Олон улсын сүлжээ “Рамада”, “Холидэй Инн” зочид буудлын Удирдлагын хорооны дарга, “Монголын аялал жуулчлалын бизнес хөгжлийн зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.
-Нэг сая жуулчин авчирна гэж цөөнгүй жил ярьж байна. Бид энэ тоог нэмэх, эсвэл ядаж энэ тоондоо хүрэх боломж бий юү?
-Гурван жилийн өмнө Монгол Улс аялал жуулчлалын өрсөлдөх чадамжаар 90-д эрэмбэлэгдэж байсан бол өдгөө 12 байраар ухарчээ. Бодлого тодорхойлогчид олон жилийн турш нэг сая жуулчин Монголд хүлээн авахаар төлөвлөсөн ч энэхүү төлөвлөгөө цаасан дээрээс цааш хөдөлсөнгүй. Энэ оны эхний арван нэгдүгээр сарын байдлаар л гэхэд бодит үр дүн дөнгөж 451.9 мянга байна. Тиймдээ ч нэг сая жуулчин хүлээж авах хугацааг хойшлуулсаар байна. Ерөнхийдөө манайхан аялал жуулчлалын ямар чухал салбар болохыг сайн ойлгохгүй байх шиг л санагдаад байгаа юм. Дэлхий дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр өөрсдийгөө тэжээж буй цөөнгүй орнууд байдаг. Мальдив л гэхэд эдийн засгийнхаа 79.4 хувийг зөвхөн энэ салбараас бүрдүүлдэг. Гүрж, Макао , Ямайк, Камбож зэрэг орнууд ч мөн ялгаагүй. Манай орны хувьд аялал жуулчлалын бүтээгдэхүүний асар их нөөцтэй боловч ЭЗ-ийн дөнгөж 9.4 хувь нь жуулчлалаас бүрдүүлж байна шүү дээ. Уул нь Монгол Улс өмнө нь хэзээ ч байгаагүй анхаарлыг аялал жуулчлалын салбарт хандуулсан. “ITB Berlin” үзэсгэлэнд 2015 онд оролцохдоо 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг төсвөөс зарцуулсан шүү дээ. Гэсэн ч бидний хүлээж авсан жуулчдын тоо сүүлийн таван жилд 4.6%-иар буураад байна.
-Жуулчдын тоо буураад байгаа шалтгаан нь юу юм бэ?
-Энэ асуултад хариулахаас өмнө бид үнэхээр өөрсдийн талаарх сонирхол татахуйц мэдээллийг хангалттай тэдэнд хүргэж байгаа юу гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Аялал жуулчлал идэвхтэй орнуудын иргэдийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь юу юунаас чухал гэсэн үг л дээ. Ер нь бол жилээс жилд онлайн сурталчилгааны эзлэх хувь өсөж байна. Тиймдээ ч аялал жуулчлалын өрсөлдөөнд байх улс орнууд цахим стратегиа хэрэгжүүлж контент үйлдвэрлэж байна. Тухайлбал, АНУ-ын Калифорни хотын “Dream 365”, Шинэ Зеландын ЗГ-аас санхүүжүүлэн ОУ-ын нэр хүндтэй “Mindshare” агентлагийн 2007 онд гүйцэтгэсэн “Нэгдсэн онлайн хөтөлбөр” зэргийг нэрлэж болно. Харин оффлайн контентын хамгийн амжилттай төрөл нь кино. Кино нь зөвхөн аялагчдад мэдээлэл хүргэхээс гадна, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болдгийг Шинэ Зеландад “Бөгжний эзэн”, “Hobbit”, Хятадад “Аватар” зэрэг кинонуудын жишээнээс харж болно. “Аватар” киноны зураг авалт хийсэн газар л гэхэд жилдээ 30 сая жуулчин ирдэг. Энэ мэт контент үйлдвэрлэл, аялал жуулчлалын маркетингийн жишээнүүдийг зөвхөн төрийн байгууллага, Засгийн газрууд нэгдсэн зохион байгуулалтаар хэрэгжүүлсэн байдаг. Гэвч Монгол Улсад кино битгий хэл нэгдсэн бодлогоор нэг ширхэг ч видео байхгүй гэдгийг энд дурдах нь зүйтэй байх.
-Та бүхний судалж, харж байгаагаар Монголд ирэх жуулчид ихэвчлэн аль улс орноос илүүтэй байх бол?
-2016 оны статистикт манай улсад ирсэн жуулчдын тоог 404 мянга гэж тодорхойлсон. Уг тоо сүүлийн арван жилд лав өссөнгүй. Үүнийг улс орнуудаар авч үзвэл БНХАУ, ОХУ-ын жуулчид дийлэнхдээ ирдэг. Зочид буудлуудын хүлээн авсан жуулчид жилд дунджаар дөнгөж 100 мянга гэсэн тооцоо ч бий. Энэ тооны дийлэнх хувийг Ази, Номхон далайн бүсээс ирсэн зочид бүрдүүлдэг. Энэ оны Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд Ази, Номхон далайн бүсийн 10 орон аялал жуулчлалын өрсөлдөх чадвараа хамгийн их нэмэгдүүлсэн болохыг зарласан. Харамсалтай нь манай орон үүнд багтаагүй. Тэгэхээр амлалт болгодог нэг сая жуулчныг хаанаас, яаж авчрах асуудлыг төр, засгийн түвшинд өндөр ач холбогдол өгч авч үзэх хэрэгтэй.
-Нэг сая жуулчин хүлээн авах хангалттай нислэг манайд бий юү?
-Аялал жуулчлалын өрсөлдөөний чадварын тайланд манай улсын тээврийн индекс хамгийн муу үзүүлэлттэй гарсан. Одоогоор “Чингис хаан” буудал олон улсын шууд нислэгээр жилдээ 510 мянган зорчигч хүлээж авах хүчин чадалтай. Гэхдээ зуны улиралд ачааллаа дийлэхгүй, харин өвөлдөө маш цөөхөн зорчигчид зорчдог. Хөшигтийн хөндийн онгоцны буудал ашиглалтад орвол жилдээ 1.4 сая зорчигчид тээвэрлэх боломж бүрдэнэ л дээ. Гэхдээ шууд нислэгийн чиглэл нэмэгдэх, авиа компаниуд зорчигч тээврийн квотыг холбогдох төрийн байгууллагаас хангалттай авах эсэхээс хамаарч манай оронд ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ.
Харин тийзний үнэ тухайн чиглэлийн нислэгийн эрэлт буюу онгоцны дүүргэлт, тийзний ангилал, тийзээ урьдчилан захиалсан эсэх, зорчигчдын урсгал гэх мэт нөхцөлүүдээс хамаардаг. Жишээлбэл, УБ-Бээжин, Бээжин-УБ чиглэлийн тийзний үнийн зөрүү 250 мянган төгрөг л байдаг. Гэсэн ч тийзний үнэ өндөр байгаагийн суурь шалтгаан нь хоёр улсын иргэний нисэхийн гэрээ, конвенц, шууд нислэгийн тоо, дамжин өнгөрөх гэрээ гэх мэт маш олон зүйлээс давхар хамаарна.Энэ тухай эдийн засагч Д.Жаргалсайхан “Зочноо саравчилсан зочлолын салбар” нийтлэлдээ “Аялал жуулчлалын бизнес нислэгээс хамаарч байгааг онцлоод, авиа компаниуд зөвхөн төрийн өмчийн МИАТ компанитай тохирсон нөхцөлөөр л Улаанбаатар руу нисдэг. Энэ нь дэлхийд хамгийн өндөр тийзний үнэтэй 10 орны нэгээр Монголыг тодруулдаг төдийгүй, нислэгийн хүртээмж хангалтгүй байхад нөлөөлдөг” гэж бичсэн удаатай.
-Манай улс руу аялах визний асуудал ч мөн ялгаагүй ярвигтай байдаг талаар сонсож байсан юм байна. Энэ тухайд?
-Жуулчдыг хүлээн авахыг хүсдэг орнуудын жишээнээс харахад гурван цагт багтааж виз гаргадаг улс орон ч байна. Гэтэл манайд ирэх жуулчид хоёроос таван хоног хүлээгээд ч гардаггүй. Ихэнхдээ заавал өөрийн биеэр элчин сайдын газар очих ёстой болдог. Гэтэл улс орнууд хоорондоо харилцах зорчих визний нөхцөлөө улам бүр таатай болгож байна. Жишээ нь, “2008 онд нийт аялагчдын 77 хувь нь гадаад улс руу зорчихдоо виз авдаг байсан. Харин 2016 онд энэ тоо 58 хувь болж буурсан байна. Судалгаанд оролцсон нийт орнуудын 85 хувь нь сүүлийн жилүүдэд визний журмаа зөөллөсөн байгааг нийтлэлч В.Ганзориг “Айлсал ба Аялал жуулчлал” нийтлэлд дурдсан байдаг. Дээр дурдсан визний асуудлаас гадна “Expedia, Inc.,” “Lotte”, “Redcap”, “Bcdtravel” гэх мэт олон улсын аяллын агентлагуудын маршрутад Монголын талаарх мэдээллэл огт байдаггүй. Энэ нь дамжин өнгөрөх жуулчдад зориулж 72 цаг хүртэлх визгүй зорчих нөхцөл бүрдээгүй байгаатай холбоотой. Энэ нь олон улсын тойрон аялалд багтахгүй байх гол нөхцөл болоод байгаа хэрэг.
-Жуулчид ирлээ гэхэд хүлээж авах нөхцөл боломж нь ямар түвшинд байгаа вэ?
-2010 онд 300 орчим байсан жуулчны бааз дотоодын жуулчдын ачаар сүүлийн долоон жилд 700 орчимд хүрсэн байдаг. Гэхдээ шинэ журмын дагуу 2016 онд 254 компани аяллын операторын гэрчилгээ шинээр авсан болон сунгуулсан. Энэ тоо өсөж байгаа нь сайн боловч сөрөг талууд ч нэлээдгүй үүсчээ. Манай орны үзэсгэлэнтэй, онгон байгаль хаана байна тэнд л багширсан баахан гэр баазууд бий болсон. Энэ нь жуулчдыг хамгийн их татдаг нүүдлийн соёл, онгон байгалийг алдагдуулж эхэллээ. Тэдгээр баазууд бүгд л ижил бүтээгдэхүүн санал болгодог. Онцгойрох зүйл байхгүй гэсэн үг. Мөн тэд олон улсаас шинээр жуулчин нэмж авах талаар биш, аль хэдийнэ Монголыг сонгоод ирчихсэн байгаа жуулчдын дунд л харилцан үнэ буулгаж өөр хоорондоо өрсөлдөж байна. Гэтэл БНСУ-ын Чэжү арал дээр манай “Морьтон монгол” үзүүлбэр нэг сая, Өмнөд Монголын Ордост байх Чингис хааны мөргөл гурван сая жуулчин татаж байна. Нэг жилийн л хугацаанд шүү дээ. Ерөнхийдөө бусад орнуудад түүхийн онцлог, баримтад тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүнд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Асар хүчтэй хөгжүүлснээр жуулчдыг ч хүссэнээрээ татаж байна. Гэтэл бид бэлэн түүх байхад ярихаас цаашгүй л суусаар байна.
Ерөнхийдөө жуулчид Монголын нүүдлийн соёл, онгон байгалийг л хамгийн их сонирхож ирдэг. Гэтэл сая жуулчдыг хүлээж авахдаа өөрсдийн соёл, давуу тал, давтагдашгүй байдлаа хадгалж үлдэх бодлого бидэнд алга. Нөгөө талдаа уг бодлого зайлшгүй шаардлагатай байгааг дотоодын 60 мянган жуулчны нөлөөгөөр “Цонжин Болдог” хөшөөтэй цогцолбор, Хөвсгөл далай, Хархорин орчмоос байгалийн давтагдашгүй байдал хэрхэн алдагдаж байгааг тод томруун харах боломжтой. Газар олголт ч мөн ялгаагүй маш замбараагүй байдалд хүрсэн. Байгаль орчноо хамгаалж байгаа жишээ дурдахад Хятадын Чэнгдүд жилд 1,2-1,5 сая жуулчин хүлээж авдаг. Гэсэн ч тэд жуулчдын төлсөн мөнгөөр байгалиа хамгаалж, онгон дагшин хэвээр нь хадгалсаар байгаа. Тийм болохоор манай орон “Тогтвортой аялал жуулчлалд” бэлэн үү гэдэг маш том асуулт гарч ирж байна.
-Нэг сая жуулчин хүлээн авах дотоодын худалдаа, үйлчилгээ, иргэдийн ухамсар ер нь бэлэн байгаа юу?
-Жуулчдын хэрэгцээг газар үзэх, мэдлэг мэдээлэл олох, мөнгө үрэх гэж гурав ангилж болох юм. Гэвч Монголд мөнгө үрэх зүйл маш цөөхөн. Жишээ нь өмнөд хөршийн жуулчид Монголд аялахдаа 1532 ам.доллар зарцуулдаг гэж Монголбанкны судалгаагаар гарсан. Харин бусад оронд аялахдаа 3252 ам.доллар зарцуулдаг хэмээн WTCF байгууллага дурдсан байна. Үүний 58 хувийг дэлгүүр хэсэж үрдэг. Дэлгүүр хэсэхээс гадна ресторан, зочид буудал, интертайнмент, санхүүгийн үйлчилгээ, машин түрээс, такси гэх мэт үйлчилгээнүүд багтдаг байна. Тэгвэл бид нэг сая жуулчны мөнгийг Монголдоо үлдээж чадах уу. Саяхан нэг жуулчин нисэх буудлаас хотын төвд ирэхэд 100 мянган төгрөг төлсөн тухай цахим орчинд тархсан. Манай үйлчилгээний чанар, ёс суртахуун ямар байгааг энэ жижиг жишээ л илэрхийлж байна. Мөн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр манай улсын дэд бүтэц бүс нутгийн улсуудын дундаж үзүүлэлтээс хоёр дахин муу гарсан байдаг. Энэ мэт асуудлыг сайжруулахын тулд төр, засгийн байгууллага, үйлчилгээний салбарынхаа бизнес эрхлэгчдийг урамшуулах, аялал жуулчлалын ээлтэй бодлогоор дэмжих хэрэгтэй болов уу.
-Жуулчдыг хүлээн авахад төр, засгийн зүгээс өөр ямар асуудалд анхаарлаа хандуулаасай гэж бодож байна вэ?
-Манай иргэд сүүлийн жилүүдэд Байгаль далай, Итгэлт хамба, Улаан-Үүд, Манжуур зэрэг газрууд руу групп аяллыг маш их зохион байгуулж байна. Энэ бас аялал жуулчлалын нэг л бүтээгдэхүүн. Үүнтэй адилаар бид хөрш орнуудын иргэдийг хил орчмын аялал жуулчлалаар татах хэрэгтэй. Гагцхүү аялал жуулчлалын таатай орчныг нь төр, засаг бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, хил орчмын дэд бүтцийг хөгжүүлэх, групп жуулчид орж гарах таатай нөхцөлийг бүрдүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах зэргийг нэрлэж болно. Байгуулагдсаныхаа 30 жилийн ойг саяхан тэмдэглэсэн БОАЖЯ-ны хэрэгжүүлэх 30 бүтээлч ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарын хувийн хэвшилд тулгарч байгаа эдгээр асуудлуудыг тусгаасай гэж хүсэж байна.
Аялал жуулчлалын салбарт зөвхөн хувийн хэвшлийн компаниуд дийлэхээргүй, төрийн бодлого, зохицуулалт дутагдаж байгаа олон хүчин зүйлс бий. Хэрэв дутагдаж байгаа нэгдсэн бодлого, хууль, эрх зүй болон дэд бүтцийн асуудлыг шийдэж чадвал хувийн хэвшилд үлдсэнийг нь хийх чадамж бүрэн байгаа төдийгүй, аялал жуулчлалын салбарт өсөлт гарах хангалттай нөөц байгааг ч мэргэжилтнүүд онцолсоор байгаа юм.