Уржигдар “Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” зөвлөлдөх уулзалт болж өнгөрсөн билээ. Энэ үеэр хэлэлцэгдэж буй санал, асуудлуудаас харахад бэлгийн харьцаанд орж буй охидын дундаж наслалт 13 болсон гэж байв. Мөн 16 хүртэлх насны охидын 80-90 хувь нь хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд орсон байдгаас ихэнх нь өөрөөсөө ах хүнтэй хавьтсан байдаг гэнэ. Өмнө нь эрүүл мэндийн хичээл, сургалтын үеэр охидод тэвчих хэрэгтэй, бэлгийн харьцаанд эрт орж болохгүй гэж заадаг байсан бол орчин цагт тэвчих тухай ярих нь бараг боломжгүй зүйл болсон гэдгийг энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөллүүд онцолж байлаа. Харин яаж аюулгүй, эрсдэлгүй харилцаанд орох, хэрхэн жирэмслэхээс хамгаалах зэргийг насанд нь тохируулаад заах нь зөв гэж байв. Тухайлбал, эрүүл мэндийн хичээлийг цэцэрлэгийн хүүхдүүдэд ч орох хэрэгтэй. Ингэхдээ “Чиний биед хэн хүрч болох, хэн болохгүй. Ээж нь биеийнх нь аль хэсэгт хүрч болох юм. Аав нь, ах нь, багш нь харин биеийнх нь аль хэсэгт хүрч, аль хэсэгт нь огт хүрч болохгүй вэ” гэх зэргийг ойлгуулах шаардлагатай байгаа гэнэ. Мөн бэлгийн хавьталд орж буй насанд хүрээгүй хүүхдүүд санхүүгийн чадваргүй, аав, ээжээсээ бэлгэвчний мөнгө авах боломжгүй зэрэг шалтгаанууд нь охидын жирэмслэлт, бэлгийн замын халдвар тээх хүчин зүйл болж байгаа нь судалгаагаар тогтоогддог гэж байна. Мөн сургууль завсардах, хөдөө орон нутагт алслагдмал газар байх тусам охидын жирэмслэлт нэмэгддэг. Сургуульд сураад, олонтой, мэдээлэл сайтай газар амьдарч байх тусам энэ эрсдэл багасдаг гэнэ.
Арван зургаан насанд хүрээгүй охидын ихэнх нь дээд ангийн хөвгүүн, таньдаг ах, фэйсбүүкээр танилцсан залуу зэрэгтэй бэлгийн харилцаанд орсон байдаг аж. Тэгэхээр насанд хүрээгүй охидын 80 гаруй хувь нь бэлгийн харьцаанд орсон гэж тооцохоор, ийм олон эрчүүд гэмт хэрэг үйлдчихээд явж байгаа гэсэн үг. Тодруулбал, эмэгтэй нь хүссэн ч байсан, үерхэж нөхөрлөдөг, харилцан тохиролцсон, эмэгтэй нь өөрөө бэлгийн харьцаанд орохыг эрэгтэйгээсээ гуйсан ч байсан эрэгтэй нь 16-аас дээш настай бол насанд хүрээгүй охин садар самуунд уруу татсан хэрэгт орно. Тухайн охины гэр бүлээс шүүхэд хандаж, охиныхоо эрүүл мэндийг хэдэн ч төгрөгөөр үнэлж болно, онгон хальс нөхүүлэх эмчилгээний зардлыг ч гаргуулна. Тухайн охин онгон байгаагүй ч гэсэн хүссэн төлбөрөө гаргуулаад, хорих ялаар шийтгүүлнэ гэсэн үг. Эрүүгийн хуулийн 122.1-д зааснаар Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх гэмт хэрэгт тав хүртэл жилийн хорих ял оногдуулна.
Харин насанд хүрээгүй хүүхэд жирэмслүүлсэн тохиолдолд, охины хүсэлтээр аборт хийж, ургийн ДНК-г шинжилж, эцэг тогтоогоод, мөн буруутанг хорих ялтай. Насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон л бол гэмт хэрэгт тооцогддог гэсэн үг. Мөн эсрэгээрээ 16 насанд хүрээгүй эрэгтэй хүүхдийг насанд хүрсэн эмэгтэй хүн уруу татаж, бэлгийн харьцаанд орсон бол мөн хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн насанд хүрээгүй охин хүчиндсэн гэж гомдол мэдүүлсэн л бол хүчингийн хэрэгт тооцогдоно.
Н.ГАНАА