Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд “Эдийн засгийн чөлөөт бүс” байгуулж үе шаттай хөгжүүлэх боломжийг судлах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг хуралдлаа. Энэхүү ажлын хэсгийг НИТХ-ын “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва ахлав. Тэд “Чөлөөт бүс” байгуулахад харьцангуй бага зардал шаардах илүү тохиромжтой нутаг дэвсгэрийн сонгон аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ дагнасан хосолсон эдийн засгийн чөлөөт бүсийг бие болгож үе шаттай хөгжүүлэх боломжийн талаар судлах зорилготой юм. Тэд өнөөдөр энэхүү асуудлын талаар хэлэлцэж төлөвлөгөөгөө батлав.

Хурлын үеэр Эдийн засгийн тусгай бүсийг байгуулах боломжит гурван газрыг танилцууллаа. Үүнд:

  • СХД-ын 32-р хороооны нутаг дэвсгэр, Шар хөцийн хоолойд (Одоогийн эмээлт хөнгөн үйлдвэрлэлийн парк төлөвлөгдөж байгаа орчим)
  • Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Одоогийн Шувуун фабрик, түүний урд хөндий хэсэг
  • Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр Морингийн давааны айлуудаас урагшаа, Одоогийн Чингис хаан нисэх буудал ороод түүний баруун, урд хэсэг

Чингис хаан ОУ-ын нисэх буудлын орчим газар нь дэд бүтцийн хувьд “Чөлөөт бүс” бүс байгуулахад хамгийн тохиромжтой аж. Учир нь тусгай бүс байгуулах гол шалгуур нь төмөр зам, агаарын зам, засмал зам юм.

Тэд хуралдааны үеэр гурван гол асуудлын талаар хэлэлцлээ. Нэгдүгээрт шинээр бүрдсэн ажлын хэсэг зорилго, зорилтоо ярилцан мэдээлэл солилцов. Хоёрдугаарт нийслэл дэхь чөлөөт бүс байгуулах хэрэгцээ, шаардлага, нөөц боломжийн талаар мэдээлэл солилцож ярилцсан. Гуравдугаарт ажлын хэсгийн дотоод бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө, хуваарийн талаар ярилцлаа.

Улаанбаатар хот нь 1,4 сая иргэнтэй Монгол улсын ДНБ-ны 65 хувийг дангаараа эзэлдэг. Маш олон тулгамдсан асуудалтай тул энэхүү асуудлуудыг шийдвэрлэх болон хотын хөгжлийг шинэ түвшинд аваачих нь энэхүү “Чөлөөт бүс”-ийн гол зорилго юм. Чөлөөт бүс гэдэг нь гаалийн татвар болон бусад татвараас нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсэг гэсэн үг.

Чөлөөт бүсийн зорилгыг дурьдвал:

  • Импортыг эрчимжүүлэх
  • Экспортын чиглэлийн үйлдвэрлэл
  • Худалдаа үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт
  • Транзит тээвэр
  • Тэргүүний технологийг нутагшуулах
  • Чөлөөт худалдаа хийх
  • Бүс нутгийн хөгжлийг хурдасгах

Чөлөөт бүсийг Улаанбаатар хотод байгуулснаар Валютын урсгал дотогшоо чиглэн ханш бууран төгрөг чангарч 1 ам доллар 1000 төгрөгөөс доош орох нөхцөл бүрдэнэ гэж тус төслийг санаачлагч НИТХ-ын “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва хэлэв.

Мөн энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засаг маш хурдацтай нэмэгдэнэ гэлээ. Тухайлбал:

  • Чөлөөт бүс дэхь ажилтны цалин дунджаар 2000 ам доллар болно
  • Жуулчны тоо хоёр саяд хүрнэ
  • Нийслэлийн нэг хүнд ноогдох ДНБ 15000 ам долларт хүрнэ
  • Гадаад худалдааны эргэлт 30 тэрбум ам доллар
  • Монгол Улсын ДНБ 30 тэрбум ам доллар
  • Монгол улсын нэг хүнд ноогдох ДНБ 11,5 мянган ам доллар
  • 5000 орчим үйлдвэр цех байгуулагдана гэж төлөвлөж байгаа юм.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *