Categories
мэдээ соёл-урлаг

Aрдын уран зохиолч Т.Галсан: Чонын багаа тайлж алиалагч болоод төгсгөлд нь шүлгээ уншдаг байлаа даа хө

Дэлхий маань олон улс оронтой, тэр олон улс өөр өөрийн цаг тоололтой учир янз бүрийн сарын аль нэг өдөр шинэ жилээ тэмдэглэдэг. Энэ бүхэн олон улсын ойлголцол, гэрээ хэлцэл хийхэд төвөгтэйн учир Григорийн тооллыг голлон шинэ жил тэмдэглэх болж хө. Хүүхэд байхын шинэ жил их сайхан. Сурагчийн ширээнийх нь араас Гэгээрлийн гурван сайд төрсөн Баянхонгор аймгийн Загийн сургууль Григорийн тооллын анхны өдрийг тэдний номоор биш монгол цам майдрын маягтай болгож тэмдэглэж байсан нь надад их сонин санагддаг юм. Яасан бэ гэхээр өвлийн өвгөнийг дагаж арван хоёр жил ирдэг байлаа. Бор нэхий дээл гадагшаа харуулаад өмсчихсөн жоохон хүүхэд “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана би энэ наадамд ирлээ, орж болно уу” гэхэд хүүхдүүд “Эрдэм, эрдэнэ хоёр хэрэгтэй ш дээ, ор оо ор” гээд алгаа ташаад оруулна. Энэ мэтээр хүүхдэд шүлэг цээжлүүлж, монгол тооллыг мэдүүлэхээс гадна төгсгөлд нь “Чамайг даа” киноны чононыхоос урт хоншоор хаалгаар цухуйлгаад “Хүүхдүүд ээ, та нар намайг таньж байна уу. Хөдөө хээрээр нутагтай хөх боохой нь ирлээ. Хөгжөөн наргиантай наадамд нь орж болно уу” гэхээр “Хөөе хулгайч байна. Чи буц. Орж хэрэггүй” гэцгээнэ. Чоно ч “Би хулгай хийдэггүй ш дээ. Зуугаас нэгийг идэж байгаарай гэж энэрэнгүй бурхан айлдсан юм билээ. Зуугаас нэгийг үлдээж байгаарай гэж энэ муу чих буруу дуулсан юм билээ” гэхэд хүүхдүүд “Чи хулгайч төдийгүй худалч юм байна” гэж хөөцгөөнө. Чоно “Будилж хэлсэн бурхны буруу. Буруу сонссон чихний буруу” гэхэд “Хулгайч дээрээ худалч, худалч дээрээ буруугаа хүлээдэггүй” гээд хөөнө. Шинэ жилийн баяр ингэж монгол сайхан наадаан болсон юм. Би тэндээс хөөгдөж гарчихаад хувцсаа солиод эргэж ороод алиалагч болдог, төгсгөлд нь шүлгээ уншдаг байлаа даа хө. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийнд би өвлийн өвгөн болж, Баянхонгорын яруу найрагч дүү нар цасан охид биш цасан хөвгүүд болж очиж байлаа. Өчигдөр манайд өвлийн өвгөн орж ирлээ. “Номын жор” хамтлагийн ахлагч Базарсүрэн хэдэн цасан охин дагуулчихсан ирж бэлэг хайрлалаа. Өдий насанд өвлийн өвгөн орж ирэхэд өвгөн, эмгэн хоёр их баярлаж, би бэлгэ дэмбэрэлийн үгээ хэлж, бэлэг дурсгалаа ч бас тэдэнд гардууллаа. Одоо 31-ний орой отгон хөвүүн Бодьбилгүүнийхээ ууган охиныг оньсголохын учир аа өвлийн өвгөн болж очихоор дээл хувцас, бэлэг сэлт, бэлгэ дэмбэрэлтэй үг юүгээн бэлдэж сууна даа хө, алтаар урс.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *