Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх “Нүдээ нээ” жагсаал боллоо

“Лантуун Дохио”, “Өгөх Өдөр Хөдөлгөөн” ТББ-ууд хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх “Нүдээ нээ” жагсаалыг энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалд оролцогчид “Бид хэзээ хүртэл зул өргөсөөр байх вэ?” , “Эрчүүд ээ, хүүхэд эмэгтэйчүүд ээ хайрлацгаая” , “Бэлгийн боловсрол, хүүхдийн хүмүүжилд анхаарцгаая” , “Цоожтой хаалганы хүүхдийг сулла” , “Таван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна” , “Охид эмэгтэйчүүд амиа алдсаар!” , “Сэтгэл санааны хохирол бол насан туршийн эдгэршгүй шарх юм” , “Хүчирхийлэл чимээгүй тахал!” , “Эрчүүд ээ, хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” , “Хууль журманд өөрчлөлт оруулж бодит үр дүн гаргахын төлөө тэмцэцгээе!” зэрэг уриа лоозон барьсан байв. Энэ үеэр УИХ, УИХ-ын гишүүдэд шаардлага тавьсан юм. Бодит байдал дээр хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн орчинд болон сургууль, асран хүмүүжүүлэх газар, сургуулийн дотуур байр, гудамж талбайд бие махбод, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол гарсаар байна. Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөөд буй. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо. Үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэж байна. Энэхүү хүүхдийн эрхийн хүчирхийллээс сэргийлэх, таслан зогсооход дан ганц хүүхдийн эрхийг хамгаалах хууль батлахаас гадна дараахь арга хэмжээг авах шаардлагатай байна. Ингэж үзэн уг шаардлагыг холбогдох байгууллагуудад нь хүргүүлнэ гэсэн юм. Монгол Улсын Их Хурал,Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдэд “Насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зөвшөөрөлгүй зочид буудлын үйл ажиллагааг цуцалъя. Ийм арга хэмжээ авдаг эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй байна” гэв. Засгийн газар, Засгийн газрын гишүүдэд Хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчтой ажиллах тусгай хүчний хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах хэрэгтэй. Мөн эцэг эх, насанд хүрэгчдэд зориулсан гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх шаардлагатайг санууллаа. Эдгээрийг Монголын ард түмэн шаардаж байна гэв. Энэ бол “Нүдээ нээ” хөдөлгөөний албан ёсны шаардлага ажээ.

“Эрчүүд гэр бүл хөгжлийн нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэцогт хэлэхдээ “Өнөөдөр “Нүдээ нээ” жагсаалд хүрэлцэн ирсэн хүүхэд, залуучууд та бүхнийг “Зоригтон” гэж нэрлэмээр байна. Энэ хүйтэнд өөрсдийнхөө эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх гээд ирсэн бүхий л хүүхдүүдэд “Баярлалаа” гэж хэлье. Үнэхээр гэр бүлийн болон хүүхэдтэй холбоотой хүчирхийлэл ихсэх болжээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэцгээе. Нийт эрчүүдийг нэгдэхийг уриалж байна. Та өнөөдөр ямар ч албан тушаалтай, хэн ч байж болно. Та хүүхдүүдийн аав, өвөө, ах юм шүү дээ. Эрхэм Ерөнхийлөгч өө, Их хурлын дарга аа, Ерөнхий сайд аа, УИХ-ын гишүүд ээ та бүхэн их хурлын танхимд орчихоод бие биенийгээ янз бүрээр хэлж, хэрэлдэж, ярилцах шаардлага байхгүй ээ. Ард түмнийхээ төлөө дуу хоолойгоо нэгтгээч ээ. Өөрсдийнхөө гаргаж баталсан Гэр бүлийн тухай хууль, дүрмүүдээ нягтлан харж, зөв алхам хийгээч ээ. Өнөөдөр залуучууд, мянга мянган хүүхдүүд өвлийн хүйтнийг ажрахгүй эрхийнхээ төлөө зогсож, жагсаж байна. Та бүхэн анхаарлаа хандуулж, зүрх сэтгэлээ нээж, нүдээ нээх хэрэгтэйг уриалъя. Эрчүүд хүчирхийллийг зогсоож чадна аа” гэлээ.

“Уухайн түрлэг” ТББ-ынхан “Бидэнд хүүхдээ хайрлах мэдрэмж дутагдаж байна. Зарим эрчүүд хүчирхийлэл үйлдэж байна. Үүнд маш их харамсч байна. “Уухайн түрлэг”-ийн залуус үүний эсрэг тэмцэж буй. “Лантуун дохио” ТББ-тай байнга хамтарч, зөв замд нь орох хүртэл нь тэмцэх болно. Эр хүн ямар байх ёстой вэ гэдгийг залуучууд эрчүүдэд мэдрүүлэх болно. Дакистаны бүх эрчүүдийн 95 хувь нь бүгд спортоор хичээллэдэг. Ганц нь ч архи уудаггүй юм. Учир нь лалын шашинтай. Тэнд энд болж байгаа шиг хүүхдийн хүчирхийлэл огт явагддаггүй, бүр сонсогддог ч үгүй. Тэгэхэд монгол эрчүүдийн 95 хувь нь архи уудаг болчихож. Спортоор ч хичээллэдэггүй. Үнэхээр харамсч байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Бусдаасаа үлгэр жишээ авах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Жагсаалд Налайх дүүргээс олон аав, ээжүүдийн төлөөлөл иржээ. Налайх дүүргийн III хорооны засаг дарга 320 гаруй хүмүүсийн гарын үсэг цуглуулсан гэнэ. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Манай улсад хамгийн том хүүхдийн хамгааллын байр 16 хүүхэд хүлээн авах боломжтой. Энэ хангалтгүй байна. Тэгэхээр манайхан хөшөө баръя гэхээр тэрбум гаруй төгрөг гаргаад л ирдэг. Барьчихсан л байдаг. Харин Хүүхдийн хамгааллын төв баръя гэхээр арван сая төгрөг ч төсөвлөж чадахгүй байна. Ийм нөхцөл байдалтай байх юм. Хүчирхийллийн эсрэг жагсаал эхэлснээс хойш гурван сайдын тушаал байхгүй боллоо. Тиймээс тэмцлийг цаашид эрчимтэй явуулна. Хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө зүгээр сууж болохгүй. Эцсээ хүртэл тэмцэх хэрэгтэй” хэмээв.

Жагсаалын үеэр Хүчирхийллийн аймшигт хэргүүдийн талаар дурдаж байлаа. Тухайлбал, таван нас арван сартай хүүхдээ төрсөн эцэг нь машиндаа хийж байгаад шатаасан аймшигт хэрэг Булган аймагт гарсан байдаг. Хоёр охины толгойг тасалсан жигшүүрт хэрэг ч гарсан. 2017 онд 13 настай охин гаж донтой этгээдүүдийн хүслийг хангаж золиос болж зочид буудлын өрөөнд амиа алдсан. Уг хэрэг үйлдэгдсэн “Очир төв” хэмээх зочид буудал одоо ч үйл ажиллагаагаа явуулж буй. Таван настай охин шүүх эмнэлэгт үзүүлэхээр очиход арван мянган төгрөг нэхсэн. Түүгээр ч барахгүй энэ үйл явдал болоод 27 хоног өнгөрөхөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлтийг гаргаагүй л байна гэдгийг хэллээ.

“Лантуун Дохио”, “Өгөх Өдөр Хөдөлгөөн” ТББ хамтран санаачилж нийгмийг хүчирхийлж буй бусармаг гэмт хэрэг, түүний гарах нөхцлийг нь бүрдүүлээд байгаа дүрэм журам зэргийг өөрчлөхийн тулд “Нүдээ нээ” Үндэсний Хөдөлгөөнийг эхлүүлээд хоёр долоо хоног өнгөрчээ.

Энэ хугацаанд 32 мянга гаруй хүнийг нийгмийн сүлжээнд нэгтгэсэн байна. Мөн таван аймгийн иргэд, гадаадад амьдарч байгаа монголчуудыг уг хөдөлгөөнд нэгтгээд байгаа гэв.

“Нүдээ Нээ” үндэсний хөдөлгөөнд нэгдсэнээр хувь хүн бүр өөрийн иргэний үүргээ ухамсарлан хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрөлгүй шаардлагатай тохиолдолд 102, 107, 108 дугаарууд руу мэдээллэж байх ёстой. Өөрийн үр хүүхдүүддээ цаг гаргаж тэднийг ямар нэг эрсдэлд орохоос нь өмнө хамгаалж байхаа амлаад байгаа аж.

Хувь хүмүүсээс гадна Улаанбаатар хотод 50 гаруй аж ахуйн нэгж Нүдээ нээж буйгаа илтгэсэн байна. Ингэхдээ тус хөдөлгөөний стикерийг үүдэндээ нааж хүчирхийлэгч нарын эсрэг хүүхдэд ээлтэй байгууллага болохоо амлаад байгаа гэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *