Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь нүүр номоороо дамжуулан олон нийтэд хүчирхийлэлд өртсөн талаараа ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Улс төрчид болон томоохон нэр бүхий компанийн захирлуудын хүүхдүүд уух зүйлд нь мансууруулах төрлийн бодис хольж өгсөн зэрэг олон анхаарал татсан мэдээлж хэлсэн билээ. Дээрх үйл явдалтай холбоотойгоор олноо “Цэнхэр үст” хэмээн алдаршсан иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудастаа гэмт хэрэгт холбогдсон гэх залуусын зургийг олон нийтэд дэлгэн тавьсан. Үүнээс үүдэлтэйгээр асуудал үүсээд байгаа билээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Г.Номуундарь охины хийсэн ноцтой мэдэгдэлтэй холбоотойгоор та хэрэгт холбоотой байж болзошгүй залуусын зургийг нүүр хуудастаа тавьсан. Үүнээс болж нэлээд асуудал үүсээд байх шиг байна. Та ямар тайлбар өгөх вэ?
-Энэ сарын 15-нд цахим ертөнцөд Г.Номуундарь охины олон нийтэд хүргэсэн бичлэг цацагдаж эхэлсэн. Насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг болон хар тамхины онц ноцтой хэргийн талаар зоригтой мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор Г.Номуундарь охиныг хууль хяналтын байгууллага хамгаалалтад авах ёстой гэх саналыг өөрийнхөө нүүр номоор дамжуулан олон нийтэд түгээж уриалж эхэлсэн. Мөн охинтой болон ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоох оролдлого хийж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хэргийн талаарх бодит мэдээллийг олон нийтэд үнэн зөвөөр нь хүргэхийг зорьсон юм. Охины ээж, аав руу нь холбогдсон боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Энэ сарын 17-нд охины нэрийг нь хэлсэн залуустай холбоотой зураг надад дөрвөн ч хүн өгсөн. Мөн эхнээсээ фэйсбүүкээр цацагдаад эхэлчихсэн байсан. Үүнийг би нүүр номондоо тавьчихсан. Г.Номуундарь охины нэрлэсэн таван залуугийн зургийг тавиад удаагүй байхад маш олон хүн над руу хандсан. Охины аав Д.Ганхуяг гуай болон охин нь холбогдсон. Охинтой видео дүрсээр холбогдож хэсэг хугацаанд ярилцсан. Надтай холбогдож ярихдаа Г.Анархүү нь энэ хэрэгт холбоогүй юм аа, эгчээ. Хүчингийн хэрэгт холбоогүй. Г.Анархүү нь манай ахын найз. Ах маань дургүйцээд байна гэж хэлсэн. Эдгээр яриаг би сошиал ертөнцөд дэвэргэж огт бичихгүй байгаа. Яагаад гэхээр охиныг буруутгасан асуудал гараад байсан. Д.Ганхуяг гуай надтай холбогдож ярихдаа “Наад залуус дунд миний сайн таньдаг хүүхэд байна. Аавтай нь эртнээс хамтарч ажиллаж ирсэн юм. Над руу ярьсан гэж хэлсэн. Энэ зургийг та эргүүлээд авах боломж байна уу” гэж асуусан. Би энэ зургийг дөрвөн хүнээс авсан. Жиргээгээр маш олон хүн намайг тавихаас өмнө тавьчихсан байсан. Хүмүүсийн дунд хүчтэй явсан нь миний пост. Өөрөөр хэлбэл, би түрүүлж дэлгээгүй өөр хүмүүс аль хэдийнэ дэлгэчихсэн байсан зураг.
-Таныг огт үндэслэлгүйгээр бусдын нэр төрд халдаж байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ?
-Зарим нэг хүн намайг ямар ч үндэслэлгүйгээр бусдын нэр төрд халдаж байна гэж яриад бичээд байгаа. Тэгвэл Г.Анархүү гэдэг залуугийн нэр Г.Номуундарь охины хийсэн мэдэгдэлд хоёроос гурван удаа дурдагдсан. Мөн нэр нь содон, залуус дунд нэр алдар нь нэлээд түгсэн залуу юм байна лээ. Г.Анархүү гэж ийм залуу байдаг юм гээд олон хүн миний хаяг руу зургийг нь явуулсан. Мөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой гэдгийг хэлж, уулзах юм бол амь насанд чинь аюул учирна гэж хүртэл анхааруулсан. Болгоомжтой байгаарай гэж ч хэлсэн. Өөрөөр хэлбэл, би энэ сарын 17-нд Г.Номуундарь охин, Д.Ганхуяг, Г.Анархүү нартай холбогдож ярьсан. Хэдийгээр надаас постоо авчих гэж гуйсан ч гэсэн фэйсбүүк хэрэглэж идэвхитэй жиргээ хийж байгаагийн хувьд постоо устгахгүй. Харин залруулга хийж болно гэдгээ албан ёсоор хэлсэн. Г.Анархүүтэй холбогдож залруулга мэдээлэл хийхээр ярилцаж байх зуур зурган дээр байгаа гурван ч залуу надтай холбогдсон. Тэдэнд би ганцхан болзол тавьсан. Та бүхэн надтай холбогдож залруулга хий гэж хэлсэн. Г.Анархүү зөвшөөрсөн. Болж өнгөрсөн асуудлыг эргэн сануулахад Г.Номуундарь охин арваннэгдүгээр сарын 30-нд нэг мэдэгдэл хийгээд таг чимээгүй болчихсон. Энэ хугацаанд хүмүүс өөр өөрсдийнхөө үзэл бодлыг тусгаж, нэр дурдагдсан залуусын зургийг тавьж эхэлсэн шүү дээ. Ер нь бол Г.Номуундарь охин нэр хэлсэн. Нэр дурдагдсан хүмүүсийг иргэн хүн хардаж үзэл бодлоо илэрхийлэх нь буруу зүйл биш. Надад нэрээ нууцалсан болоод ил гарч ирээд маш олон хүн мэдээлэл өгдөг. Бид тэдгээр хүмүүсийн нэрийг огт зарлаж байгаагүй. Нийгэмд болж байгаа ноцтой зүйлсийг олон нийтэд хүргэж шүгэл үлээх нь буруу биш. Гэхдээ би мөрдөгч биш шүү дээ. Би иргэн хүн. Надад ирж байгаа мэдээллийг харж байгаад л тавих нэгийг нь тавьж байна. Олон хүн миний гараар могой бариулж, өөрийнхөө гаргахыг хүссэн мэдээллийг надаар дамжуулахыг хүсдэг. Үүнийг би мэддэг. Гэхдээ өөрт олдсон мэдээллээ тавих нь юу нь буруу гэж. Би хэргийн үнэн зөвийг олдог хууль хяналтын байгууллагад ажилладаггүй, иргэн хүн. Яагаад хууль хяналтын байгууллагыг шахаж шаардаж чадахгүй мөртлөө жирийн иргэн рүү дайрах ёстой гэж.
-Таныг бусдаас мөнгө авч фэйсбүүктээ мэдэгдэл хийдэг гэх мэдээлэл гардаг. Өнгөрсөн жил нэг хүн 50 сая төгрөг шилжүүлсэн баримт хүртэл үзүүлж байсан. Г.Анархүүгээс мөнгө аваад залруулга мэдээлэл хийлээ гэх хүмүүс ч байна?
-Намайг хэн нэгнээс мөнгө авсан гэх баримтыг өнөөдөр хэн гаргаад ирсэн юм. Нэг ч баримт байхгүй. Монголд над шиг хэн нэгэн улстөрчийн халаасанд ороогүй хүн байхгүй. Намайг доромжилж үзэн ядах нь яах вэ. Цаана чинь хар тамхины асуудал яригдаж байна. Өмнө нь оюун ухааныг боолчлох асуудал яригдаж байсан. Тэгвэл одоо оюун ухаан биеийг боолчлох хар тамхи, хүчирхийллийн асуудал яригдаж байна шүү дээ. Цэрэнгийн асуудал биш. Энэ нийгмийн хамгийн хүнд хэцүү асуудал болчихлоо. Хичнээн хүн ийм хэргийн золиос болсон бэ гэх тоо гаргаад суухын оронд шал өөр зүйл рүү анхаарлаа битгий хандуул гэж хэлмээр байна. Үүсч байгаа зүйлийг агуулгаар нь хар л даа. Үнэхээр аймаар асуудал шүү дээ.
Э.БААТАР