Онцгой байдлын албыг бэхжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, аврах, гал унтраах үйл ажиллагаанд ашиглах нисдэг тэрэгтэй болгох зорилгоор ард түмний санаачлагаар эхлүүлсэн хандивын аян улс орон даяар өрнөсөн.
Онцгой байдлын албанд туслах энэхүү хандивын аян өнөөдөр ч үргэлжилсээр байна. Хандивын аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандивласан 809,6 сая гаруй төгрөг Онцгой байдлын ерөнхий газарт төвлөрөөд байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны хамт олны зүгээс 10 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн таван ханатай дөрвөн гэрийг гардуулан өглөө.
Хандивыг тус банкны гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол, захиргаа, хүний нөөцийн газрын захирал Л.Нямсүрэн, маркетингийн газрын захирал Б.Баярмаа нар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд хүлээлгэн өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.