Categories
мэдээ нийгэм

Зохиолчийн ой тэмдэглэв

Саяхан МУСГЗ, Д.Сүхбаатарын одонт нэрт зохиолч, их эмч Ш.Ванчаарайн анхны зохиол нийтлэгдсэний 60 жил, мэндэлсний 85 жилийн ойгоор түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж, ЭМСЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын зохиолчдын эвлэл, Монголын анагаах ухааны зохиолчдын холбоо хамтран хөдөлмөр алдрыг нь тэмдэглэв.

Миний бие 10-аад жилийн өмнө 2008 онд хэлэх гэсэн үгээ хэнээс ч цэрвэхгүй хэлдэг энэ өвгөн зохиолчтой уулзаж өдрийн сониндоо “Би амьдралаа өөрөө босгосон” хэмээх ярилцлагыг нийтэлж байсан юм. Гэтэл магнайнаас нь гэрэл цацарсан энэ халзан өвгөн өтөлж өвгөрөхгүй өнөөх л хэвээрээ байна. Үүнийг нь СГЗ яруу найрагч Б.Хүрэлбаатар “ажилсаг бүтээлч сэтгэлгээтэй нь холбоотой байх” гэж хэлж байхад МУ-ын хүний гавьяат эмч доктор профессор И.Пүрэвдорж “бие, хэл, сэтгэлээ чандлан ариусгасан, уужим ухаант, хүлцэл төгөлдөр, башир хуурмагаас ангид” гэж түүнийг тодорхойлж байна. МУИС-ийн уран зохиол, урлаг судлалын тэнхимийн багш МУСГЗ нэрт зохиолч До.Цэнджав “Монголын орчин үеийн өвөрмөц содон дүр агуулгатай, цаг үеээсээ тасарч, ардын ардчилсан шударга, үнэн зөв нийгмийг урьдчилан харж олон ном бүтээлээ туурвисан гэж” түүнийг үнэллээ.

Ш.Ванчаарайн уран бүтээл болоод хийж бүтээсэн эмчийнх нь ажлыг товч танилцуулсан МУ-ын хүний гавьяат эмч, яруу найрагч С.Бадамжав “түүний эрхэлж байсан “Эрүүл мэнд” сэтгүүл эрүүл мэндийн боловсролыг түгээж чадсан жинхэнэ сэтгүүл болж чадсан учир 130 гаруй мянган уншигчтай болсон хийгээд анхны өгүүллэг нь “Уран зохиолын цоморлиг” сэтгүүлд 1957 онд хэвлэгдсэнийг дурьдаад “Өнөөдөр бид Ш.Ванчаарайн уран бүтээлийг тоон үзүүлэлтээр нэгтгэн үзэхэд тэр 80 гаруй өгүүллэг, 120 гаруй хөрөг нийтлэл, 20 гаруй тууж, 3 роман, 4 жүжиг 20 гаруй тэмдэглэл шүүмж сэтгэгдэл өгүүлэл бичиж хэвлүүлсэн байх юм. Үүнийг нь доктор, профессор Д.Цэнд, судлаач Б.Бүрэнтуяа нар “тооны цаана бас чанар гэж байдаг энэ талаас үзэхэд түүний зохиол бүтээл тоо чанарын альнаараа ч манай орчин үеийн утга зохиолын сан хөмрөгийг баяжуулсан нь маргаангүй үнэн болох нь харагдаж байна” гэж дүгнэснийг дурьдаад түүнд урт удаан наслахыг ерөөв.

Зохиолч Ш.Ванчаарайн 85 насны найр их л эгэл жирийн, бас өргөн агуулгатай болж өнгөрөв.

Д.ОЮУНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *