-ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ДАМЖУУЛАХ ШИНЭ ШУГАМ НЬ ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД НИЙЛҮҮЛЭХ ЦАХИЛГААН ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ЮМ. ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ЭНЭХҮҮ ТӨСЛИЙГ МОНГОЛД УСАН СТАНЦ БАРИХ АСУУДЛЫГ ӨӨРӨӨР ШИЙДЭХ ГОЛ “СҮЛЖЭЭНИЙ” СОНГОЛТ ГЭЖ ХАРЖ БАЙНА. УЧИР СЭЛЭНГЭ МӨРӨН, БАЙГАЛ НУУРЫН ЭКОЛОГИД ЗАНАЛХИЙЛЭХ АЖ.-
Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Эрчим хүчний яамнаас мэдэгдэл хийхдээ талууд ийм төрлийн гэрээг байгуулахад хэдэн сараар ч зөвшилцөж болох юм гэж байв. Саяхан ОХУ-ын Эрчим хүчний сайдын орлогч В.Кравченко нийгмийн сүлжээн дэх “Спаси Байкал” бүлгийн асуултад хариулжээ. Тэрбээр Оросын эрчим хүчний яамнаас байр сууриа илэрхийлж, Монгол түншдээ гэрээний төслийг илгээсэн байгаа талаараа хуучилжээ. В.Кравченко “Төсөлд Оросын нутгаас цахилгаан эрчим хүч худалдаж болох, эрчим хүчний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлж болох тухай асуудлыг хөндсөн байгаа. Хэрэв түншүүд маань бидний саналыг хүлээж авбал бид үнэ тохиролцоход бэлэн байгаа” гэв. Түүний хэлснээр Монгол руу гэрээний төслийг бүр өнгөрсөн зун илгээсэн. Гэхдээ, тус улсад зун болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн газар халаа сэлгээ хийснээс Оросын тал хараахан хариу авч чадаагүй” гэжээ. Тэрээр цааш нь “Бид боломжийн үнээр цахилгаан эрчим хүчийг экспортолж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг судалж үзэх санал тавьсан. Бидэнд техникийн бүх боломж бий” гэж нэмж хэлсэн байна. Тэрээр ийн онцлохдоо нийлүүлэлтийг хэдийнэ барьчихсан байгаа сүлжээний дэд бүтцийг ашиглан нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа” гэжээ. Үүнтэй зэрэгцэн Оросын тал мөн сүлжээний дамжуулалтынхаа хүчийг ч өргөжүүлж болно. Нэмэлтээр цахилгаан үүсгэгч обьектуудыг барьж болох юм (одоогийн байдлаар гол дамжуулалт буюу Селендум-Дархан гэсэн чиглэл 220 кВ хүчин чадал бүхий цахилгаан дамжуулах шугамаар цахилгаан нийлүүлж буй. Цахилгаан эрчим хүчний гол үүсгэгч нь Буриад дахь Гусиноозерын нүүрсний цахилгаан станц аж). В.Кравченко “Хүндэт түншүүд ээ, хэзээ ажлаа эхлүүлж болох вэ” гээд саналаа тэдэнд хэлсэн. Одоогоор хариу алга байна. Нам гүм байна. Ийм тохиолдолд сүлжээний дэд бүтцийг өргөжүүлэх, тэр дундаа цахилгаан үүсгэгчийн шинэ обьектуудыг барих асуудал түр зуурынх болж байна” хэмээн Эрчим хүчний орлогч сайд ярьжээ.
ҮНИЙН АСУУДАЛ
В.Кравченко цааш нь “Монголд ашигтай байхаар үнийн тал дээр тохиролцоонд хүрэхэд бэлэн буйгаа түншдээ нэг бус удаа мэдэгдэж байсан. Одоогийн нийлүүлэлтийн нийт үнийг бууруулах тухай асуудлыг ч хөндөж болно. Гэвч Монголын тал уг асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байна гэсэн зүйл огт харагдахгүй байна. Ийм тохиолдолд дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд олон улсын механизм нөлөөлж ажиллаж байх нь чухал. ЮНЕСКО, бусад экологийн олон сан ч үүнд оролцох ёстой. Байгал нуур нь хүн төрөлхтний өв, зөвхөн Оросын бус, дэлхийн өв юм” гэжээ. Тэрбээр “Нийлүүлэлтийн үнийн тухай асуудал нь үнэндээ бол хүнд. Учир нь үүнд эдийн засаг, экологийн асуудал ч багтана. Хэрэв зах зээлийн логик сэтгэлгээгээр цааш хөдөлбөл, сонголт бидний талд байх нь юу л бол. Монгол Улс үнэлгээ хийж, өөрсдийн усан цахилгаан станц барих уу үгүй юу эсвэл манайхаас хямд цахилгаан эрчим хүч худалдан авах нь дээр үү гээд шийдвэрээ гаргах ёстой. Гэхдээ дахин онцолж хэлэхэд бид хөнгөлөлт, хямдрал үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэхэд бэлэн” гэв.
“РОССЕТЬ” ТӨСЛИЙН ТАЛААР
ОХУ-ын Эрчим хүчний сайдын нэгдүгээр орлогч Алексей Текслер өнгөрсөн зун ОХУ-аас Монголд шинэ цахилгаан шугам барих нь Монголд усан цахилгаан станц барихаас 3.5 дахин хямд тусна гэж онцолж байсан. 500 кВ-аас нэг ГВт хүрэх хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугам тавих төсөл нь Монгол дахь одоогийн эрчим хүчний тогтолцоотой харьцуулж болох талтай. Өнгөрсөн хавар Россеть ийм төсөл санал болгож байсан. Цахилгаан эрчим хүч дамжуулах шугамыг Хакасиягаас Тувагаар дамжуулан Монгол Улсад барих. Ингэснээр тус улсын алслагдсан эрчим хүчний хомсдолтой бүс нутаг руу эрчим хүчний тогтолцоотой болгох. Цаашлаад эргээд Оросын нутаг руу татахдаа Буриадаар дамжуулан Ар Байгалийн зах хязгаар хүрэх. “Россеть” төсөлд тусгаснаар цахилгаан сүлжээний шинэ дэд бүтцийг хөгжүүлэх нь хэтийн төсөл болох бөгөөд санал болгож буй цахилгаан дамжуулах шугамууд нь хэтдээ Азийн эрчим хүчний их цагирагийн нэг хэсэг болох юм. Нэг талаас энэ нь хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах боломжийг улам нэмэгдүүлэх, нөгөө талаас энэхүү төсөлд оролцогчдод бүгдэд нь нэмэлт орлого авчрах юм. Дашрамд дурдахад, нийгмийн сүлжээний “Спаси Байкал”-ийн мэдэгдсэнээр энэхүү мега төслийн талаар одоогоор хараахан нарийн боловсруулалт хийгдээгүй байгаа. Учир нь Монголын тал үүнийг сонирхож байгаа эсэх нь тодорхой бус. Одоогоор хөрш орон маань сонирхлоо илэрхийлээгүй байгаа тул бид төлөвлөлтөө хийгээгүй байгаа. Гэхдээ зарчмын хувьд энэ нь боломжтой бөгөөд ухаалаг шийдэл. В.Кравченкогийн хувьд дээрх чиг хандлагыг дэмжиж байгаа аж. “Бидний ойлгож буйгаар цахилгаан эрчим хүчийг шаардлагатай газарт нь нийлүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Монголын төвийн эрчим хүчний бүс нутагт ч юм уу. Тэнд өөрийн гэсэн “бааз”-тай гэх авч түгээлт нь асуудалтай. Ид хэрэгцээ гарах үед нь Оросоос экспортлох замаар цахилгаан эрчим хүчээр хангах. Бид шаардлагатай бүс нутагт илүү эрчим хүчээр хангаж болох юм. Асуудлын мөн чанар нь өөр зүйлд байгаа юм. Ашигт малтмал, аж үйлдвэрээс хамааралтай Монгол Улсад өөрсдийн сүлжээний дэд бүтцийг хэрхэн яаж хөгжүүлэх гээд байгаа нь бидэнд ойлгомжгүй байна. Тухайлбал, бид нийлүүлэлтийнхээ хүчин чадлыг 315 МВт болгож өсгөж болох юм. Одоогоор Монгол дахь цахилгаан дамжуулах шугамаар эрчим хүчийг нийлүүлэх боломжит дээд хэмжээ нь 245 МВт юм. Энэ нь том асуудал биш. Гэхдээ хаашаа нийлүүлэх вэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Тиймээс бидний хувьд яг хаашаа гэдэг нь тодорхой биш байгаа нь бас ойлгомжгүй байна. Монгол түншүүд маань дуугүй байсаар” хэмээх тайлбарыг ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд өгчээ. Түүний хэлснээр, ОХУ дээд түвшинд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Гэхдээ тодорхой ойлголттой байх хэрэгтэй. Манай түнш үүнд бэлтгэлтэй байгаа эсэх талаар хариулт өгөх ёстой. Тухайлбал, ийм үнээр, ийн нөхцөлөөр гээд тодорхой зааж, бэлэн гэдгээ мэдэгдэх хэрэгтэй. Бид 30 жилийн гэрээ байгуулна. Бүх нөхцөлийг тусгаж, гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх болно” гэсэн байна.
ОРЧУУЛСАН Д.ЦЭРЭНДОЛГОР
Эх сурвалж: http://tayga.info