомжилж байсан учраас XIX зууны сүүл XX зууны эхнээс эхлэн хятад тариачныг Монгол газарт нүүлгэж суурьшуулан Шинэ засгийн бодлого гэдгийг эхлүүлсэн. Тэгэхлээр Манжийн эрхшээлийн эхэн үе, сүүл үе хоёр нь өөр болох нь харагдана байх аа.

-Галдан бошигт, Чахундорж хоёрын үүрэг энэ үед ямар байв?

-Түүхэн хувь хүмүүсийн түүхэнд үлдээсэн үүрэг маш их гэж харж болно. Энэ хоёрын зөрчил их. Чахундоржийн элэнц өвөг Автай сайн хаан Эрдэнэзуу хийдийг байгуулсан. Ойрадыг дайлж, харьяандаа оруулж байсан. Халхын гал голомтыг сахисан. Бид Монголын их хааны байр суурийг залгамжилж байна гэж хардаг байж. Гэхдээ Халхад зөвхөн Түшээт хаан байсан юм биш, баруун гарыг нь тэргүүлсэн Засагт хаан гэж байсан. Халхын баруун гарт Норов Засагт хаан гэдгийг нас барсны дараа хаан ширээг хэн залгамжлах вэ гэсэн тэмцэл самуун гарсан. Түүнээс нь болоод баруун гараас олон хүмүүс зүүн гар руугаа дүрвэж орсон. Шинэ суусан Засагт хаан хүмүүсээ нэхсэнийг Түшээт хаан буцаагаагүй. Тухайн үед Халхын ноёдын өвөг Гэрсэнзийн ахмад хүүгийн угсаа гэдгээрээ Монголын уламжлал ёсоор бол Засагт хаан бас өөрийн биеэ Халхыг тэргүүлэх ёстой гэж үзэж байсан. Энэ мэтээс болж Халхын баруун гарын Засагт хаан ойрадын Галдан бошигтын дэмжлэгийг авах болсон тул Түшээт хаан цэрэг авч дайлаад түүнийг хөнөөсөн. Тэрнийх нь хариуд Галдан бошигт цэрэглэн Халхад нэвтэрч орсон юм. Галдан бошигт дундад Азид их цэрэг дайн явуулсан, цэрэг нь дэг журамтай. Халхын Түшээт хааны цэргийг дийлсэн. Түшээт хаан тэргүүтэй хүмүүс аргагүй Манжийн хааныг дагах болсон. Одоо зарим хүмүүс Түшээт хаан Галдан бошогттой нийлээд Манжийн эсрэг хамтдаа тэмцэх байсан адилхан монгол угсаатай байж гэж буруутгах гэсэн зүйл харагддаг. Тэгэхээр буруутгах гэхээсээ илүүтэй тухайн цаг үеийг өөрөөр харах хэрэгтэй. Бид одоогийн үзэл бодол үнэт зүйлсээрээ тэр үеийн хүмүүсийг шүүх гээд байна гэсэн үг. Зөвхөн Чингисийн угсаа хаан суух ёстой, хааны угсаа алтан ураг гэсэн үзлийг тээгчид зэвсэг зөрүүлэн алах гэж ирсэн дайсандаа дагаж орох уу, аль эсвэл эртнээс харилцаа холбоотой байсан хүчирхэг хааныг дагаж, дайснаа дарж авахыг хүсэх үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Тухайн үед огт байгаагүй үндэсний үзэл гэдэг орчин үеийн үнэт зүйлийг бид тэдгээр түүхэн хүмүүсээс шаардах эрх байхгүй. Харин энэ түүхнээсээ бодит сургамж авах нь л чухал. Түрүүн хэлсэнчлэн монголчууд эвтэй байсан бол ийм зүйлд хүрэхгүй л байсан.

-Та хаана сургууль төгссөн бэ. Өөрийнхөө тухай танилцуулаач?

-1984 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг төгссөн, бакалавр магистраа МУИС-иас авсан, энэ сургуулийн бүтээгдэхүүн. 2010 оноос Түүхийн хүрээлэнгийн Манжийн үеийн Монголын түүхийн салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар орсноос хойш эдүгээ хүртэл долоо дахь жилдээ Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарт ажиллаж байна. 2016 онд Японы Васэда их сургуульд “XVII зууны Монголын умард хязгаар” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Миний өвөг эцэг Довдонгийн Рэнцэндорж гэж ЗХУ-д Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуулийг 1930-аад онд төгссөн, нам улсын байгууллагад олон жил удирдах ажил хийсэн, эрдэм номтой хүн байлаа. Хүүхэд байхдаа өвөөгийн номын сангаас анх Ш.Гаадамба гуайн “Нууц товчооны нууцсаас” хэмээх их хөөрхөн хавтастай (дотроо бол үлгэрийн ном гэж бодсон хэрэг) жижигхэн номыг олж үзээд уншиж үзсэнд дотор нь харин эртний монгол үг хэллэгийг ардын аман зохиол, түүхэн үүднээс тайлбарласан их сонирхолтой ном байж таарсан. Бидний үеийнхэн монгол бичгээрээ анх сургуульд сурсан болохоор Гаадамба гуайн тайлбарласан зүйлс нь их л сонирхолтой санагдаж билээ. Дараа нь мөн л өвөөгийн номын сангаас “Монгол-татаарууд Ази, Европт” гэдэг номын доторх хавтасны зураг дээрээс Монголын байлдан дагууллын газрын зургийг олж үзчихээд Монгол гэдэг маань ийм том байсан юм уу? гэж гайхах сэтгэл төрж байсан юм. Дараа нь дунд ангид манай анги даасан багш түүхийн багш байсан нь надад их нөлөөлсөн гэж боддог. Сургууль төгсөхийн үед түүхээр явна гэж бодоогүй ч түүхэндээ их дуртай болчихсон байв. Герман хэлний ангид сурч байхдаа түүх сонирхож уншсаар, яваандаа сонирхол минь давамгайлаад түүх рүү орсон доо. Дээрээс нь өөрийгөө, өөрсдийгөө таньж мэдэх гэсэн хүсэл маань ч нэмэр болсон байх. Оюутан, магистрт сурч байх үеэс л Монголын түүх гэдэг нь Монгол Улсын түүх юм уу? Монгол үндэстний түүх юм уу? гэдгийг эргэцүүлэн бодох болсон юм. Түүхийн хүрээлэнд ажиллаж эхэлснээс хойш хүмүүсээс сонсч, эрдэмтэн судлаач багш нартайгаа ярилцаж байхад түрүү ахмад үеийн түүхчид маань энэ талаар анхаарч судалж байсан ч тухайн үеийн үзэл суртлын хүлээсэнд баригдаж, судалгаа дутмаг явж ирснийг олж мэдсэн. Бидний түүх гэдэг маань эзэн богдын үед мандан бадарч дэлхийн түүхийг тодорхойлж явснаас хойш таслагдан таслагдсаар одоогийн манай Монгол Улсын хил хязгаарын хүрээнд баригдаж үлдсэн түүх болсон юм байна. Чухам эндээс л бид түүхээ дутуу мэдэж байгаа юм шиг, түүнээс болоод олон зүйлийг төдийлөн сайн ойлгохгүй байгаа юм шиг санагдаж эхэлсэн юм л даа. Ингээд л нэгэнт монгол үндэстний хүү болж төрсний хувьд түүхийн судалгаа хийж буй эрдэм шинжилгээний ажилтны хувьд үзэл суртлаас ангид, шинжлэх ухаанд, үнэнд ойр судалгаа хийе гэж бодож одоогийн Орос дахь буриад, тува, халимагууд, Хятад дахь монголчуудын тухай, Манж Чин улсын ноёрхлоос өмнөх Монгол-Оросын харилцааны тухай судлах болсон юм. Гэвч энэ судалгааны материал, эх хэрэглэгдэхүүн голдуу орос, манж, хятад хэлээр монголчуудыг хуваан захирсан хоёр улсын төр засгийн бодлого чиглэлийг тусгасан байх нь их. Тиймээс монголчуудын өөрсдийнх нь сурвалж бичиг, бичиж үлдээсэн түүхэн ой санамж зэрэгт холбогдох материалыг чадлын хэрээр цуглуулж “XVII зууны Монгол-Оросын харилцаан дахь харьяатын асуудал” гэдэг ном болгож хэвлүүлсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *