Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-ууд өнөөдөр тодорлоо.
Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвхи санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор НЗДТГ, МҮЭХ, Монголы ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг байна. Энэ жил төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, батлан хамгаалах, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбарын 28 албан хаагчийг “Нийслэлийн хөдөлмөрийн аварга” тодруулсныг Хотын дарга С.Батболд шагнал гардуулах үеэр онцлов. Мөн тэрбээр “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-уудад амжилт хүсээд өөрсдийн хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцаж, нийслэлийн хөгжилд оруулж буй хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлэхийг хүслээ.
Энэ оны “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-аар НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэс мэргэжилтэн Ж.Эрдэнчимэг, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга С.Буянжаргал, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа, Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Амартүвшин, Замын цагдаагийн албаны Хөдөлгөөн зохицуулах хэлтсийн теле камерын хяналт хариуцсан зохицуулагч, ахмад Л.Отгонбаяр нар тодорсон байна. Мөн “ЗМЗ” компанийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер Т.Батцэцэг, 86 дугаар цэцэрлэгийн багш П.Болортуяа, 28 дугаар сургуулийн нийгмийн ажилтан М.Түвшинжаргал, 126 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Х.Мэндбаяр, 209 дүгээр ус түгээх байрны ус түгээгч Б.Чанцалдулам нарын 28 иргэн хөдөлмөр, бүтээлээрээ бусдыгаа манлайлав.
2017 онд хийсэн ажлыг нь өндрөөр үнэлж, цаашдаа улам бүр эрч хүчтэй ажиллах урам зориг өгч, шагнал гардуулсанд Хотын удирдлага болон холбогдох албаныханд талархаж буйгаа “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-ууд илэрхийлээ. Мөн итгэлийг зүтгэлээр хариулж, Улаанбаатар хотын хөгжлийн төлөө улам бүр хичээнгүйлэн ажиллахаа дурьдаж байв.
1.3 сая хүн амтай нийслэл хотыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд хувь хүн, байгууллага, салбар хоорондын нягт хамтын ажиллагаа туйлын чухал гэдгийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Ганбаатар дурьдлаа. Тэрбээр, “Улаанбаатар хэмээх томоохон өрхийн ажил, амьдралыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөдөлмөрч түмнийг алдаршуулах арга хэмжээг бид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Ингэснээр хөдөлмөрийн аваргууд салбар хоорондын уялдаа холбоог хангах, бусдыгаа түүчээлэх зэргээр нийслэлийн хөгжилд ихээхэн түлхэц үзүүлэх юм” гэв.