УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн (2017.12.28) чуулганы хуралдааны үеэр утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж буй талаараа байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр: -Утааны асуудал үнэхээр анхаарал татсан, онцгой асуудал байсаар байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН, АН, МАХН гэх мэтийн ялгаа байхгүй, нэгдмэл бодлого, зорилго, үйл ажиллагаа хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд иргэдээс санал хүсэлт, мессеж, утасны дуудлага маш их ирж байна.
Иргэдийн бухимдах нь аргагүй. Утаа, агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын болон бусад өвчлөл эрс нэмэгдсэн. Энэ нь эрүүл мэндийн салбарт нэлээд ачаалал үүсгэж байна. 2018 оны улсын төсөвт цахилгааны үнийн нөхөн төлбөрт 20 гаруй тэрбум төгрөг, агаар цэвэршүүлэх, утааг бууруулах тоног төхөөрөмжийн санхүүжилтэд тодорхой эх үүсвэр баталж өгсөн.
2016 оны намар УИХ утааны асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсож, тодорхой чиглэл үүрэг өгч байсан. Үүнийхээ хэрэгжилтийг авч үзмээр байна.
Тиймээс энэ хуралдааны дараа УИХ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдуулж утаа, агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид юунд анхаарч, ямар арга хэмжээ авах ёстойг судлан, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулъя.
Ажлын хэсэгт бүх Байнгын хороодын төлөөллийг оролцуулж, УИХ-ын аль нэг удирдлага ахлах нь зөв.
Ажлын хэсгийг шуурхай ажиллуулж, утааны асуудлыг УИХ тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.